Монголын цэрэг Өвөр Монголыг хорьдугаар зуунд хоёр удаа чөлөөлсөн түүхтэй байдаг. Нэг нь 1913 онд Өвөр Монголыг чөлөөлсөн, нөгөө нь 1945 онд чөлөөлсөн юм. Үүний эхний чөлөөлөлтийн тухай өгүүлье. Монголчууд 200 жилийн туршид тусгаар улс ч үгүй, эзэн хаан ч үгүй Манж Чин улсын нөмөр дор амьдарч байлаа. Энэхүү 200 жилд монголчууд харин дайнгүй, дарлал харгислалд өртөөгүй амьдарч байлаа. Харин үлэмж их газар нутгаа хаант Орос, хар Хятад хоёрт алдсаар байлаа. 1911 оны 12-р сарын 29 -ний өдөр Монгол улс туурга тусгаар улс боллоо. Богд хаант Монгол улсын Засгийн газар нэн тэргүүнд Өвөр Монголоо хятадаас чөлөөлөх зорилт тавилаа. Харин Хятадын Засгийн газар Өвөр Монголыг Ар Монголд алдахгүй байх, улмаар Ар Монголын тусгаар тогтнолыг устгах зорилготой байв. Богд Хаант Монгол Улс байгуулагдаж зарлан тунхагласаны дараахан Өвөр Монголын Зуу Үд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаанцав, Их зуу зэрэг 6 чуулган, Хөх хотын Түмэдийн зүүн баруун гарын засаг Хар мөрний Их Мянган, Өөлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн мөрний Цахар зүүн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан Монгол улсаа дагахаа илэрхийлж, нийслэл Хүрээнээс цэрэг илгээж, Өвөр Монголыг бүхэлд нь Хятадын дарлалаас чөлөөлөхийг хүсэн гуйжээ. Хөлөнбуйрын Барга, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 36 нь Монгол улсад нэгдсэнээс гадна Хөх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, Или мөрөн болон Тарвагатайн 16 хошуу Монгол улсад дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлжээ. Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, сайдаар нь Сэцэн хан аймгийн харьяат Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилжээ.
Богд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа монгол үндэстэнг нэгтгэн Нэгдмэл Монгол Улс байгуулахыг монголын тухайн үеийн эрх баригчид эрмэлзэж байв. Богд Хаант Монгол Улсад Өвөр Монгол болон бусад монголчууд нэгдэх эрмэлзлээ илэрхийлж, хуучин Манж Чин улсын харъяаны монголчуудын хэмжээнд бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж байлаа.
Үүнийг эсэргүүцэн Манж Чин улсын дарлалыг авч хаян Дундад Иргэн улсыг байгуулсан хятадууд өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч хэмээн үзэж хуучин Манж Чин улсын нутагт гарсан үндэстэнүүдийн тусгаар тогтнох эрмэлзэл бүхий эсэргүүцэл, тэмцлийг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж эхэлжээ. Оросын гадаад явдлын тэргүүн сайд Сазанов 1912 оны есдүгээр сарын 3-нд Оросын хаандаа бичиг өргөж, “Монголд онц элч томилон, Орос-Монголын найрамдлын гэрээг тогтоох учир бол Оросод туйлын чухал ашигтай явдал болно” гээд онц элчийн тушаалд Хаант засгийн Алс Дорнодын гадаад харилцааны томоохон зүтгэлтэн Иван Коростовецыг томилох тухай хаандаа зөвлөжээ. Ийнхүү Гадаад яамны тэргүүн сайдын саналаар хаант Оросын бүрэн эрхт онц элчийн хувиар Иван Коростовец Монголтой хэлэлцээр хийхээр болж нийслэл Хүрээнд хүрэлцэн иржээ. Оросын төлөөлөгч Иван Коростовец /1862-1933/ бол Ар Монгол, Өвөр Монгол хоёрыг нэгтгэх ажиллагааг таслан зогсооход гол үүрэг гүйцэтгэсэн зальтай, туршлагатай, дорно дахиныг судлаач дипломатч байв.
Гэрээ байгуулах хэлэлцээнд Монголын талын төлөөлөгч Сайн ноѐн хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд нараас “Монголын Засгийн Газраас бүх монгол үндэстнийг нэгтгэсэн тусгай бүрэн эрхт эзэнт улс төр байгуулах явдалд их Орос улсаас зүйл бүрийн тусламж үзүүлэх ба Хятад улсаар зөвшөөрүүлэхийг хүсмой” хэмээсэнд Оросын талын төлөөлөгч Кростовецоос “Монгол овогтон бүхнийг нэгтгэх явдал болвоос тус улсын засгийн бодлоготой харшилдах бөгөөд Ар Монголын өөртөө эзэрхэх эрхээ олох нь маш чухал тул одоо үүнийг даруй хэлэлцвээс зохимой” гэж хэлэлцээрийн агуулгыг зөвхөн Ар Монголын тухай ярихаас биш Өвөр Монголд холбогдуулж болохгүй гэж анхааруулжээ. Үүнд Да лам Цэрэнчимэдээс “1911 онд миний бие Ханддоржийн хамт Оросын засгийн газар лугаа Монгол овогтныг нэгтгэсэн улс төр байгуулахыг илэрхийлж тусламж гуйхад Орос улсаас зөвшөөрөн хүлээсэн байгаад одоо яагаад ийнхүү санал гаргасан бэ. Үүнийг бид зөвшөөрч чадахгүй. Хэрвээ Гадаад Монгол тусгаарлаж Дотоод Монгол Хятад улсад хэвээр эзлэгдэх аваас үнэхээр ашиггүй явдал болмой. Ийм учраас Монголын цэрэг нь Хятад лугаа байлдахад гагцхүү Орос улсын тусламжийг түших юм. Ингэж сая бидний хүсэл биелэгдэж Монгол овогтон бүгдээрээ нэгдэж нэгэн улс болж чадмой. Учир иймээс Ар, Өвөр Монголыг салгаж болохгүй” гэжээ. Орос улсын төлөөлөгч Иван Коростовецоос мөн Ар, Өвөр Монгол нэгдсэн улс байгуулах явдалд Орос улсын талаас туслаж болохгүйн учир шалтгааныг тайлбарлан хэлээд гэрээ бичгийн эхийг бэлтгэснээ дахин ярилцахаар тогтоод анхны хурал дуусжээ. Дараагийн хуралд Монголын талын дэвшүүлсэн бичигт “Монголчууд Манж, Хятадын эрх мэдлийг устгаж бүх Монголыг нэгтгэсэн бүрэн эрхт их улсыг байгуулсан явдлыг Орос улсаас эн тэргүүнд зөвшөөрч цаашдаа эрхбиш хамгаалах үүргийг хүлээн гүйцээх хэрэгтэй. Түүний дараа, бид бас бусад гадаад улсуудаар тусгаар тогтносон эрхээ зөвшөөрүүлнэ” гэж дурджээ.
Эдгээр шаардлага нь Оросын Засгийн газрын бодлоготой нийцэхгүй болохоор Оросын төлөөлөгчид зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Хоѐр этгээдийн ширүүн маргалдааны дунд Да лам Цэрэнчимэд “Манж, Хятадын захиргаанаас гараад дахиад бас Оросын боол болохыг бид хүсэхгүй.
