БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Фү Цүн аравдугаар сарын 26-нд болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүүхэд, зэвсэгт мөргөлдөөний асуудлаарх нээлттэй хуралдааны үеэр хүүхдүүдийг хамгаалахын тулд зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалжээ.
Тэрбээр хүүхдүүдийг хамгаалах хамгийн шууд бөгөөд үр дүнтэй арга бол дайн, хүчирхийллийг аль болох хурдан зогсоох явдал гэдгийг онцолсон байна.
Мөн мөргөлдөөнд оролцогч бүх тал НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг чанд сахиж, дайсагнасан үйл ажиллагаагаа зогсоон, олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Түүнчлэн хүүхдүүд болон бусад энгийн иргэд, сургууль зэрэг иргэний зориулалттай байгууламжийг халдлагын бай болгохгүй байхыг уриалсан байна.
Фү Цүн Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр болон Гаити зэрэг бүс нутагт хүүхдүүд зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас ноцтой аюул заналхийлэлд өртсөөр байгааг дурджээ. Үүний улмаас олон үеийн хүүхэд тайван, аюулгүй орчинд өсөж торних боломжоо алдаж байгааг онцолсон байна.
Тэрбээр Хятад улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхэд, зэвсэгт мөргөлдөөний асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжиж, хүүхдийн эрхийн зөрчлийг хянах, мэдээлэх тогтолцоог улам боловсронгуй болгохыг чухалчилж байгааг илэрхийлжээ.
Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Хүүхэд, зэвсэгт мөргөлдөөний асуудлаарх ажлын хэсэг холбогдох улс орнуудын тайланг цаг тухайд нь хэлэлцэж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ноцтой зөрчлийг таслан зогсоох бодитой, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.
Г.Бямба
Лхагва - 10 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
1.4 тэрбум хүнтэй Хятад Энэтхэг улсууд галт зэвсгийг худалдаалах, эзэмших, тээвэрлэхийг маш хатуу хязгаарлаж байхад 3.5 сая хүн амтай Америк галт зэвсгийг худалдаалах, эзэмших, тээвэрлэх нь чөлөөтэй байгаа нь АНУ галт зэвсгийн хуулийг маш их зөрчиж байна.