sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор МУИС-ийн докторант, утга зохиол судлаач Б.Хорвоог урьж ярилцлаа.

 

-Залуу утга зохиол судлаачийн уншигчдад хүргэсэн номуудаас нь яриагаа эхэлье?


-Би ӨМӨЗО-ны Ордос хотод нутагтай. Монгол Улсад сурч, амьдраад 10 жил болж байна. 2016 онд СУИС-д сэтгүүл зүйн мэргэжлээр сурч, үргэлжлүүлэн утга зохиол судлалын салбар луу орж, МУИС-д докторын зэрэг горилохоор сурч байгаа залуу судлаач байна.

Өмнө нь өөрийн шүлгийн түүвэр болон хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх чиглэлээр гурваас дөрвөн ном Өвөр Монголд хэвлүүлсэн.

Харин Монголд ирээд “Д.Норовын туужийн дүрийн сэтгэл зүйг шинжлэх нь”, “Хиймэл цаг хугацаа амсхийх зуур” болон МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн доктор, дэд профессор Ш.Баттөр багшийн санаачилсан “Үзэл бодол: Урлан” цувралын хоёрдугаар ботиос хамтран “Үзэл санааны эрэлхийллийн зам” гэсэн номуудыг гаргаад байна. “Үзэл санааны эрэлхийллийн зам” бол утга зохиол судлаач, шүүмжлэгч О.Содномпил, судлаач, орчуулагч Н.Пүрэвдагва нартай найман удаа уулзан 20 гаруй цагийн ярилцлагаар бүтсэн ном юм. Харин “Хиймэл цаг хугацаа амсхийх зуур” ном бол миний өөрийн санаачилж эхлүүлсэн “Сэтгэлгээний археологи” цувралын анхны ном бөгөөд энэ номдоо Бэсүдэй Хасбилиг, Ботгонбуйлаан гэх Өвөр Монголын хоёр том сэхээтэн, зохиолчтой ярилцаж, кирилл, монгол бичгээр хамтад нь гаргасан. Цаашид бид эдгээр цувралыг үргэлжлүүлж, 100 хүнтэй ярилцсан 50 ном гаргах зорилготой байна. Гэхдээ Монгол, Өвөр Монголоор хязгаарлахгүй Хятад болон бусад орны судлаач, зохиолчидтой боломжийнхоо хэрээр ярилцана.


-“Хиймэл цаг хугацаа амсхийх зуур” ном их сонирхол татаж байна. Ингэж нэрлэх болсон учир юу вэ?


-Нийгэм цаг үе бүр өөрийн гэсэн асуудалтай. Амьдарч буй энэ цаг үеэ ганцхан үгээр тодорхойл гэвэл би “хиймэл” гэдэг үгийг сонгоно. Бүх зүйл хиймэл болж байгаа нь энэ цаг үеийн асуудал мөн. Хиймэл хөмсөг, хиймэл сормуус мэт гадна харагдах зүйлээс илүүтэй энэ цаг үед мэдлэг, бидний оюун санаа, ой санамж хүртэл хиймэл болж эхэлж байна. Өмнө нь бид мэдлэгийг ном зохиол унших, уншсанаа ойлгож ухаарах, цээжлэх, түүнээ өөрийн туршлагаар боловсруулах гэх үе шатуудыг дамжиж эзэмшдэг байсан бол энэхүү үйл явц одоо хиймэл оюун ухаан, хайлтын систем, цахим мэдээллийн сангаас шууд асуух, бэлэн хариу авах, ямар ч цензургүйгээр зөв гэж итгэх, шууд ашиглах гэсэн үйл явц руу шилжиж байна. Хүн өөрөө бодож, эсвэл бусадтай зөвлөж шийдвэр гаргадаг байсан үе ч халаагаа авч, өөрөө бодохгүй, өрөөл бусадтай ч зөвлөхгүй, шууд л хиймэл оюун ухаантай хэлэлцэж, тэр оронд нь шийд гаргадаг болж байна. Энэ тохиолдолд хүний бодох сэтгэх, шийдвэр гаргах эрх түүн рүү бүрэн шилжиж байгаа юм. Өмнө нь бид өнгөрсөн үеийг ой санамждаа хадгалж, түүнээ эргэн дурсаж, тэр дурсамждаа утга учир оноодог байсан бол одоо түүнээ утасны зураг, фэйсбүүкийн нийтлэл, хиймэл оюун ухааны санах ойд хадгалж, түүнээ эрж хайж, эргэж сэргээж санадаг. Өөрөөр хэлбэл өмнө нь ой санамжаа дотроо хадгалдаг байсан бол одоо өөрөөсөө гадуурх өөр зүйлд хадгалах болсон юм. Хиймэл оюун ухаан зөвхөн бидний мэдлэгийг биш, бидний өнгөрснийг эргэн санах, одоог ухварлан ойлгох, ирээдүйг төсөөлөн төлөвлөх арга хэлбэрийг хүртэл өөрийн болгож эхэлж байна. Тийм болохоор л бид энэ цаг үеийг “хиймэл цаг үе” гэж тодорхойлж байгаа юм.