Тус хэлэлцээрийг зогсоож, Бээжингийн засгийн газраас өөрийн Монгол төлөөлөгч Наянт ванг ирүүлж хэлэлцээр хийх нь зөв байна” гэж хэлсэнд Оросын төлөөлөгч Иван Коростовиец ихэд уурлаж, Монголын бэлтгэсэн бичгийг шалан дээр чулуудаж, “Гэрээний хурлыг харшилсан хариуцлагыг Монголын тал үүрэх хэрэгтэй. Би Да ламын гүжир үгүүдийг хүлээж чадахгүй учрыг өөрийн улсын хаан эзэн ба Засгийн газартаа мэдүүлнэ” гээд хурлыг хаяж гарчээ. Ийнхүү хэлэлцээрт хямрал гарч ямарч бүтэмжгүй байгаад хэдэн өдрийн дараа Оросын төлөөлөгч Иван Коростовец урам зориггүй тархаж явсан монголын тэргүүн сайдуудыг дуудан аваачиж “Сая хүлээн авсан мэдээнээс үзэхэд Хятад улсын Монголтой байлдах их цэргүүд Монголын баруун хязгаарын Ховд, Алтайн замаар нэгэнтээ ойртож ирсэн болохыг манай хязгаар захын албан газруудаас цахилгаан мэдээгээр надад хэдэн удаа мэдүүлж ирсэн бөгөөд тэдгээр хятад цэргийн тоо маш их бөгөөд зэвсэг хэрэглэл хурц чадамгай хэмээх тул түүн лүгээ эсэргүүцэн тулах арга бодлогыг бэлтгэвээс зохимой” хэмээн худал мэдээллээр сүрдүүлэхэд монголын сайд ноѐд нар ихэд айн сүрдэж зэр зэвсгийн тусламж гуйсанд Оросын төлөөлөгч Кростовецоос “Хоѐр улсын найрамлын гэрээ бичгийг гарын үсэг зурахын өмнө ямар ч тусламжыг үзүүлж үл болмой. Хэрвээ бичгийг одоо даруй миний төлөвлөгөөгөөр зөвшөөрөн тогтоох юм бол цэрэг зэвсгийн тусламж хамгааллыг үтэр түргэн үзүүлж,тэдгээр хятад цэргийг Монголын хязгаарт оруулахгүй болгохыг миний бие батлан хүлээж авмой” гэжээ. Энэ үед Монголын талын хүмүүс аргагүй байдалд орж, Кростовецын зохиосон гэрээ бичиг дээр гарын үсгээ зурж батлан тогтоожээ. Ийнхүү 1912 оны 12-р сарын 3-ны өдөр Орос-Монголын найрамдлын гэрээ нийслэл Хүрээнд байгуулагджээ. Найрамдлын гэрээ дөрвөн хэсэг, хавсралт арван долоон зүйлсээс бүрдэнэ Тус гэрээний хэлэлцээр хийхэд Өвөр Монголын асуудлаар хоѐр талын төлөөлөгчдийн хооронд зарчимын чанартай санал зөрөлдөөн гарч байлаа. Богд хааны Засгийн газар нь Өвөр Монголыг багтаасан нэгдмэл улс байгуулахыг зорьж байхад, хаант Оросын Засгийн газар зөвхөн Ар Монголын өөртөө эзэрхэх эрхийг батлах саналыг баримталжээ. Гарын үсэг зурж батлагдсан гэрээгээр Орос улс, Монголыг үндэстний цэрэг анги байгуулж болох, Хятад улсын цэргийг Монголын хилд оруулахгүй, нүүдлийн иргэдийг өөрийн нутагт суурьшуулахгүй байх эрх бүхий автономит орон гэж хүлээн зөвшөөрчээ. Мөн Оросын хөрөнгөтнүүдийн капиталыг Монголд татваргүй чөлөөтэй нэвтрэх бололцоог олсон байна.
Богд хааны засгийн газар нь Ар, Өвөр Монголыг нэгтгэх бодлогоо шаргуу явуулж өөрийн төлөөлөгчдийг Оросын Санкт- Петрбург хотод удаа дараа явуулж дэмжлэг тусламж олох гэж оролдсон боловч Орос улс хүлээн авахгүй татгалзаж ганц Ар Монголыг Хятад улсын түрэмгийлллээс хамгаалахад зориулан зэвсгийн тусламж үзүүлжээ.
