Монгол түмний аманд аялагдаж, сэтгэлд хоногшсон, баяр, гунигтай амьдралын бүхий л цаг үед хань болдог тийм уран бүтээлийн эзэд бол Төрийн соёрхолт, Монголын рок хөгжмийн "Хурд" хамтлагийнхан. Тэгвэл энэ удаа “Хурд”-ын дуунууд тайзнаа шинэ өнгө төрхөөр эгшиглэж, үзэгчдэд өөр мэдрэмж төрүүлэх нь. “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойгоо угтан Монголд анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний “Норсон зүрх” мюзиклийг үзэгчдэд хүргэх гэж байна. Монголын театрын урлагийн шинэ түүхийг бүтээх, цоо шинэ мэдрэмжийг өгөх “Норсон зүрх” мюзикл 12 хоногийн эгшиглэх нь. Уг төслийн ерөнхий продюсер, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярыг “Зууны мэдээ” сонины “Трэнд зочин” булангийн зочноор урьж, ярилцлаа.
-Та “Бүсгүй” киноныхоо нээлтийн үеэр удахгүй мюзиклээр үзэгчидтэйгээ уулзана гэж хэлж байсан. Одоо “Хурд”-ын дуунууд тайзнаа шинэ өнгө төрх, мэдрэмжээр амилж, “Норсон зүрх” мюзикл үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ бүтээлийг хийх санаа анх хэрхэн төрсөн бэ?
-Ер нь монголчуудын амьдрал тэр чигээрээ мюзикл юм шиг санагддаг. Хүмүүсийн амьдрал гээд эргэн тойронд болж байгаа бүхэн өөрөө мюзикл. Үүнийг театрын тайзнаа амилуулах юм сан гэсэн бодол надад олон жилийн өмнөөс төрсөн.
18-19 жилийн өмнө Лондонд мюзикл үзээд өөр мэдрэмж төрсөн. Тайзан дээр өрнөж байгаа түүхийг үзэхэд яг манай хамтлагийн тухай өгүүлж байгаа юм санагдаж байлаа. Хөгжим, бүжиг, жүжиг гурвын нэгдэл ийм гоё урлагийн нэг төрлийг яагаад Монголдоо хөгжүүлж болохгүй гэж бодсон юм.
Тэр үед нэг найз маань ч “Монголд мюзикл хөгжвөл их сайхан” гэж хэлж байлаа. Түүнээс хойш энэ бодол сэтгэлд минь байсаар, далд ухамсарт минь явсаар ирсэн. Мюзикл гэдэг маш том ертөнц учраас тухайн үед бол аль ч талаас нь бодсон чадахааргүй байсан л даа. Харин “Бүсгүй” уран сайхны киноны зохиолоо бичиж эхлэх үед мюзикл хийх мэдрэмж дахин төрсөн. Тэгээд томоохон хамтлаг, дуучдын бүтээсэн мюзиклүүдийг судалж үзээд “Ер нь бид ч бас хийж болох юм байна” гэж бодсон. “Бүсгүй” киноныхоо нээлтийн үеэр ч мюзикл хийнэ гэж амлаж байлаа. Хэлсэндээ хүрэх нь эр хүний ам тангараг шүү дээ. Харин одоо тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бид ажиллаж байна.
Гэхдээ мюзикл хийнэ гэдэг амар ажил биш юм билээ. Жүжиг дангаар нь тавих нэг хэрэг, бүжиг, дууны концерт хийх бас өөр. Харин энэ бүхнийг нэгтгэж, цогц бүтээл болгоно гэдэг асар том ажил. Заримдаа “Ямар айхтар ажил руу орчхов оо” гэж бодогдох үе ч гарч л байна. Гэхдээ бид одоогоор ажлынхаа 80 хувьд хүрсэн.