-Зочидтойгоо ямар сэдэв, агуулгын хүрээнд ярилцсан бэ. Олон талт ярилцлагын энэ хэлбэрийн онцлог юу байв? 


-Би цаг үеийн асуудлыг төдийлөн сонирхоод байдаггүй. Энэ номдоо Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны ахлах редактор, зохиолч, орчуулагч, утга зохиолын шүүмжлэгч Бэсүдэй Хасбилиг, ӨМӨЗО-д ХХ зууны 1990-ээд оны дундаас уран бүтээл нь эрэлттэй байгаа зохиолч, яруу найрагч Ботгонбуйлаан хэмээх хоёр эрхэм хүнтэй “монгол хүн хийгээд соёл сэтгэлгээ”, “туурвил зүй хийгээд орчуулга”, “чөлөөт сэтгэлгээ хийгээд сайхан”, “эмгэнэл хийгээд инээдэм”, “мэдээ мэдээлэл хийгээд мэдлэг” гэх сэдвүүдийн тойронд ярилцсан юм. Энд гурван үеийн хүний үзэл бодол, хамгийн гол нь хүний үзэл бодол, үзэл санаа, мэдлэг, ой дурсамж шингээстэй байгаа. Тийм болохоор энд хиймэл цаг хугацаа түр ч гэсэн амсхийж байгаа юм.

Ингэхдээ философи, нийгэм, хүн судлал, уран зохиолын гээд олон салбарын уулзварт авч үзсэн. Өнөөдөр шинжлэх ухааны бүхий л чиглэлд салбар дундын судалгаа эрчимтэй хөгжиж байна. Харин ярилцлагын хэлбэрийг сонгосон нь уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс юм. Энэ хэлбэр эртний Грекийн сэтгэгчдийн бүтээл, Хятадын Күнзийн сургаалын сонгодог бүтээл “Шүүмжлэл өгүүлэл”-д хүртэл хадгалагдсан байдаг.

Кирилл болон монгол бичгээр хэвлүүлсэн болохоор Өвөр Монгол уншигчдын гарт ч хүрч, ам сайтай ярьж байна. Энэхүү номоороо Өвөр Монголчууд хятад болон бусад хэлээр дамжуулж дэлхийн боловсролыг эзэмшихийн сацуу өөрийн хэл соёлоо өв тэгш авч явж байгаа гэдгийг харуулахыг мөн зорьсон. Тиймээс монгол уншигчид сонирхон унших болов уу.


-Монголчуудыг монгол хүн болгодог зүйл нь юу юм бэ. Та бүхэн энэ тухай ярилцав уу?


-Хүн төрөлхтөн “сэтгэлгээний цагаан үе - домгийн сэтгэлгээ - домог зүйн сэтгэлгээ – шашин, философийн сэтгэлгээ - шинжлэх ухааны сэтгэлгээ” гэх мэт сэтгэлгээний үеүдийг туулж өнөөдөрт ирсэн. Монголчуудыг домгийн сэтгэлгээндээ нэлээд гацчихсан ард түмэн, шинжлэх ухааны сэтгэлгээ рүү ороогүй гэж зарим судлаачид үздэг. Жишээ нь, монголчууд маш их ой тэмдэглэдэг, баяр тэмдэглэдэг, ёслол үйлддэг... Энэ нь домгийн сэтгэлгээтэй ард түмний илрэл. Домгийн сэтгэлгээтэй ард түмэн гадаад үзэгдэх байдлыг чухалчилдаг, баяр ёслол их үйлддэг гэж үздэг эрдэмтэд бий. Энэ талаар асуухад, Хасбилиг багш “Монголчуудын домгийн сэтгэлгээ нь сэтгэх аргын түвшнээсээ ахиад бүр цаашаа гүн ухааны сэтгэлгээнд холбогддог. Хүн төрөлхтний үндсэн сэтгэх аргад дүрсээр сэтгэх ба хийсвэрлэн сэтгэх хоёр хэлбэр бий гэж үзвэл, энэ хоёр зүйлийн сэтгэх аргын үндсэн дээрээс хоёр зүйлийн гүн ухааны салаа соёолж гарсан. Хийсвэрээр сэтгэхийн үндсэн хэлбэр нь хэлбэрийн логик. Хэлбэрийн логик нь өрнийн гүн ухааны тийн мэдэхүйн үндсэн загварыг тогтоосон бол дүрсээр сэтгэхийн үндсэн хэлбэр нь зэн буддизмын шинжтэй дотоод мэдрэмж байж, юмны “мөн чанар”-т нь нэвтрэх гарц байж болох юм.

Монголчууд бол хүн төрөлхтний язгуур уламжлалын дүрсээр сэтгэдэг, дүрсийн логикийн нарийн мэдрэмж бүхий дүрсийн гүн ухаантай үндэстэн. Дүрсээр сэтгэнэ гэдэг нь гадаад үзэгдэх байдлыг чухалчлах төдий асуудал огт биш. Харин дүрсээр дамжин илрэх түмэн бодисын дотоод холбоо, ил далдын шүтэлцээ, байгалийн болон хүний харилцан үйлдэлцэл мэтийн мөн чанарын мэдрэмжийг олох оролдлого юм. “Домгийн сэтгэлгээ" гэдэг нь ийм оролдлогын илрэх хэлбэр болно.

