АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд болсон Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан нам томоохон ялалт байгуулж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын олонхыг авах төлөвтэй боллоо. Америкийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын урьдчилсан тооцоогоор Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоохоор байгаа нь Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Бүгд найрамдах намд улс төрийн томоохон цохилт болж байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, Ардчилсан нам зөвхөн өрсөлдөөн ширүүн өрнөдөг мужуудад төдийгүй Бүгд найрамдах намын уламжлалт түшиц бүсүүдэд ч ялалт байгуулжээ. Тухайлбал, Техас мужид Жеймс Таларико, Охайод Шеррод Браун, Канзаст Адам Хамилтон нар Сенатын сонгуульд ялалт байгуулсан нь энэ удаагийн сонгуулийн онцлох үр дүн болов.
Сонгуулийн дүнд иргэдийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал голлон нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Санал өгсөн иргэдийн дунд явуулсан судалгаагаар амьжиргааны өртөг сонголтод нь нөлөөлсөн чухал хүчин зүйлүүдийн нэг болжээ.
Конгрессын хоёр танхим Ардчилсан намын хяналтад шилжвэл Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль тогтоох санаачилгууд томоохон саадтай тулгарах төлөвтэй байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн засаг захиргааны үйл ажиллагаанд тавих Конгрессын хяналт нэмэгдэх боломжтой.
Ийнхүү 2026 оны завсрын сонгууль АНУ-ын улс төрийн хүчний харьцааг өөрчлөхөөс гадна Ерөнхийлөгч Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны үлдсэн хоёр жилийн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлэхээр байна.
М.Чой
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл2
Одоо Трамп гаднын дайснуудтай биш дотоодын дайснуудтайгаа тэмцсээр байгаад л таарна үлдсэн хугацаандаа ! Онгироо давилуун зан нь жаал дарагдах байх ! Үё үё мэдрэл муутай юм ярьдгаа цөөлөх байх !
Сэтгэцийн өвчтэй ардчилагчид одоо америкийн эдийн засгаар тоглох шиг болно доо. Мэдрэл америкчууд хохино.