Лондонд “Майкл Жексоны амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “MJ the Musical””ийг мюзикл”-ийн найруулагч Монголд хүрэлцэн ирж, залуу уран бүтээлчидтэй маань 14 хоног ажиллаад буцсан. Мөн арван нэгдүгээр сарын дундуур Лондоноос гэрлийн инженер, найруулагч, уран сайхны удирдаач зэрэг мэргэжилтэн ирж, тайзны гэрэлтүүлэг болон төгсгөлийн найруулга, тавилтууд дээр ажиллаад нээлтээ хийнэ. Монголчууд мюзикл бүтээх чиглэлээр одоогоор хангалттай туршлагажаагүй байна. Гэхдээ энэ урлагийн онцлогийг нэг мэдэрч чадвал монголчууд дэлхийн үзэгчдэд хүрэх мюзикл бүтээж чадна. Нутагшуулах л хэрэгтэй.

-“Норсон зүрх” мюзикл Монголын үзэгчдэд шинэ мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ соёл, урлагийн хөгжилд ямар хувь нэмэр оруулна гэж бодож байна вэ. Цаашлаад Монголын мюзиклийн урлагийг хөгжүүлэх, олон улсын тайзнаа гаргах боломжийг хэрхэн харж байна вэ?
-Монголд дэлхийн стандартад нийцсэн мюзикл тавигдаж байгаа нь соёл урлагийн түүхэнд чухал үйл явдал юм. Түүнчлэн энэ нь хүний хөгжил, тэр дундаа хүүхэд, багачууд, залуучуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.
Гадаадын мюзиклийг Монголд тоглох, Монголын уран бүтээлчид өөрсдийн түүх, дуу хөгжмөөр мюзикл бүтээх хоёр өөр зүйл. “Норсон зүрх” бол “Хурд” хамтлагийн түүх, уран бүтээлээс бүтсэн Монгол мюзикл.
Мюзиклд зориулан дуунуудынхаа найруулгыг хийж, дуулж, бүжиглэж, жүжиглэн, залуучуудтайгаа хамтран “Хурд” хамтлаг тайзнаа тоглож байгаагаараа онцлог. Энэ бүтээл Монголын театрын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.Цаашид Монголд мюзиклийн урлаг улам дэлгэрч, сургуулиуд, оюутнууд, театрууд энэ урлагийг сонирхон хөгжүүлж, мюзиклээр амьсгалдаг болоосой гэж хүсдэг. Учир нь мюзикл хүмүүсийг нэгтгэж, амьдрах итгэл, урам зориг өгдөг урлагийн гайхалтай төрөл. Мюзикл бол тусдаа бие даасан ертөнц. Тиймээс мюзикл Монголд нутагших гэж байгаад, үүнийг санаачлан “Хурд” хамтлаг хийх гэж байгаадаа баяртай байна.
-Мюзиклийн гол амин сүнс нь яах аргагүй зохиол нь болов уу?
-“Норсон зүрх” мюзиклийн гол амин сүнс бол “Хурд”.Тэр дундаа монгол ахуй амьдрал, монгол сэтгэлийг мюзиклийн зохиолоороо бид илэрхийлж байгаа. Төмөр замын вокзал дээр олон хүний амьдрал өрнөдөг. Цагтай уралдан галт тэргэндээ суух, хэн нэгнийг хүлээх, хайртай хүнээ гаргаж өгөх гээд хүний олон мэдрэмж тэнд буцалж байдаг. Вокзал бол хүний амьдралын маш том огтлолцол. Тиймээс “Норсон зүрх” мюзиклд вокзал дээр аавыгаа хүлээсэн охины тухай өгүүлнэ. Аав нь явахдаа гитараа охиндоо үлдээгээд “Миний охин аавыгаа битгий санаарай” гэж хэлээд явдаг. Энэ охины романс, энэ охины түүхийг өгүүлэх юм.
-“Норсон зүрх” мюзиклд Монголынхоо залуу артистуудтай хамтран ажиллаж байна. Дүрүүддээ тохирох уран бүтээлчдийг хэрхэн сонгож, бэлтгэлээ хийж байна вэ?