Богд хааны Засгийн газар 1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсаны дараа уг гэрээний зарим зүйлд түшиглэн Өвөр Монголыг Хятадаас чөлөөлөн авч Монгол улстай нэгтгэх зорилгоор цэрэг мордуулах, Гадаад явдлын яамны тэргүүн сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Хаант Орос ба Европын зарим улсад явуулах, Түвдтэй найрамдлын харилцан туслалцах гэрээ байгуулах, Дотоод явдлын яамны тэргүүн сайд Цэрэнчимэд тэргүүтэй төлөөлөгчдийг Японд томилох зэрэг арга хэмжээг яаравчлан авчээ. Монголын Засгийн газар, ялангуяа Цэргийн яам нь Өвөр Монголоос дүрвэж ирсэн монголчуудаас тухайн орон нутгийн байдал, хүн амын санаа сэтгэл, хятад цэргийн тоо байрлал зэргийг тодруулахаас гадна туршуул илгээн тагнуулын мэдээлэл цуглуулж байв. Эдгээр мэдээлэлд үндэслэн Цэргийн яамнаас Өвөр Монголыг чөлөөлөх байлдааны ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ. Төлөвлөгөөнд Орос улсаас авсан зэр зэвсгийн хэмжээнд түшиглэн бэлтгэх боломжтой цэргүүдийг 5 чиглэлд анги болгон зохион байгуулах, тэдгээрийг унаа уналга, хоол хүнсээр орон нутгийн бололцоог ашиглан хангахаар тооцоолжээ. Мөн таван замын цэргийг ерөнхийлөн удирдах жанжныг сонгон томилсон ба бусад ангиудын захирагч болон туслах жанжин нарыг томилжээ.
1912 оны сүүлийн хагас жил хятадын цэрэг Өвөр Монголын олон газарт давшин орж бэхлэн суужээ. Нөгөөтэйгүүр, мөн оны есдүгээр сард "Монгол-Оросын гэрээ" байгуулахаар зөвшилдөж байсан үед Богд хааны засгийн газар дотооддоо Өвөр Монголд цэрэг оруулах төлөвлөгөө боловсруулж эхлэв.
Ийнхүү Дундад улс болон Монголын хоорондох зөрчил ихээр хурцдаж асуудлыг хэлцлийн шугамаар шийдэх ямар ч боломжгүй болж зөвхөн цэрэг дайны ажиллагаагаар шийдэхэд хүрчээ. Энэхүү байлдаан нь 1912-1914 оны хооронд болов. 1912 оны сүүлчээс эхлэн жил гаруйн хугацаанд Хятад улсын Бээжингийн Засгийн газар ба Монголын Богд хааны Засгийн газар Өвөр Монголын нутагт байлдахаар болов. Монголын цэрэг Өвөр Монголд байгаа Хятадын цэрэгтэй тулалдаж эхлэн Эзний гол, Ноён уул, Алшаагийн яамд хотын орчим, Шандын гол, Үхэрчин уул, Тэнгэр элс, Сургага Хөөрөг, Дархан уул, Шулуун хөх хошуу, Долнуур, Бяруу хот, Хөх хотын орчим, Хөвөөт шар хошуу зэрэг олон газар ялалт байгууллаа. Харин хаант Орос Улс «Танай улс учиргүй их улс болохыг бүү яар. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм.» гэж монголчуудад зөвлөж, цэргээ Өвөр Монголоос гаргаж татахыг Хятадын Засгийн газрын түлхээсээр шаардаж байлаа. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс, Өвөр монголчуудыг Хятадын дарлалаас чөлөөлөх, өөрт сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга, Бат хаалга (Дархан Мумянган хошуу), Долнуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хөдөлгөв. Өвөр Монголыг чөлөөлөх Богд хаант Монгол улсын таван замын цэргийн ерөнхийлөн захирагч жанжнаар Манлайбаатар Дамдинсүрэнг Богд хааны зарлигаар томилов. Таван замын цэргийг дараах байдлаар хуваан мордуулжээ. Үүнд:
Нэгдүгээр зам: Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч гүн Чимидцэрэнгийн удирдсан цэрэг
Хоёрдугаар зам: Дарьгангын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав нарын цэрэг
Гуравдугаар зам: Сөнөдийн хоёр хошуу, дөрвед вангийн чиглэлд дэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжихын цэрэг
Дөрөвдүгээр зам: Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн цэрэг
Тавдугаар зам: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлтийн цэрэг тус тус хөдлөх болсон ажээ.
