sonin.mn

АХМАД НАСТАНД ТУСЛАХ АСРАХУЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ 2025 оны 11 дүгээр сарын 17-18-нд Монголын ахмадын холбоо /МАхХ/-ны Мэдээлэл, сургалтын төвд амжилттай болж өндөрлөлөө. “Хэлп-Эйж” олон улсын байгууллагын эрүүл насжилтын хөтөлбөрийн зөвлөх мэргэжилтнүүдийн боловсруулсан “Асрахуйн гарын авлага”-ыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн амжилттай нутагшуулах, Ахмад настнуудыг асран арчилдаг, ахмад настанд туслах асрагчдыг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах, тэднийг чанартай, хүртээмжтэй шаталсан сургалтад хамруулж мэдлэг ур чадвар, арга зүй олгох зорилготой уг сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/, МАхХ, “Хэлп-Эйж” Олон улсын ахмадын байгууллага, Геронтологийн үндэсний төв хамтран зохион байгууллаа.


МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ асаргааны сургагч багш бэлтгэхийн ач холбогдлыг онцолсон бол ГБХНХ-ын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг “Нийгмийн халамж, асаргаа үйлчилгээний талаар төрөөс баримтлаж буй бодлого” сэдвээр мэдээлэл хийсэн юм.


МАхХ-ны гүйцэтгэх захирал, доктор, профессор П.Бямбацэрэн “Асаргааны сурагч багш бэлтгэх хэрэгцээ, шаардлага”, Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Р.Оюунханд “Хүн амын хөгшрөлт, асаргааны бодлогын орчин, нийгмийн хэрэгцээ”, “Хүндэтгэл, нэр төр, хүчирхийллээс сэргийлэх нь”, Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Ч.Одгэрэл “Асаргааны тодорхойлолт, төрлүүд, хүн төвтэй хандлага” сэдвээр тус тус лекц уншиж, харилцан ярилцлаа. Ч.Одгэрэл “Биеийн байрлал, дасгал хөдөлгөөн, орноос босгох, байрлал солих” сэдвээр онол, прагтик хосолсон үзүүлэн таниулах сургалт хийж, Р.Оюунханд хоол тэжээлийн хэрэгцээ, аюулгүй хоол бэлтгэх сэдвийг бүлгийн ажлын хэлбэрээр зохион байгуулснаар эхний өдрийн сургалт өндөрлөсөн юм.


Сургалтын хоёрдахь өдөр Р.Оюунханд өмнөх өдрийн сургалтын агуулгыг хураангуйлан сануулсны дараа дасгал хөдөлгөөний сургалт хийсэн бол Ч.Одгэрэл “Эмийн зөв зохистой хэрэглээ”, “Амралт, сэтгэцийн эрүүл мэнд”, “Орчны аюулгүй байдал, халдвар хамгаалал, ослоос сэргийлэх нь” сэдвээр лекц уншив. Дараа нь Р.Оюунханд “Гэр бүлийн болон нийгмийн оролцоог дэмжих нь” лекцийн хүрээнд асаргааны хамтын оролцооны ач холбогдлыг кейс судалгааны ажлыг танилцуулав. Ч.Одгэрэл асаргааны төлөвлөгөө боловсруулах дадлага ажил лекцийн хүрээнд Хэрэгцээ тодорхойлох төлөвлөгөөг хэрхэн боловсруулахыг бүлгийн ажлаар танилцууллаа. Сургалтын төгсгөлд мэдлэгийн ахицыг үнэлэх 20 асуулт бүхий сорилоор сургалтаар олгосон мэдлэгийг баталгаажуулж, оролцогч бүрт СУРГАГЧ БАГШИЙН СЕРТИФИКАТ гардууллаа.