-Сонгон шалгаруулалтад 270-280 уран бүтээлчид оролцсон. Бэлтгэл ажил их чамбай явж байна. Наадамд морио сойж байгаа уяач шиг л байна даа. Залуусаа зарим үед амраана, зарим үед нь хөгжим, зарим үед бүжиг, зарим үед жүжгийн бэлтгэлд оруулна гээд олон талын авьяас, мэдрэмжийг нь тэнцвэртэй хөгжүүлж, бэлтгэлийг нь зөв зохицуулах нь продюсер, найруулагч бидний ажил.Одоо хүүхдүүд маань элдсэн сур шиг л байна. Хэтэрхий их уяа сойлгыг нь хэтрүүлэхгүй, дутуудуулахгүй оруулна даа.
-Монголд мюзиклийн урлагийг хөгжүүлэх шинэ алхам хийж байгаа нь залуу уран бүтээлчдэд ч том туршлага болж байгаа байх. Тэдэнтэй ажиллах явцад мюзиклийн ямар онцлогийг илүү мэдэрч байна вэ?
- Мюзикл хүмүүсийг эв нэгдэлд нэгтгэдэг урлаг юм байна гэдгийг мэдэрч байна. Олон улсад оюутнууд, цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл мюзиклээр амьсгалдаг. Багаасаа найз нөхөдтэй болж, бусдыг ойлгож, хайрлахад энэ урлагийн нөлөө их. Мөн хүүхдэд амьдрах итгэл, зөв хандлага төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс мюзикл Монголд зайлшгүй хэрэгтэй байна.
Монголчуудыг эв нэгдэлгүй гэж ярьдаг ч бид дотоод сэтгэлээрээ нэгдмэл хүмүүс шүү дээ. Тэр сэтгэлийг сэрээж чадвал “Хурд”-ын мюзиклээр зогсохгүй, олон мюзиклээр дамжуулан хүмүүсийг соён гэгээрүүлэх, амьдрах ухаанд сургах, хүүхдийн хүмүүжилд ч нөлөөлөх учиртай юм.
Тийм ч учраас манай залуус маань нэг зорилгын төлөө нэгдэж, бие биеэ ойлгон ажиллаж буйг харахад энэ урлагийн үнэ цэн улам тод мэдрэгдэж байна. Урлаг гэлтгүй бүх салбарт урам, харилцаа, ёс зүй, хүндлэл чухал. Сошиалаас үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл аваад нийгэм, ертөнцийг дүгнэж болохгүй. Хүмүүстэй уулзаж, сэтгэлээ нээж ярилцаж байж л амьдрах итгэл, урам зоригийг мэдэрдэг. Тиймээс бие биедээ урам өгч, талархаж сурах нь маш чухал мэдрэмж юм. Мөн олон улсын мюзикл, зохиолд зориулагдсан, стандартын дагуу тайзаа засаж байна. Олон зүйлийг манай тайзны арын албаныхан зураач нар маань хийж байна даа. Саяхан зураач найртайгаа шөл уунгаа ажлаа ярьцгаалаа. Уран бүтээлчид маань өөрсдөө зохиолоо мэдэрчхээр их урамтай байх юм. Өөрөө тоглохгүй ч тоглож байгаа мэтээр тэр дүрийг харж, зурж, бүтээж байна шүү дээ. Тэр сэтгэл нь их гоё. Энэ нь өөрөө хамтын бүтээл болж байгаа байхгүй юу. Түүнээс биш зөвхөн “Хурд” хамтлаг, зөвхөн Отгонбаяр биш бид хамтдаа байж ийм гоё зүйлийг бүтээж болдог юм байна гэдэг эрмэлзэл “Норсон зүрх” мюзиклийн тайзны ард өрнөж байна.

"Норсон зүрх" мюзиклийн уран бүтээлчид.
-Энэ нь цаашлаад олон залууст шинийг хийж бүтээх, мэргэжилдээ илүү дуртай болох урмыг өгч байгаа байх?