Домгийн сэтгэлгээ нь юм үзэгдлийг тайлбарлах арга биш, харин мэдрэх дохио тэмдэг гэгчийг мэдэрсэн үед монголчуудын сэтгэхүйн дотоод бүтэц тодорхой харагдаг.

Монголчууд маш их ой тэмдэглэдэг, баяр тэмдэглэдэг, ёслол үйлддэг нь яг үүнтэй адилаар дүрсээр дамжуулан дүрсээс давсан эрчим хүчийг хүлээн авах, дүрсэнд шингэсэн үнэ цэнийн ойлголтыг уламжлах хэлбэр...” гээд “Богд эзэн хар сүлд буулгаж авсан домог” зэргийг жишээлэн дурдсан байна.

Мөн бидний сэтгэлгээний онцлог ахуй, байгальтай нарийн холбоотой. Жишээлбэл, монголчууд цаг агаар шинждэг. Гэхдээ энэ ёс Японд хүртэл байна. Ингэхдээ байгалиасаа шалтгаалаад өөр буюу япончууд далайн амьтан, давлагаа зэргээрээ шинжих жишээтэй байна. Энэ мэт олон сонирхолтой сэдвээр ярилцсан.


-Судлаач хүний хувьд ажиглахад Өвөр Монгол болон Монгол зохиолчдын бүтээлд онцлох ялгаа байдаг уу?


-Саяхан Хятадын нэг зохиолч ийм асуултад хариулсан хариултыг уншсан юм. Тэрээр Хятадын зохиолыг хятад хүн бичсэн, гадаадын зохиолыг гадаад хүн бичсэнээрээ ялгаатай гэж хариулсан байна. Цаг хугацааны уртад өвөр монголчууд Хятадын соёл сэтгэлгээнээс өөрт шингээсэн олон жишээг дурдаж болно. Тэр завсрын сэтгэлгээнээс гарсан сонин содон зүйрлэл, өгүүлэмжүүд зохиолд илрэх нь бий. Угтаа аль ч улсын уран зохиол амьтны тухай бичсэн ч бай, сандал ширээний тухай бичсэн ч бай, эцсийн эцэст хүний л тухай өгүүлж байдгаараа адилхан юм.


-Тэгвэл сонгодог уран зохиолын тухай та юу гэж боддог вэ?


-Сонгодгийн тухай олон тодорхойлолт бий. Өнгөрсөн үеийн хүмүүсийн амьдрал ч өнөөгийнхтэй адил элдэв бэрхшээл, аар саар асуудлаар дүүрэн байсан. Харин ном зохиол амьдралыг шигшиж, шүүн тунгаах замаар утга учиргүй, уйтгартай хэсгийг нь орхигдуулж, сонирхолтой, үнэ цэнтэй хэсгийг нь үлдээдэг. Мөн сонирхолгүй хүмүүсийг ч шигшиж орхиод, сонирхолтой хүмүүсийг нь үлдээдэг. Сонгодог уран зохиол нь хамгийн гэх тодотголоор шигшигдсэн амьдрал, шигшигдсэн хүний тухай өгүүлдэг шигшигдсэн зохиол гэж би ойлгодог. Энд сайн нэгний ч тухай байж болно. Саар нэгний ч тухай байж болно.

Монголын зохиолчдоос Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” тууж, Д.Норовын хүний амьдралын гашуун хувь тавилан, бусдад тэр бүр нээлттэй илэрхийлээд байдаггүй хүний сэтгэл зүйн нарийн зүйлсийг дүрсэлсэн зохиолуудад би дуртай. Манайхаас Аянга гээд маш мундаг зохиолч байсан. Харин эдгээр хүмүүсийн зохиол бүтээл нь сонгодог мөн эсэхийг би өнөөдөр хэлэх боломжгүй. Цаг хугацааны шалгуур л харуулна.


-Нобелийн шагналыг хүртэх дараагийн ази зохиолч монгол хүн байхад юу дутагдаж байна вэ?


-Монгол зохиолчид бүтээлээ олон хэл дээр орчуулах, сурталчлан таниулах, гадаад уншигчидтай болох дутагдаж байна. Өдгөө эко хэлбэрээр гадаад уншигчидтай болсон зохиолч гэвэл Чинаагийн Галсан гуай, Гүн Аюурзана... гээд цөөхөн зохиолч байна. Хятад, Солонгосчууд төр засгийнхаа дэмжлэгээр сайн зохиолуудаа гадаадын олон хэлээр хэвлүүлж, сурталчлан таниулдаг. Тэр ч утгаараа Нобелийн шагналтнууд төрөөд байна. Кино зохиолууд нь Оскарын кино наадмаас шагнал хүртлээ.

Магадгүй зорьсон олон зохиолчтойгоо ярилцаж, эдгээр сэдвийн талаар хүүрнэлдсэний дараа таны энэ асуултуудад илүү тодорхой хариулт өгч чадах болов уу.




Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин