Хүн бүрд байгалиас заяасан төрөлх авьяас, бусдаас ялгарах өвөрмөц онцлог гэж бий. Авьяасгүй хүн гэж үгүй бөгөөд гагцхүү тэрхүү чадвараа олж илрүүлэн, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр өнгөлж чадвал бусдаас ялгарна. Энэ жишгээр өөрсдийн чадварыг тасралтгүй хөгжүүлж буй “Говийн усчид” клубийн ах дүү тамирчид Э.Энхтөгс, Э.Энх-Учрал нарыг “Зууны мэдээ” энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.
“Дүү маань улам сайжирч, амжилт гаргахаар би их баярладаг”
Усанд сэлэлтийн спортоор хичээллэж, хамтдаа олимпын аварга болох мөрөөдөлтэй тэдний ахыг Э.Энхтөгс, дүүг нь Э.Энх-Учрал гэнэ. Э.Энхтөгс усан сэлэлтийн спортоор хичээллээд таван жил болж байгаа бөгөөд дүү нь ахаасаа үлгэрлэн энэ спортод хөл тавьжээ.
Энэ тухай ах нь “Гэр бүлийнхэн маань биднийг үргэлж дэмждэг. Ингэхдээ эмээ маань дотоод, гадаадын бүхий л тэмцээнд бидэнтэй хамт явдаг. Дүү маань улам сайжирч байгаа. Түүнийг амжилт гаргахаар би их баярладаг” гэсэн юм.
Тэдний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан AOSI 2026 тэмцээнд амжилттай оролцож, нийтдээ 15 медаль хүртсэн юм. Түүнчлэн энэ сард зохион байгуулагдсан “D.Bayaraa cup-2026” усанд сэлэлтийн тэмцээнээс ах нь найман алт, дүү нь долоон алтан медаль хүртжээ. Харин дүү Э.Энх-Учрал нь “Усанд сэлэхийн өмнө зүрх хурдан цохилоод байдаг. Том болоод багш болох гэж байсан чинь ах маань “Эмч болох уу” гэж асуусан. Би зөвшөөрсөн болохоор эмч болно” гэв.
“Хүү, охин хоёроо ирээдүйд ямар оргилд хүрнэ тэр хүртэл нь дэмжинэ”
Дүү Э.Энх-Учрал нь нэгдүгээр ангиасаа усан сэлэлтээр хичээллэж байна. Энэ тухай эмээ Д.Наранцэцэг нь “Охин маань долоон настайдаа анх улсын аварга шалгаруулах тэмцээнд орж мөнгөн медаль аваад түүнээсээ их урамшсан.
Ахтайгаа хамт нас насныхаа ангилалд шилдэг тамирчин болов. Ийнхүү хамтад нь тууштай хичээллүүлж Азийн 21 орны 1168 тамирчин өрсөлдсөн AOSI 2026 тэмцээнд хамтад нь оролцуулсан. Анх очоод “Ямар том бассейн бэ” гэхээр нь дунд нь зогсож болохгүй замаа дуусгадаг юм шүү гэж захисан.
Ийнхүү хүүхдүүд маань сайхан амжилт гаргаад цагаа ахиулаад ирсэн. Хүү, охин хоёроо ирээдүйд ямар оргилд хүрнэ тэр хүртэл нь дэмжинэ” гэхийг сонсох бахархалтай сайхан. Өдгөө тэд Монголынхоо өсвөрийн тамирчдын рекордыг эвдэж, оролцсон тэмцээн бүрдээ амжилт үзүүлж байна. Төрсөн ах дүүс тул байгалийн өгөгдөл, авьяас нь адилхан. Иймд хамтдаа амжилт гаргах боломжтой гэж багш нь онцолж байсан юм.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 10 сарын 30,
2026
Сэтгэгдэл0