sonin.mn

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова аравдугаар сарын 28-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Японы цэрэгжилтийн бодлого болон түүхэн үйл явдлыг кино, телевизийн бүтээлээр дамжуулан гуйвуулж буй гэх асуудлаар байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр Японы кино, телевизийн зарим бүтээлд түүхэн үйл явдлыг гуйвуулан дүрсэлж байгааг Оросын тал анхааралтай ажиглаж буйг онцлоод, ийм үйл ажиллагаа үргэлжилбэл зохих хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.


Захаровагийн хэлснээр, ОХУ түүхэн үйл явдлыг бодит баримтад тулгуурлан үнэн зөвөөр дүрслэх зарчмыг баримталдаг бөгөөд энэ нь кино, телевизийн салбарт ч нэгэн адил хамаарна. Үүнтэй холбогдуулан тэрбээр Орос, Хятадын хамтран бүтээсэн “Улаан торго” киног жишээ болгон дурдаж, тус бүтээлийн үргэлжлэл болох “Хар торго” киноны бэлтгэл ажил хийгдэж байгааг мэдээлжээ.


Мөн Захарова Японы дахин цэрэгжих бодлого ОХУ-ын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.


Тэрбээр Япон улс Оросын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийх давтамжаа нэмэгдүүлж, эдгээр сургуулилалтын үеэр ойрын болон дунд тусгалын пуужингийн систем байрлуулж байгааг шүүмжилжээ. Түүнчлэн Японы тал Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хандлага гаргаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.


Захарова эдгээр үйлдлийг ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хөндөж буй асуудал хэмээн тодорхойлоод, Москва нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, холбогдох асуудлаар байр сууриа удаа дараа илэрхийлснийг онцолжээ.


Г.Бямба