УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал тэрээр: "Би энэ асуудлаар өмнө нь тодорхой байр сууриа илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд бид улс төрчдийн популизмаас болж иргэдэд байнга бэлэн мөнгө тарааж ирлээ. Одоо ч улсын төсвөөс хоёр их наяд төгрөгийг янз бүрийн халамжийн хөтөлбөрөөр дамжуулан тарааж байна. Сүүлийн 20 жил мөнгө тараалаа. Үр дүнд нь юу өөрчлөгдөв, юу бүтээв гэдгийг бодох цаг болсон.
Улс орны хөгжлийг иргэд гар утастай болсноор хэмжиж болохгүй. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс орны иргэд гар утас хэрэглэж байна. Бид хөгжлөө 1990 онтой харьцуулж дүгнэх нь ч учир дутагдалтай. Харин ижил төстэй гараанаас эхэлсэн Казахстан, Узбекистан зэрэг улстай харьцуулах хэрэгтэй. Харамсалтай нь, бид хөгжлөөрөө тэднээс ихээхэн хоцорч байна.
Яагаад гэвэл бид үйлдвэрлэлээ хөгжүүлж, ажлын байр бий болгож чадсангүй. Үүний улмаас ядуурал ч дорвитой буурахгүй байна. Ядуурал хэзээ буурах вэ гэвэл иргэд тогтвортой ажлын байртай, хангалттай цалин орлоготой болсон цагт л буурна.
Энгийн иргэн энэ бүхнийг бүрэн ойлгохгүй байж болно. Харин төр барьж, УИХ-д сууж байгаа хүмүүсийн үүрэг юу юм бэ? Тэд ард түмэнд таалагдах гэж сонгогдоогүй. Улс орноо зөв удирдаж, хөгжлийн бодлогоо тодорхойлж, иргэддээ бодит нөхцөл байдлыг ойлгуулж, урагш чиглүүлэх гэж сонгогдсон.
УИХ-ын гишүүн, ард түмний төлөөлөл болсон хүн олон нийтийн сэтгэл хөдлөлийг дагаж популизм хийх бус, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, бодит асуудлыг тайлбарлан, хөгжлийн зөв чиглэлд манлайлах ёстой.
Гэтэл манайд хэн нь удирдаж, хэн нь дагах ёстой нь ойлгомжгүй болчихлоо. Олон нийтийн сүлжээнд хүмүүс юу гэж дуугарна, улс төрчид тэр зүг рүү нь хошуурдаг болсон. Ийм байдлаар улс орныг удирдаж болохгүй.
Хэрэв улс орны бүх асуудлыг ард түмнээсээ асууж, олонхийн тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр шийдэх юм бол төр засаг, парламент, улс төрийн удирдлага гэж байхын хэрэг юу байна вэ? Бүх асуудлаар санал асуулга явуулаад л байж болно шүү дээ.
Төрийн удирдлага байна гэдэг нь иргэдийнхээ саналыг сонсохын зэрэгцээ улс орны урт хугацааны эрх ашигт нийцсэн, заримдаа олон нийтэд таалагдахгүй ч зайлшгүй шаардлагатай шийдвэрийг гаргах чадвартай байхыг хэлнэ.
Бэлэн мөнгө тараах нь хэд хэдэн сөрөг үр дагавартай.
Нэгдүгээрт, зах зээлд бэлэн мөнгө их хэмжээгээр нийлүүлэхэд бараа, үйлчилгээний нийлүүлэлт тэр хэмжээгээр нэмэгдэхгүй бол эрэлт өсөж, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй. Ингэснээр тараасан мөнгөний бодит үр өгөөж буурч, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө.
Өмнө нь манай улсын мөнгөний нийлүүлэлт жилд хоёр их наяд төгрөгөөр нэмэгддэг байсан бол одоо 10 их наяд төгрөгөөр өсөх хэмжээнд хүрсэн. Ийм нөхцөлд эдийн засгийн бодит үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр дахин бэлэн мөнгө тараах нь үнийн өсөлтийг улам өдөөх эрсдэлтэй." гэв.
Н.Отгончимэг
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
МАН-ын барилга барьдаг компаниуд мөнгө тараахгүй байлгах лоббиг хийсэн байна.