sonin.mn
  • Германы орон нутгийн сонгуульд нэвт нэвт, мулт мулт ялаад байгаа тэр юун нам бэ?
  • Нөгөө либерал ардчилал маань популист-үндсэрхэг намд ялагдаж байгаа хэрэг үү?
  • Аливаа үзэгдэл юмс хэтрэхээрээ ингэдэг!
  • Ардчилал, хүний эрхийг толгой дээрээ хэт их залсны гор гарч байна уу?
  • Ислам ба лалын шашинтнуудад ардчилал хүний эрх, бусдын соёл, шашин, зан заншил, дэг журам “Түй” ч хамаагүй юү?
  • Соёлт Германд “Лалын цагаачдыг эх орноосоо хөөж гаргана!” гэсэн мөрийн хөтөлбөртэй нам болгон ялах нигуртай болов уу гэсэн сэдэв хөндөж энэ юун нам бэ гэдгийг танилцуулахаар 10 жилийн өмнө бичиж байснаа эргэж толилуулъя.

 

Өнөөгийн Европ дэлхийн II дайны өмнөх Европтой тун төстэй болж ирж байна гэх дүгнэлт мэр сэр харагдаx болж. Нацистууд Германд засгийн эрх авахын өмнөх тэр Герман төлөвшиж эхлэв үү гэх хардлага ч байна. Европ, тэр дундаа Герман дүрвэгсдийн их хямралын босгон дээр дэнжигнэж, тэр нь айдас болон хувирчээ. Яг тийм цагийн хүлээж байсан мэт “Германы төлөө альтарнатив нам” (германаар Alternative für Deutschland буюу товчилбол AfD; англиар The Alternative for Germany) гэх цоо шинэ улс төрийн хүчин цойлон гарч ирлээ. Германыг мусульман цагаач нар хөл дарж, тэр нь хэрээсээ хэтэрч, германчууд тэднийг жигшин зэвүүцэж жийрхэж, түүндээ эрх баригчдаа буруутгах хэрээр энэ нам ялсаар байх болох нээ!

 

Эл намын онцлог төрх нь гэвэл, хэт барууны; популист; евроскептик; зарим талаар арьс өнгөөр ялгаварлах бодлого бүхий; цагаачлал-дүрвэгсдийг эсэргүүцэгч. Евроскептик гэдэг нь Европын нэгдэл, интеграцид үл итгэгч гэсэн санаа.


“Германы төлөө альтарнатив нам” 2013 онд үүсээд тэр үедээ 5 хувийн босго давахааргүй жижиг нам байснаа байр сууриа алхам алхмаар, ээлж дараагаар, гэхдээ хурдтай бэхжүүлсээр нэг мэдэхэд ХБНГУ-д засгийн эрх авчих нөхцөл далдуур бүрдэж байх бололтой. Германы 16 мужийн Ландтагт (мужийн парламент) тэд тал хувийг бүрдүүлж байтал дөнгөж саяхан нийслэл Берлиний хууль тогтоох парламентад тэд цөмрөн орж иржээ. Нийслэлд канцлер Ангела Меркелийн Христосын Ардчилсан Холбоо нам ялагдлаа хэмээн үзэж болохоор юм. Авсан саналыг хувилаж үзвэл социал-демократууд 22 хувь, Христосын Ардчилсан Холбоо 18 хувь, AfD нь 13 хувь, экс-коммунист нам 15 хувь гэхчлэн авсан ба AfD нам нь засгийн эрх баригч хоёр гол намын саналаас хумсалсан болж таарав.

 

Мекленбург-Померан мужид Германы төлөө альтарнатив нам эрх баригч Христосын Ардчилсан Холбоо намыг авсан саналаараа давж гарсан ба ГСДН нь 30 хүрэхгүй хувь, альтарнатив нам 21 хувь, Меркелийн нам 19 хувь, экс коммунистуудын Зүүний нам 13 хувийн санал авчээ.

