sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!


Украинаа бид буруу ойлгосоор, нэгэнтээ буруу ойлголттой бол үнэнд гүйцэгдтэлээ өөрийгөө л зовоож дуусна даа. “Украин бол АНУ-ын тусламж горьдогчоос үлгэр жишээ холбоотон болж өөрчлөгдлөө” хэмээн америкийн “The Atlantic” сэтгүүлд дүгнэжээ. Олон санааг нэг дор илэрхийлжээ.


Фронт дээр ч, ОХУ-ын эсрэг Оросын бүх нутаг дэвсгэрт ч дайтаж чадаж байгааг нь зүгээр л хөндлөнгөөс харчих. Украины зэвсэгт хүчин оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчирхэг зэвсгийг (ПВО) зүгээр л сохлоод дуусч байна. Тэгэх тэгэхдээ Путины ордон, харш өргөөний хамаг ПВО-г сохолчихлоо. Геленджик дэх цоо шинээр босгосон тансаг өргөөний агаарын хамгаалалт болох ЗРК “ТОР”, мөн тэндээс Украин руу пуужин нисгэж байсан “С-400” нь шөнө гурван цаг шатаад нурам болчихлоо. Ростов, Ейск дэх ПВО, Новороссийск дахь далайн тээврийн ПВО мөн адил шатаж байна. ФСБ-гийн нууц “Супер-РЭБ” гэх радио электроны байлдааны зэвсэг онилсон цохилтын бай боллоо. Белгород хотод ФСБ-гийн төв байр, цахилгаан станц цохилтод өртлөө. Новосибирскт Путин очих сургаар сөнөсөн шатаалгаснаа нуух гэж үйлээ үзэж байна. Одоо Орос нь баллистик пуужингийнхаа стратегийн нөөц рүү орчихсон, зүгээр л Украинд аль болох их хохирл учруулах дайн хийж байна, ялж чадахгүйгээс хойш тэгэхээс өөр хувилбар алга.



Заримдаа харамсмаар ч юм шиг, Wildberrie-ийн складуудыг дроноор аймшигтай довтолж харагдана. Екатеринбург хотод Украины хилээс 2000 км-т “Лютый” гэдэг украин дрон Wildberries-ийг шатааж байгаа бичлэг сайтуудад байна. Украины зэвсэгт хүчний нисэгчгүй системийн хүчний командлагч Роберт Иосифович Бровди буюу Мадяр (унгар) хочит генерал Facebook-т бичжээ. Геленджикт С-400-г сууриар нь шатаахдаа нэгэн зэрэг Оросын нутаг дэвсгэрт өөр ПВО-гийн 4 системийг устгажээ. Сөнөөсөн, устгасан, цохилт өгсөн жагсаалтаа Мадяр тайлагнажээ. Хар тэнгист Оросын сүүдрийн флотын гурван хөлөг (нэг нь танкер), Геленджикийн нөгөө ЗРК С-400 “Триумф”, Краснодарск хязгаарт украины нисэгчгүй “Рейд” онгоцны 413-р тусгай хорооноос цохилт өгчээ, Ростов мужийн Пудовый дахь ЗРК “ТОР”, нисэгчгүй онгоцны тусгай төв, Краснодарск хязгаарын Ейскт зенит пуужин-их бууны “Панцирь-С1” комплекс, бас нэг нисэгчгүй онгоцны объект, Ростов мужийн Головатовкад радиолокацын “Подлёт-К1” станц, бас нэг нисэгчгүй онгоцны объект, Латоновод радиолокацын “Каста 2Е2” станц, дагалдаад нисэгчгүй онгоцны бааз, Хар тэнгист нефтийн нэг танкер руу украины 413-р хорооны оперативын групп, нисэгчгүй “Nemesis” онгоцны 412-р тусгай бригадаас цохилт өглөө гэхчлэн маш том жагсаалт байна. Орчуулахаа азнаад Мадярын хэлснээр Оросын нутгийн оперативын гүнд 102 байнд цохилт өгсний хамгийн ноцтой нь Хар ба Азовын тэнгист сүүдрийн флотын 6 том хөлөг онгоц цохилт амсчээ. Оросоос өөрийгөө батлан хамгаалах Украины дайны тактикт өөрчлөлт оржээ. “Глубокие удары по России” гэж нэрлэж байна. Оросын нутгийн гүнд цохилт өгөх. Учир нь Украинд Орос шиг хангалттай тооны цэрэг байхгүй тул хурдан шуурхай хариу адаптац хийхдээ гүн ар талыг нь онилж сулруулах, 2023 оноос дайны ийм аргад шилжиж эхэлсэн, 2024 онд мэргэжлийн ийм армиа байгуулсан, одоо 13 анги салбараас бүрдэж байна, 2025 оноос эрс идэвхжүүлсэн, одоо амин чухал болоод байна. Гурван талаасаа хамтран ийм операц явуулж байна. Украины аюулгүй байдлын алба, цэргийн тагнуул нэмэгдэж байна. Нэг нь довтолгооны үндсэн үүрэг гүйцэтгэнэ, нэг нь занга хаяж өгнө, нэг нь тагнана, гэхдээ аль алин нь чухал үүрэгтэй гэж Мадяр бичжээ. 



Владимир Зеленскийн эр зориг, чармайлтыг энд магтаж барах юм биш. Оросын нутгийн гүнд цохилт өгөх байлдаандаа Европ дахь холбоотнууд, НАТО-гийн холбоотнуудаасаа дэмжлэг хүсдэг. Оросын хөөргөх талбай, бааз, объектыг устгах кампаниа өргөжүүлэх нь дайныг эцэслүүлэх үндсэн арга хэрэгсэл гэж үздэг болсон. Одоо энэ дронууд довтолгооны ч, хамгаалалтын ч зэвсэг болж бүрэн чадлаа хэмээн украин цэргүүд бахдалтай ярьж байна. Украинд мэдээж амдан сөнөөх пуужин дутагдалтай байгаа нөхцөлд нисч ирэх оросын пуужингуудын харвах суурь ба пуужингийн складыг онилж урьдчилан сөнөөхөөс өөр сонголт байхгүй. Эхлээд тагнуулын дроноо нисгэнэ. Тэндээс гар утас руу дохио ирнэ, тэр дор нь байгаа чиглүүлэн жинхэнэ цэнэгтэй дроноо илгээнэ. Крымыг цохиж байгаагаас үзвэл дайны ийм тактик үр дүнгээ өгсөн, одоо Крым даяар гэрэл цахилгаангүй, бензингүй, иргэд нь уур бухимдалтай. Тэсрэлтийн өмнөх Крым.

 

Бровди Мадяраас орчуулъя. Энэхүү нисэгчгүй онгоц-дрон гэдгээ “Украины энэ шинэ зэвсэг бол үндэстний маань оюун ухаан, технологийн давуу тал, түүхийн үнэний төлөө тэмүүлэл” гэж нэрлэжээ. Гэхдээ Оросын 5 нюансыг анхаарах хэрэгтэй. Түрэмгийлэгч маань дайны өртгөө даах чадваргүй болж ирж байна (1), гэхдээ зэвсэг үйлдвэрлэж байна (2), ар талаа хамгаалахыг оролдож байна (3), амьд хүчнээ фронтод зольсоор байна (4), дотоодынхоо намаг дотор хяналт тавьж тогтвортой байдлаа хангасаар байна (5). Энэ 5 үзэгдэл байгаа цагт дайн зогсохгүй гэжээ.  


Энэ дайнд Путин туйлдах болоогүй юү? Путины автократ систем айдас, суртал нэврүүлэг хоёроор оросын ард түмнийг барьсан хэвээр байна. Ерөөсөө ийм дэглэмд дайн маш чухал үүрэгтэй. Хүн амыг үнэнчээр нэгтгэж нягтруулах, тэгснээрээ хянах. Путинтэй иргэд шууд телефоноор холбогдож ярилцлага хийдгийг харвал нийгэмтэйгээ Путин ярилцаж санал солилцож буй биш, өөрт нь үнэнч гэдгийг Орост, дэлхий дахинд харуулах нэг ёсны шоу төдий. Ийм нөхцөл СВО гэдэг нь сунжирсан үйл явц байх нь оросуудад сонин биш. Тэд ч дасчихсан. Эр нөхрөө, хөвгүүдээ дайнд явуулж үхүүлээд оронд нь мөнгө авдаг сэтгэхүй суусан. Дэглэм нь одоогоор бэх бат хэвээрээ, харж л байя.


Би олон давтан өчдөг. Юу гэж? Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч огт биш. Дайныг үзэн ядагч. Путин тэргүүтэй өнөөгийн Оросын эрх баригчид, генералитет нь тусгаар тогтносон Украины эсрэг түрэмгий дайн өдөөсөн, тэр дайндаа бүдрээд унасан, одоо Орос эх орноо мина булсан асар том талбай болгож хувиргаж байна!


  Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)