Эдгээр чиглэлүүдэд нийтдээ 10 000 монгол цэрэг хөдөлжээ. Богд хаант монголын цэрэг хил хязгаараа батлан хамгаалахаар таван замаар довтолж их бага нийлсэн 100 орчим тулалдаан хийсэн гэж үздэг боловч судлаачдын үздэгээр 1913 оноос хойш дуусах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг. Эдгээрийн 33-т нь монголчууд ялсан бол 11-д нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн хятадын талаас 2000-аас дээш 5-7 мянган цэрэг, Монголын талаас 220-иос 1712 хүртэлх цэрэг оролцсон томоохон тулалдаан 11 удаа болсон бол 600-1000 Хятад цэрэг, Монголын 200-аас дээш хүн оролцсон бага хэмжээний 5 тулалдаан болжээ. Таван замын байлдааны ажиллагаа нь хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээрээ зүүнээс баруунаа 1000 шахам км, хойноос урагшаа 144 - 480 км-ийг хамарсан бүс нутагт болж өнгөрчээ.
Энэ дайн байлдааны үед монголчууд хятад цэргийг марш үйлдэх үед нь хоёр ч удаа довтолсон ба шөнийн байлдаан мөн хоёр удаа болсон талаар тэр үеийн баримтуудад тэмдэглэжээ. Монголын талаас дайн байлдаанд алагдан олзлогдсон тухай баримт тун ховор ч түүвэрлэвэл 400 орчим цэрэг алагдсан гэх нэг удаагийн тохиолдлын тоог эс тооцвол 3 тулалдаанд 16 хүн алагджээ.
Харин нэг тулалдаанд 60 гаруй хүн олзлуулсан мэдээ байдаг бол 3 тулалдаанд 48 орчим хүн шархтсан тухай сурвалжууд өгүүлдэг. Харин Хятадын талаас 12 тулалдаанд нийт дүнгээр 3795 цэрэг алагдсан бол 4 тулалдаанд 76 хятад цэрэг монголчуудад олзлогдсон ажээ. Монголын цэргийн олзолсон зэвсгийн тухайд гэвэл 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 казах тэрэг, мөн 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт түүний 5000 сум, 8 их буу, 410 их бууны сум, 421 ширхэг сэлмийг хятад цэргээс олзолжээ. 1913 оны дунд үеийн Монгол цэргийн тоог 4300 гаруй, түүн дээр 3500 орчим орон нутгийн сайн дурын цэрэг байсан гэж үздэг. Дундад Иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай Монголын эсрэг 70 000 цэрэг татаж, их буу, явган цэргээс бүрдсэн орчин үеийн зэвсэглэл бүхий армийг эмхлэн байгуулж, хятадын маршал Ван Хуайчинаар удирдуулан умар зүгт хөдөлгөжээ. Юан Ши кай тэрхүү маршалд өгсөн бас нэг нууц даалгавар нь өвөр монголын Дэмчигдонров вангийн өргөөнд хадгалагдаж буй Их Юан улсын Эзэн хаан Хубилайн тамгыг ямар ч хамаагүй аргаар Бээжинд авчир гэсэн байв. Таван замын томоохон байлдааны дараа хоёр тал хориглолтонд орсноор фронтын шугам тогтворжсон байна.
Байлдааны ажиллагааны баруун хэсэгт, тэр намрын тэргүүн сард Цахарын чиглэлд Монгол цэрэгт сум, дарь зэрэг зэвсэглэл ихэд дутагдаж, зэр зэвсэг нэмж нийлүүлэхийг хүссэн хүсэлтийг удаа дараа Хөх хотын тэндээс Богд хааны засгийн газарт уламжилж байв.