-Гадаадаас мастер сургалт ордог мэргэжилтнүүд, дэлхийн хэмжээний мюзиклийн найруулагчид ирж байхад бид зүгээр “Хурд”-ын мюзиклийг тавиулаад явуулмааргүй байна шүү дээ. Мастер сургалтад орон нутагт ажилладаг гэрлийн инженер, уран сайхны удирдаач, найруулагч нар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.Ард түмэн 30 жил “Хурд” хамтлагийнханд урам хайраа харамгүй зориулсан. Тиймээс учраас бид хүүхдийг багаас урлаг, хөгжмөөр хүмүүжүүлж, далд ухамсарт нь зөв сэтгэлийг суулгадаг хүмүүсийг нэг удаа ч гэсэн мастер сургалтад суулгахыг хүсэж байна.Тэр дундаас арван хөгжмийн багш ирээдүйд мюзикл тавиад хүн хөгжүүлбэл бидний зорилго биелж байгаа хэрэг. Түүнээс биш зөвхөн “Хурд” хамтлаг мандан бадрахын тухайд зүтгээд байгаа биш.
-“Хурд” хамтлагийнхан догдлол мэдрэмжээр дүүрэн олон тоглолтоор үзэгчтэйгээ уулзсан. Энэ удаа өөр мэдрэмжээр тайзнаа гарах гэж байна. Догдлол дүүрэн байгаа байх?
-Цоо шинэ мэдрэмж. Анх удаа концерт тоглох гэж байгаа юм шиг л санагдаж байна. Энэ удаагийн өөрчлөлтийг үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж бодож, догдолж байна даа.Гэхдээ бид зоригтой өөрчлөлт хийх ёстой. Уран бүтээлийнхээ үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Хуучирсан тавилга шиг баймааргүй байна шүү дээ. Мюзиклээр дамжуулж залуусыг сэрээе гэсэн том философи, ухаан яваад байгаа юм “Хурд”-ынханд.
Дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн найруулагч ирж ажиллаж, олон хүний ур чадвар, авьяас нийлж байгаа энэ боломжийг ашиглан мюзиклийг Монголдоо нутагшуулж, дэлхийн тайзнаа гаргамаар байна.
Монголын мюзикл гэдгээр нь дэлхийд таниулах нь бидний зорилго. Сэтгэл байгаад тэнэж явж байхад дахиад нэг сэтгэлдээ тэврээд авах хүн гарах байх. Дэлхий даяар тархан амьдарч байгаа монголчууддаа үзүүлэхийг хүсэж байна. Англи хэл рүү орчуулахаар явуулсан. Англи жүжигчдээр тоглуулах зорилготой. Залуучуудаа ч гэсэн “Англи хэл сураарай” гэж хэлж байна.Монгол залуусаа дэлхийн тайзнаа гаргамаар байна шүү дээ. Манайхан авьяастай. Монголчуудын мэдрэмж мюзиклийн урлагт яг тохирно. Монголчуудын мэдрэмж мюзиклийг амилуулж чадна гэж боддог.
-Харин үзэгчид “Норсон зүрх” мюзиклийг үзээд ямар мэдрэмжтэй гарах бол?
-Гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн үнэ цэнийг илүү их мэдэрч хайраар хөглөх байх. Хүний ирж буцах амьдрал маш богинохон шүү дээ. Дуу хөгжим хүнийг хүн болгодог юм. Дуу хөгжим бол соён гэгээрлийн оргил том зэвсэг шүү гэдгийг хэлмээр байна.
-“Хурд”-ынхан саяхан ээжтэйгээ хамт “Эхийн ач” дууг дуулсан. Их гоё мэдрэмж байсан болов уу?
