УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулж, улс төрийн нөхцөл байдал, МАН-ын дотоод зөрчил, улсын төсөв болон өөртэй нь холбоотойгоор яригдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монголд ямар нэгэн дэглэм тогтсон эсэх талаар ярих сонирхол алга. Энэ бол Х.Нямбаатарын өөрийн байр суурь бөгөөд тэрбээр үүнийгээ албан ёсны цахим хуудсаараа илэрхийлж байна.
Монголын улс төрд эв нэгдлийг хангаж, харилцан ойлголцлыг бий болгох нь чухал. Улс төрийн намууд, улстөрчид зөвшилцөж, хамтран ажиллаж чаддаг байх ёстой. Харин үзэл бодол, байр суурийн зөрүүгээс болж хоорондоо дайсагнаж, нэгнээ дарахын тулд хүч хэрэглэх нь ардчилсан парламентын тогтолцоонд аюул учруулж, эдийн засаг болон хүний эрх, эрх чөлөө хумигдах эрсдэлийг бий болгоно. Иймээс энэ асуудалд нэг, хоёр хүний хоорондын маргаан гэхээсээ илүүтэй нийгмийн чухал асуудал гэсэн өнцгөөс хандах нь зөв.
Өнөөдөр иргэдийн өмнө үнийн өсөлт, шатахууны хомсдол, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын тэгш хүртээмж, нийгэмд шударга ёсыг тогтоох зэрэг олон асуудал тулгамдаж байна. Төр, засаг эдгээр асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой.
Харамсалтай нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн зөрчил, тэмцэл, үл ойлголцол байх ёстой хэм хэмжээнээс хэтэрсэн. Үүний улмаас төрийн үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлэмж суларч, төрд итгэх итгэл асар их буурсан. Үүнийг бүх түвшинд ойлгож, анхаарч ажиллах шаардлагатай” гэв.
Мөн тэрбээр Ерөнхий сайд асан Г.Занданшатарын үйл ажиллагааг шүүмжилж, МАН-ын дотоод хагаралд түүнийг оролцоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Д.Амарбаясгалан “Хэн нэгэн хүнийг гүтгэсэн бол нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандах ёстой. Гэтэл Г.Занданшатар яагаад Авлигатай тэмцэх газарт хандаж байна вэ. Энэ бол цэвэр улс төрийн асуудал.
Өндөр зохион байгуулалттайгаар МАН-аас таван гишүүнийг хөөх асуудлыг хөндөж, АТГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь улс төрийн халуун тогооноос гарсан хэрнээ намынхаа гишүүдтэй зууралдаж, олны анхаарлын төвд байх гэсэн сонирхлыг нь илтгэж байна.
МАН бол олон удаагийн сонгуулийн ялалтаа нийт гишүүдийнхээ хүч хөдөлмөр, нуруун дээр үүрсэн ачааны үр дүнд байгуулж ирсэн нам. Хэн нэгэн хүн мундаг байснаараа сонгуульд ялалт байгуулдаггүй.
Харамсалтай нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН-ыг дотроос нь хагаралдуулах ажилд Ерөнхий сайд асан Г.Занданшатар өндөр оролцоотойгоор идэвхтэй оролцож байна. Гадаад, дотоодын зөвлөхүүдийн үгийг сонсож, ийм үйл ажиллагаа явуулах нь эцэстээ өөрийн ухсан нүхэнд унахтай адил зүйл болно. Улс төрийн хов живийг бага ярьдаг болмоор байна” хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ерөнхий сайд Н.Учрал анхны улсын төсвөө өргөн мэдүүлж байна. Гэвч энэ цаг үед үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ихээхэн дарамт болж байгаа учраас төсвийн бодлогод онцгой анхаарах шаардлагатай.
Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй олон санал гарсан ч байнгын хорооны хуралдаанаар ихэнх нь дэмжигдээгүй юм билээ.
Өмнө нь улсын төсвийн алдагдалтай холбоотой асуудал улс төрийн томоохон маргаан болж, багагүй шүүмжлэл дагуулж байсан. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байна. Тиймээс Засгийн газар эдгээр асуудалд анхаарч, бодитой арга хэмжээ авч ажиллах ёстой” гэв.
Мөн Бортээгийн орд болон нүүрсний хэрэгтэй өөрийг нь холбон ярьж буй асуудалд тайлбар өглөө.
Д.Амарбаясгалан “Бортээгийн орд Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй ямар ч холбоогүй гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Тус ордыг надтай холбоогүйг шүүхийн шийдвэрээр нотолсон.
Нүүрсний хэрэгтэй холбогдуулан намайг болон надтай холбоо хамаарал бүхий хүмүүсийг улс төрийн зорилгоор дарж авах хэрэгсэл болгосон. Бортээгийн орд бол миний орд биш, Монголын ард түмний баялаг. Стратегийн ач холбогдол бүхий ордыг хэн нэгэнд хувьчлах ямар ч боломжгүй.
Би хуулийн байгууллагаас дуудсан цагт нь очиж, шаардлагатай мэдүүлгээ өгч байгаа” хэмээн мэдэгдлээ.
Н.Отгончимэг
Пүрэв - 10 сарын 29,
2026
Сэтгэгдэл4
“Завхайн заамлаар” намын удирд лагад шургалсныгаа заяа тавилан гаараа болсон мэт эндүүрсэн, хөх харчуулын л нэг дээ, хөөрхий…
"Гадаад, дотоодын зөвлөхүүдийн үгийг сонсож" гэж хэнийг хэлнэ вэ??? Оросууд л биз дээ??
манай улстөрчид гэж нэг л их нүх ухсан хүмүүс ... :)) ... зарим нь хүн унагах гэж бэлдсэн нүхэндээ өөрөө уначихдаг юм шиг байна, энэ Амарбаясгалангийн хэлж байгаагаар бол ...
Чи ч өөрөө их гүн нүх ухсан хүндээ тэрэндээ уначихаад гарах гэж ядаж байгаа хүндээ