sonin.mn

Торгоны замын олон улсын соёлын IX экспо арваннэгдүгээр сарын 3-нд БНХАУ-ын Ганьсу мужийн Дуньхуан хотод нээлтээ хийлээ. Энэ удаагийн экспо “Соёлын солилцоог бэхжүүлж, соёл иргэншлүүдийн харилцан суралцах, ойлголцох үйл явцыг дэмжих” уриан дор зохион байгуулагдаж байна.

Олон улсын энэхүү арга хэмжээнд нийт 1200 орчим зочин, төлөөлөгч оролцож байгаагаас 307 нь дэлхийн 58 улс орон, олон улсын байгууллагыг төлөөлөн хүрэлцэн иржээ.


Экспогийн хүрээнд нээлтийн ёслол, олон улсын уулзалт, хэлэлцээ, соёлын үзэсгэлэн, урлагийн тоглолт, хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлалыг дэмжих зэрэг долоон чиглэлийн нийт 18 үндсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.










Энэ жилийн экспогийн онцлох үйл ажиллагааны нэг нь Торгоны замын улс орнуудын соёл, урлагийн шилдэг бүтээлүүдийг нэг дор дэлгэсэн олон улсын үзэсгэлэн юм. Нийт 18 мянга орчим ам метр талбайг хамарсан үзэсгэлэн таван үндсэн хэсгээс бүрдэж байна.


Тухайлбал, Дуньхуаны судалгааны хүрээлэнгийн соёлын өвийг хамгаалах, судлах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, Ганьсу мужийн соёлын салбарын инновац, Дуньхуаны эртний анагаах ухааны судар болон Хятадын уламжлалт анагаах ухааны өвийг танилцуулжээ. Түүнчлэн “Бүс ба зам” санаачилгад нэгдсэн орнуудын соёлын солилцооны үзэсгэлэн, Дуньхуаны уран зургийн бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.


Үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн соёлын өвийг хамгаалах чиглэлээр гарсан шинэ ололт, Дуньхуаны судлалын үр дүн, Торгоны зам дагуух улс орнуудын урлаг, үндэсний уламжлал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг танилцуулж байгаа юм.

Торгоны замын олон улсын соёлын экспо нь улс орнуудын соёлын харилцааг өргөжүүлэх, түүхэн өвийг хамгаалах туршлага солилцох, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын чухал арга хэмжээний нэг ажээ.


Г.Бямба