-Бага байхад ээж маань баяр ёслолоор дуулахаараа их гоё, цангинасан хоолойгоор дуулдаг сан. Маш хүчтэй хоолойтой. Манай Цогоогийн хоолойтой адилхан л даа. Үйл урлангаа, дүүг хөхүүлээд цонх ширтэн суухдаа хааяа дуу аялдаг сан. Тэр дуу нь ямар ч хөгжимгүй атлаа амьдралыг хүүрнээд байгаа юм шиг. Үр хүүхдүүд нь сайн сайхан яваасай гэсэн сэтгэлээ дуугаар дамжуулан бидэнд мэдрүүлдэг байж. Ямар ч лам хуврагаас илүү маани мэгзэм мэт биднийг ариулаад, сэрээгээд байгаа юм шиг санагддаг. Магадгүй ээж маань “Хурд”-ыг ийм хүчтэй хамтлаг болоход үр хүүхдүүдээ багаас нь бэлдсэн ч юм бил үү. “Хурд” хамтлагийн амин сүнс бол ээж минь. Тийм ч учраас “Бүсгүй” гэдэг киног хийсэн. Ээж минь хүүхдүүдээ олон жил бүүвэйлж, хэчнээн удаа нулимсаа урсгаж, зүрх нь норсон бол доо гэж дотроо боддог юм.Тиймээс “Норсон зүрх” мюзиклийг бүтээж байгаа. Гитараа тэврээд сууж байгаа бяцхан охин бол миний ээж. Харин тэвэрсэн гитар нь “Хурд” юм.
-Таны, “Хурд”-ынхны хүүхэд насыг ярихаар гитар, вокзалтай холбогддог. Энэ бүхэн таны дурсамжийг хөглөх хамгийн үнэ цэнтэй цаг хугацаа болов уу?
-Бага нас гэдэг хамгийн үнэ цэнтэй үе. Дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Гэхдээ тэр үеийн дурсамж, мэдрэмж далд ухамсарт бичигдэж үлддэг. Түүнээс холдвол хүн өөрөөсөө холдож байгаа юм. Бид нэг л аз жаргалыг хүсэж, ямар нэг зүйл рүү тэмүүлж амьдардаг. Магадгүй далд ухамсарт хадгалагдсан бага насны хир буртаггүй, гэгээн мэдрэмжээр хөглөгдөж амьдралаа дуусгамаар юм шиг.
Намайг мэдээ ороход л ээж минь бүүвэйлж дуу аялаад, ах нар гитар тоглон, пянз тоглуулагч хангинаж, орос цэргүүд гэрийн үүдэнд гитар тоглон, бетонтой бор цайгаа тойруулж уугаад, тэнд ч ах цэргээс ирээд, энд ч нэг ах гадаадаас ирээд, эгч минь үйл урлаж дуулаад, гэрээ цэвэрлэж дуулаад эргэн тойрон бүгдээрээ мюзикл байгаа байхгүй юу.
Ийм орчинд өссөн болохоор урлагийн энэ их далай руу хөтлөх суурийг манай гэр бүл тавьж, биднийг хүмүүжүүлсэн болов уу гэж боддог. Хүн бүрийн сэтгэл зүрхэнд бяцхан хүүхэд оршдог. Тэр дотоод хүүхэд маань бидний үйлдэл, мэдрэмжээр дамжин илэрдэг. Үүнийг анзаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тиймээс хүүхдийн бага насны хүмүүжил, мэдрэмжийг эцэг эхчүүд анхаарах нь чухал. Хүүхдээ урамшуулаад, хүсэл мөрөөдлийг нь ойлгоод явахад хүн өөрийгөө бүтээдэг. Хүүхэд өөрөө өөрийнхөө хишиг буянтайгаа энэ амьдралд ирдэг гэдэг шүү дээ.Миний бага нас гэр бүлийнхээ хайр халамж дунд өнгөрсөн. Хүүхэд насны минь мартагдашгүй дурсамжийг бүтээсэн аав, ээж, ах эгч нартаа, точкагийнхаа замчдадаа баярлаж явдаг.
-Аав ээж нь хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж, амьдралын ухаанд сургадаг байв?
