sonin.mn

Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэрээр: " Сэтгүүлч А.Шинэбаярыг хуулийн байгууллагад өгч байна. Дэнс сайтын эрхлэгч буюу сэтгүүлч А.Шинэбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиг үүрэг бүхий намайг 4-5 асуудлаар тохироо хийх, нэг ёсны шантааж хийх асуудлыг тавьсан.


Нэгдүгээрт, хөдөлмөрийн баатар цолыг нэр бүхий хүнд гаргуулж өгөх. Хоёрдугаарт, редакц байгуулах, тоног төхөөрөмж худалдаж авах, оффис түрээслэх, машин, унаа тэргээ сайжруулах зэрэгт их хэмжээний гэж хэлж болох мөнгө өгөхийг шаардсан.


Гуравдугаарт, төрийн айлчлал буюу Ерөнхийлөгчийн айлчлалд авч явахыг мөн шаардсан. Дөрөвдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзуулж өгөхийг шаардсан.


Эдгээр шаардлагыг миний бие хүлээн авах боломжгүй.


Гэтэл дээрх хүн төрийн шийдвэр гаргахад нөлөөлөхийг оролдож, татвар төлөгчидийн мөнгөнөөс цалинжиж ажилладаг хүмүүсээс их хэмжээний мөнгө нэхэн, төрийн дээд одон медалийг ч шантааж хэлбэрээр нэхсэн. Хэрвээ эдгээрийг гүйцэлдүүлэхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараана гэсэн. Энэ бол хууль бус, ёс зүйгүй үйлдэл тул энэ байдалд бид цэг тавих ёстой. Та бүхэн ч гэсэн сошиал дахь постыг харсан байх. Үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй." гэв.


У.Ану