Хятадын шинэчлэн сайжруулсан, хүнтэй шумбагч “Жяолун” төхөөрөмж Филиппиний тэнгисийн хотгорт 7000 метрээс дээш гүнд туршилтын шумбалт хийж, амжилттай буцаж иржээ. Энэ талаар тус улсын “Гүний тэнгис–1” судалгааны хөлгөөс аравдугаар сарын 27-нд мэдээлсэн байна.
Уг туршилтыг Хятадын далай судлалын 100 дахь экспедицийн хоёрдугаар үе шатны хүрээнд зохион байгуулжээ. “Жяолун” төхөөрөмж нийт гурван удаа туршилтын шумбалт хийснээс хоёр удаад нь 7000 метрээс дээш гүнд хүрч, хамгийн гүндээ 7056.9 метр шумбасан байна.
Туршилтын бүх үзүүлэлт шаардлага хангаснаар Хятадын шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн тэргүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Жяолун” төхөөрөмжийн үндсэн ажиллагааны чадавхыг сайжруулж, шинжлэх ухааны судалгаанд ашиглах төслийн 7000 метрийн гүний туршилт амжилттай дуусжээ.
Хятадын Далайн гүний үндэсний баазын удирдлагын төвийн судлаач Сүнь Юнфүгийн хэлснээр, энэхүү туршилт нь “Жяолун” төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, үндсэн эд ангиудыг нь дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр сольсны дараах найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг баталгаажуулсан чухал үр дүн болжээ.
Тэрбээр “Энэ удаагийн туршилт нь шинэчлэн сайжруулсан ‘Жяолун’ төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг баталж, Хятадын хүнтэй гүний шумбалтын технологийн чадавхыг улам бэхжүүллээ” хэмээн онцолсон байна.
Г.Бямба
Лхагва - 10 сарын 28,
2026
Сэтгэгдэл0