Гэвч энэ үед Богд хааны Засгийн газар, Өвөр Монголын дайны хэрэгцээг хангах үлэмж хэмжээний тусламжийн төсвөө баталж чадаагүй тул Монгол цэргийн байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байдалд оров. Үүний шалтгаан нь Орос улсаас авахаар төлөвлөсөн зээлийн асуудал байсан боловч хаант Оросын засгийн газар урьд нь өгөхөөр амалсан зээлээ өгөхгүй болсон явдал байлаа. Мөн хаант Орос улс Өвөр Монголыг чөлөөлөх дайнаа зогсоохыг шаардан Богд хааны Засгийн газарт эдийн засаг, улс төрийн болон бусад бүх талын шахалт дарамтыг үзүүлжээ. Тэр үед Бээжин монгол цэргийн эсрэг элдэв хуйвалдаан зохиож өөрийн талд татаж авахыг ятгаж байлаа. 1913 оны есдүгээр сард Монгол цэргийн ноён дэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжих Богд хаант монгол төрөөс урваж хятадын цэрэгт бууж өгчээ. Түүнтэй хамт дээд тушаалтай цэргийн ноён болон 100 монгол цэрэг хятадын талд бууж өгчээ. Тэр бээр урвасныхаа дараа өөрийн мэдэж байсан цэргийн төлөвлөгөөний нууцыг хятадын талд задалсан байна. Үүний хорт уршгаар монголын таван замын цэргийн Өвөр Монголын фронтын баруун жигүүр буюу Насан-Аривжихын хариуцан удирдаж байсан чиглэлийн эсрэг хятадын цэргийн давуу хүчийг яаралтай хуримтлуулан монгол цэргийн сул хэсгүүдийн эсрэг хүчтэй давшилт хийжээ.
Хятадын цэргийн давшилт зарим талаар амжилттай болж хэд хэдэн тулалдаанд удирдагчгүй болсон монгол цэрэг цохигдон ухарчээ. Насан-Аривжихын цэрэг хятадын цэргийн давшилтын эсрэг сул эсэргүүцсэн бөгөөд захиргаагүй болж тархаж явсан цэргүүдийг нь манлай ван Дамдинсүрэн цуглуулж авахаар нэлээд хүч цаг зарцуулжээ.
Таван замын байлдаанд манлай ван Дамдинсүрэн, гүн Хайсан, гүн Бавуужав нарын өвөр монголын цэргийн ноён баатарууд үлэмж их гавьяа байгуулжээ. Оросын засгийн газар Монголыг ятгаж цэргээ Өвөр Монголоос гаргаж татуулахын зэрэгцээгээр Бээжингийн засгийн газарт ч Өвөр Монголоос цэргээ татахыг ятгав. Бээжин Өвөр Монголоос өөрийн цэргээ татахыг огт зөвшөөрсөнгүй. Эцсийн эцэст Богд хааны цэрэг Орос, Хятадын шахалтаар 1913 оны оны сүүлчээр нутаг буцаж эхлэв. Богдын цэрэгт ороод байсан Өвөр Монголын цэргийн зарим нь их цэргээ дагаж Ар Монголд очиж, зарим нь цэргээс халагдаж нутагтаа буцав. Монголын тал дайныг зогсоохоор цэрэг татаж байхад хятадын тал харин том хэрэг үйлдэж байв. Тухайн үед хятадын цэрэг монгол цэргийн буцсаныг далимдуулан урагш давшин Өвөр Монголын нутгийг эзлэн хот сууринг галдан шатааж дээрэм тонуул аллага хийж эхэлжээ. Тухайлбал: “Баарин вангийн ордныг галдаж, дөчин байшинг шатааж үнсэн товрог болгохын энгийн монгол ард жар гаруй хүнийг хядаж, үхэр мал гурван түмийг булаасан” зэрэг хэргүүд Өвөр Монголын хошуу чуулганд олон удаа гарч байв.