 

Тэгвэл хагас жилийн өмнө 2016 оны 3 дугаар сард Баден-Вюрттемберг, Райнланд-Пфальц, Саксони-Анхальт гэх гурван мужид Ландтагийн ээлжит сонгууль явагдахад альтарнатив нам гэнэтийн түүхэн цөмрөлт хийхтэй адил үйл явдал болж билээ. ХБНГУ-ын Холбооны Засгийн газраас дүрвэгсдийн талаар барьж буй бодлогод германы ард иргэд үнэлэлт дүгнэлтээ өгсөн, цэг тавьсны илэрхийлэл тэр гурван мужийн сонгууль болсон юм. Тэр утгаар “түүхэн” гэж тодотгоё. ХБНГУ-ын томхон муж болох Баден-Вюрттембергт Ногоон нам 30.3 хувь, Христосын ардчилсан холбоо нам 27 хувь, Германы төлөө альтарнатив нам 15.1 хувь, Социал-демократ нам 12.7 хувь, Чөлөөт ардчилсан нам 8.3 хувь, Зүүний нам 2.9 хувь гэхчлэн авч байв. ХБНГУ-ын хоёр том нам хамгийн их хувийн санал алдаж, харин Германы төлөө альтарнатив нам огт хоосноос 15 хувийн санал авч шуугиан дэгдээжээ. Огт хоосноос 15 хувь руу үсрэнэ гэдгийг “гэнэтийн түүхэн цөмрөлт” хэмээн нэрлэж болно. Нэрсийн жагсаалт ба 2 тойрогт мажоритари сонгуулиар гэнэт гарч ирсэн нь энэ юм. Ногоон нам 30 хувийн санал авсан нь тус намын хувьд түүхэндээ ХБНГУ-ын аль нэг мужид хамгийн их санал авч тэргүүлсэн анхны тохиолдол нь.


Христосын ардчилагчид Берлиндээ засгийн эрх барьж байгаа ч мужид эрх мэдлээ сүрхий алдсан нь энэ байв. Энэ нам 58 жилийн турш тус мужид эрх барьж байгаад өмнөх сонгуулиар нэг ялагдаж, энэ удаа эргэж сэхэшгүй цохилт авчээ.

 

Хуучин БНАГУ-ын хэсэг байсан Саксони-Анхальт мужийн Ландтагт нийт 87 гишүүн сонгогдож, Христосын ардчилсан холбоо 30 суудал, Германы төлөө альтарнатив нам 24 суудал, Зүүний нам 17 суудал, Социал-демократ нам 11 суудал, Ногоон нам 5 суудал авч, Чөлөөт ардчилсан нам сонгуулийн 5 хувийн босгыг даваагүй тул суудалгүй хоцорчээ. Хуучин коммунист Германы энэ мужид иргэдийн улс төрийн идэвхи сэргэж, санал өгөгсдийн тоо ихээхэн нэмэгдсэн. Тэгээд ч энэ удаагийн сонгуулийн гол сэдэв нь Холбооны Засгийн газрын дүрвэгсдийн талаар баримталж буй бодлого байсан тул уг бодлоготой санал нийлэхгүй иргэд санаатайгаар идэвхи гарган саналаа өгсөн. Өмнө нь сураг нь ч байгаагүй альтарнатив нам эх орон руу нь чиглэсэн араб, афган, негр, эсэн бусын гадаадынхны цагаачлал, шилжилт хөдөлгөөний эсрэг байр сууриа сонгуулийн мөрийн хөтөлбөр болгон оролцож эдүгээ тус мужийн хоёр дахь том хүчин болчихоод байна. Райнланд-Пфальц мужид ч альнернатив нам нөлөө бүхий улс төрийн сөрөг хүчин болсон. Тэнд ГСДН 36.2 хувь, христосын ардчилагчид 31.8 хувь, Германы төлөө альнернатив нам 12.6 хувь, Чөлөөт ардчилагчид 6.2 хувь, Ногооны нам 5.3 бусад нам 5.1 хувийн суудалтай.

