sonin.mn

Дэлхий дахин олон туйлт тогтолцоо руу эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэхүү үйл явц нь дэлхийн засаглал болон олон улсын харилцаан дахь илүү шударга тогтолцооны үндэс суурь болж чадна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш мэдэгдлээ. Тэрбээр Киргизийн нийслэл Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлсэн юм. Өөрчлөгдөн буй ертөнцөд өнөөгийн глобал бүтэц, тэр дундаа НҮБ ба Бреттон-Вүүдийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай болжээ.


Олон улсын институтүүд дэх хөгжиж буй орнуудын төлөөлөл ба нөлөөг өргөжүүлэх шаардлагатай байна хэмээн НҮБ-ын тэргүүн онцлон тэмдэглэлээ.   


Олон талт тогтолцооны чухал тулгуур болж буй ШХАБ-тай тогтоосон олон жилийн түншлэлээ НҮБ өндрөөр үнэлдэг гэдгийг Гутерреш хэлэв. ШХАБ бол газар нутгийн хэмжээ ба хүн амын тооны хувьд /3.5 тэрбум/ бүс нутгийн хамгийн том байгууллага юм. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын тэргүүн Киргиз, Узбекистан, Тажикистан, Иран зэрэг улсуудын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийлээ. Тэрбээр Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай уулзах үеэрээ, Ойрх Дорнодод дэгдсэн хямралын Иран, бүс нутаг болон түүний гадна орчинд үзүүлэх хүмүүнлэгийн болон эдийн засгийн сүйтгэлт үр дагаварт санаа зовниж байгаагаа илэрхийлэв. “Гал зогсоох тохиролцоог Газын зурваст мөрдөн сахиж, хямралыг зохицуулах цог төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх ёстой, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд саад болж буй бүхий шалтгаануудыг арилгах ёстой” гэж Гутерриш хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “Украинд нэн даруй гал зогсоох нь шударга, бат бөх, бүх нийтийг хамарсан энх тайвныг тогтоох замыг нээнэ” гэв.


НҮБ ба ШХАБ-ын хамтын ажиллагааны хоёр дахь чухал чиглэл бол хөгжлийг санхүүжүүлэх, үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудыг өрөөр боомилж буй санхүүгийн тогтолцоонд шинэчлэл хийх явдал мөн гэдгийг Гутерриш дурдлаа.


Хамтын ажиллагааны өөр нэгэн чиглэл бол уур амьсгалын асуудалд шударга байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчинд шилжих явдал бөгөөд ашигт малтмалыг олборлох хандлагад зарчмын өөрчлөлт гаргах нь чухал байгааг НҮБ-ын тэргүүн онцоллоо. Үгийнхээ төгсгөлд тэрбээр хэлэхдээ “хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиуд нь хэсэг бүлэг улс орнуудын бус харин бүх хүн төрөлхтөний эрх ашигт үйлчлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.  




Б.Адъяахүү