Хятад цэргүүдийн энэхүү харгис байдлыг Намнансүрэнгээс Оросын гадаад яамны тэргүүн сайд Сазановт өгсөн бичигтээ: “Монгол цэрэг ухарч гарсаны хойно, Хятадын цэрэг довтлон дайрч Авга да вангийн хошууны Дархан уул сүм жич Батхаалга сүмд гэнэт хүрч ирээд сүмийг галдан, ламыг булааж аливааг сүйтгэв. Баарин, Сөнөд, Үзэмчин зэрэг хошууд гайд дайрагдав...” гэж бичиж байв. Ийнхүү монголын тал ганцаараа цэргээ татсан ажээ. Богд хааны цэрэг Халх нутаг руу ухарч гарахдаа эцсийн өдөр хүртлээ Хятадын цэрэг ангитай байлдаж байжээ.
1913 оны арван нэгдүгээр сарын эцсээр Богдын цэрэг Улаанцавын чуулга, Чуулалт хаалгаас умарших оронд Хятад цэрэг рүү дахин ширүүн довтолгоон явуулж хэдэн зуун хүнийг нь олзолжээ. 1913 оны арван хоѐрдугаар сараас 1914 оны нэгдүгээр сарын хооронд Богдын цэрэг Өвөр Монголын нутаг дэвсгэрийг орхижээ.
Тэр үед Богд хааны цэргийн хамт Өвөр Монголын цэрэг ард нийтдээ 2 000 орчим хүн Ар Монгол руу явсан ажээ. Тэд нутагтаа үлдвэл Хятадын засгийн газрын дарангуйлалд учрахаас болгоомжилжээ. Гэвч тэд Ар Монголд очоод амьдрал ахуйн хүнд байдалд оржээ. Богд хааны Засгийн газрын эрх баригчид тэдэнд хөлс мөнгө, мал унаа ба тариалах нутаг өгсөнгүй. Үүнээс болж тэд нарын дундаас хэсэг хүмүүс өөрийн уг нутагтаа харихыг хүсэж, Хятадын эрх баригчидтай хэлэлцээ хийхээр 9 хүнийг төлөөлөгчөөр томилжээ. Гэвч Хятад улс тэдгээр монголчуудыг баривчлан хөнөөсөн төдийгүй тэдний зүрхийг нь сугалж харгисалсан ажээ. 1914 оны 9-р сараас Орос улс, Дундад улс, Монгол гурван этгээдийн хэлэлцээр Хиагтад эхэлжээ. Богд хааны зарлигаар 1914 онд Ар Монгол дахь өвөр монголчуудад мал, унаа болон тарианы газар олгосон бөгөөд 1915 оны Хиагтын гэрээ ёсоор Хятадын Засгийн газар тэднээс ял асуухгүй хэмээн амлажээ. Таван замын байлдаан дууссан ч гэсэн Өвөр Монголын асуудал Орос, Хятадаас болж шийдэгдэлгүй өдий хүрчээ.
ДҮГНЭЛТ
1.Өвөр Монголыг чөлөөлөх дайны эхний шатанд Монголын цэрэг давших байлдааны ажиллагааг өөрийн дайны үндсэн стратеги болгон хэрэгжүүлсэн нь амжилттай болсон төдийгүй Өвөр Монголын нутгийг хятадаас бүрэн чөлөөлж чаджээ. Энэ үед хүн хүчний харьцаа төдийгүй зэвсэг техник, цэргийн сургалт, хангамжийн хувьд хятадын цэрэг давуу байсан боловч тулалдаан бүхэнд тоогоор цөөн монголын цэрэг ялалт байгуулсан онцлогтой.
2.Чөлөөлөх дайны дунд үед зарим нэг монголын цэргийн жанжин урваж, монголын байлдааны төлөвлөгөөний нууцыг хятадын талд задалсан байна. Үүний улмаас монгол цэргийн байлдааны зарим ажиллагаа бүтэлгүй болж, ялагдал хүлээсэн тохиолдол гарчээ. Үүнд хятадын тал цэргийн тоо, зэвсэг техникээ хэд дахин нэмэгдүүлж, монголчуудаас үлэмж давуу хүчийг байлдааны ажиллагааны талбарт хуримтлуулсан явдал төдийгүй монголын цэрэг сум хэрэгслээр тогтмол байнга хангагдаж чадахгүй байсан явдал нөлөөлжээ. Монголчуудын байлдааны ажиллагааны нууцыг мэдсэн хятадууд өөрийн байлдааны ажиллагааг шинээр төлөвлөн түүний зарим хэсгийг хэрэгжүүлж чаджээ. Монголын тал ч байдалтай хурдан зохицсон арга хэмжээг авч байлдааны төлөвлөгөөг шинээр хийсэн байна. Үүний үр дүнд хятадын цэргийн давшилтыг зогсоон амжилттай сөрөг довтолгооныг хийсэн байна. Ийнхүү байлдааны фронтын шугамыг тогтворжуулж чаджээ. Ингэснээр дайны ажиллагааг сунжирсан байршлын шинжтэй болгож чадсан байна.