-Гэрийнхнээсээ жаахан нандин шугамаар өссөн юм болов уу даа. 1990, 1991 онд цэрэгт явна гээд зарлангаа хүлээгээд байдаг ирдэггүй. Бусад найзууд яваад байдаг. Аав маань намайг эмэгтэй гээд бүртгүүлчихсэн юм болов уу гэж бодогдсон.
Гэхдээ эх орныхоо тухай дуу зохиож дуулаад л насаараа урлагийн цэргийн албанд үүрэг хариуцлагаа үүрээд явж байна даа. Хүн ер нь юутай ч байж болно. Ганцхан оймстой ч байж болно. Нэг саванд боорцгоо хайрдаг, нэг саванд будаагаа агшаадаг, нэг сайванд цуйвангаа хийдэг ч айл зөндөө байгаа, манайх ч тийм байсан.
Гэхдээ байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой. Сэтгэл давсан зүйл рүү болоогүй байхдаа битгий тэмүүлээрэй. Өдөр бүр хичээ, өдөр бүр түүнийг дотроо зурж, бодолдоо тээж, хүрэхийн тухайд бодох хэрэгтэй. Өглөө бүр нар мандахтай адил бодлоо дандаа асаа, гэрэлтүүл, сэрээ. Тэгж чадах юм бол бодсон бодол чинь хүссэн зүйлд хэзээ нэгэн цагт хүргэж өгнө. Үүнийг би яг амьдралаараа туулсан хүн. Хойшдоо ч туулна.
-Таны амьдралаас дуу хөгжмийг ялгаж салгахын аргагүй орон зай. Урлагийнн хүн байхын сайхан мөн чанар юу вэ?
-Хэцүү зүйл нь маш их зүйлийг бодож, бясалгаж, дотроо бүтээж зурах нь. Тэр их ядраадаг. Миний л хувьд шүү. Гэхдээ хүнээр хайрлуулах шиг сайхан юм хаана байна. Урам авах шиг сайхан зүйл хаана байна. Алга ташилт сонсох шиг сайхан зүйл энэ ертөнцөд хаана байна. Бусад сайхан зүйлийг мэдэхгүй ээ. Урлагийн хүн байх ухаан шүү. Заримдаа би чинь их ааштай. Тэр муухай араатан зангаа л бид дарах хэрэгтэй. Энэ ертөнцийн эх болсон зургаан зүйл хамаг амьтны хамгийн араатанлаг шинжтэй хүн. Хамгийн энэрэнгүй нь ч хүн. Энэ хоёрын дунд сав шимийн ертөнц бүгд амьдарч байгаа. Хүн байхгүй бол юун түгжрэл, агаарын бохирдол ярих. Хүн байхгүй бол сайн, муу талыг ч шүүж ярихгүй шүү дээ. Тэгэхээр Монгол Улс хүнээ хөгжүүлэх, соён гэгээрүүлэх хэрэгтэй байгаа биз. Нэг хүн, нэг Оюутолгой явж байгаа гэхээр тийм их потенциалтай хүмүүс шүү дээ манайхан.
-Хүн амьдрал хийгээд хүсэл мөрөөдлийнхөө зүг тэмүүлж явахад оргил цаг хугацаа гэж байдаг. Таны хувьд хамгийн оргил үе гэвэл хэдий хугацааг хэлэх вэ?
-Яг одоо л амьдарч үзэж байна. Ухаарч байна. Одоо л жинхэнэ ноороггүйгээр уран бүтээлүүдээ даацтай хийх мөч дээрээ ирж байна даа. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай нэг л өдөр надаас явна. Тэр болтол нандигнах хэрэгтэй.
Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 10 сарын 30,
2026
Сэтгэгдэл1
та нар бол хөгжимчид. танай бүх дууны аяыг өвөрхангайн ишхүү зохиосон юм шүү. тэр хүн нас барсанаар та нар ахиж шинээр дуу гаргаж чадалгүй 20 жил болж байгаа шүү.