3.Чөлөөлөх дайны төгсгөлийн шатанд дайны ажиллагаа урьдын хэвээр байрлалын шинжтэй байж, фронтын шугам тогтвортой байв. Хятадын цэргийн давшилтууд ээлж дараалан амжилтгүй болж байсан бөгөөд монголын цэрэг тэдний давшилтыг амжилттай няцаан цохиж байсан төдийгүй сөрөг довтолгооныг амжилттай хийж байв. Гэхдээ Оросын Засгийн газрын үйл ажиллагаанаас шалтгаалан монгол цэргийн сум хэрэгсэл, зэр зэвсэгийн хангамж улам муудсаар бүрмөсөн зогсчээ.
4.Богд хаант Монгол улсын Засгийн газар хаант Орос улс бууны сум нийлүүлэхийг зогсоосон үеэс эхэлж яаралтай арга хэмжээ авч сумны үйлдвэр байгуулах ёстой байлаа. Тэр үед Монгол улсад хаант Орос улсаас авсан 10 000 винтов буу бэлэн байсан боловч бууны сум үйлдвэрлэх цех байгуулж чадаагүйгээс болж сумгүй болсон монголын арми Өвөр Монголоос цэргээ гаргах бас нэг том шалтгаан байв. Тэр үед Хятад улс 1910 онд Тянжин хотод буу сумны үйлдвэр байгуулаад цэрэг армиа орчин үеийн галт зэвсгээр бүрэн хангаж байжээ. Монголчуудын нэг том алдаа бол Монгол улс цэргийн үйлдвэрлэл явуулах асуудлыг шийдэж чадаагүй бөгөөд бүтэн 110 жилийн турш буу, сумны үйлдвэргүй явж ирсэн ажээ.
5.Богд хаант Монгол улс тэр үед аль нэг улсаас хамааралгүй өөрсдийгөө бүрэн зэвсэглэж чадах орчин үеийн хүчирхэг арми байгуулж чадсангүй, тэр үед чөлөөлөгдсөн Өвөр Монголд монголын цэрэг баттай зогсож унаган монгол нутгаа хамгаалж чадсангүйгээс Өмнөд Монголоо Хятадад дахин алджээ. 2.0 сая шахам квадрат км унаган монгол нутгаа харийн улсад алдана гэдэг үлэмж том гарз шүү.
6.Хятадад Их Юан гүрэн байгуулж 108 жил оршсон, Орос улс үүсэхээс өмнө тэнд Алтан орд улс байгуулж 277 жил оршсон монголчууд 1913 онд Өвөр Монголоо Хятадаас буцаан авч тэнд ганцхан жил орчим оршин тогтносон нь юутай эмгэнэл. Хойд Монгол, Өмнөд Монгол, Баруун Монголоо /Зүүн гар улс/ алдсан монголчуудад маш том гарз хохирол учирсан байлаа. Монголчууд бид сүүлийн 400 жил хүчирхэг улс, хүчирхэг төр, хүчирхэг армиа байгуулж чадсангүй. Үүндээ дүгнэлт хийх цаг болжээ.
Доржийн СҮХБААТАР 2026.10.24
Лхагва - 10 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
Үхсэн сэг үхрийн эрээн бөөр болсон хятад улс хэзээ нэг цагт задарч бие биеээ барьж идэх нь цаг хугацааны асуудал.