 

Ийнхүү Ландтагуудын сонгуульд анх удаа оролцсон альнернатив AfD нам оргүй хоосноос арав, бүр хорин хувийн босго давсан санал авсан нь Германы улс төрийн уламжлалт хүчтэй намуудыг алмайруулсан ба аль ч мужид улс төрийн 2 ба 3 дахь хүчин болж эхэллээ.

 

Гэхдээ эрх баригч ГСДН, Христосын Ардчилсан Холбоо нам AfD-тэй хамтрах тухай яриа огт байж болохгүй гэдгээ мэдэгдсээр өнөө хүрлээ. Хоёр том намын их эвсэл, эсвэл Чөлөөт ардчилсан нам, Ногоон намтай хамтрах боломжит хувилбарыг ярьж байгаа нь Германы улс төрийн хүчнийхэн хавтгайдаа альнернатив AfD намаас жийрхэж, эмээж байгааг илтгэх мэт. Зохиомжилсон биш ХБНГУ-ын эрх бүхий байгууллагаас гаргасан Герман дахь лалын мечетийн (мөргөлийн сүм) тоо ба байршлыг харна уу.


“Германы төлөө альтернатив нам”-ын ялж байгаагийн гол шалтгаан нэн ойлгомжтой. Дүрвэгсдийг ХБНГУ-д нэвтрүүлэх, орогнол олгохын эсрэг хүчтэй байр суурьтай, түүнийгээ популизмын сонгодог хэлбэрээр сурталчилж чадаж байгаа, тэр нь германы иргэдэд таалагдаж байгаагаас тэр юм. Энэ нам орон нутгийн сонгуулиар парламентад хүчтэй орж ирсэн нь германы ард иргэдийн дунд Холбооны Засгийн газрын дүрвэгсдийн талаархи бодлогыг эсэргүүцсэн байр суурь өдөр ирэхүйе өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

 

AfD гэдэг нам 2013 онд үүсэхдээ байнгын сонгогчгүй байсан боловч эдүгээ ГСДН, Христосын Ардчилсан Холбоо намын уламжлалт сонгогчдоос урвуулан, дээрээс нь сонгуулийн насанд хүрсэн залуус, Орос зэрэг гадаад орноос Германд эргэж очсон этник германчуудаас санал дэмжлэг авч, нийгмийн дунд давхаргынхнаас санал цуглуулах хэмжээнд очжээ. Берлинд аж төрдөг 150 мянган оросын немцүүдээс талаас илүү нь AfD-д санал өгсөн нь бүрч ноцтой юм.

 

Ингэхэд Герман ямаршуухан болчихоод ийм дээрээ тулсан хэрэг вэ? Өнөөгийн Герман гэдэг бол цагаачид, дүрвэгсдийг хүлээн авах үзүүлэлтээр АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том цагаачдын уурхай улс болжээ. Тэр уурхай нь хэд хэдэн ангилалтай: 1955-1973 онд хөдөлмөрийн гэрээгээр орж ирсэн гастарбайтер буюу гэрээт хөлсний ажилчид; гэр бүл бологсод буюу герман ба гадаад холимог гэр бүлийнхэн; Германы нутгаас өөр улсад аж төрж асан германчууд; улс төрийн дүрвэгсэд; Европын Холбоон дахь чөлөөтэй шилжилт хөдөлгөөнөөр ирэгсэд гэх мэт.

 

ХБНГУ-ын хүн амын 20 орчим хувь нь цагаачид байна. Ийм дээрээ тулсан олон шалтгаан байна. Түүхэн шалтгаан гэвэл дэлхийн II дайнд ихээхэн хохирол амссан, идэр залуу насны хамаг эрчүүдээ алуулж, эрэмдэглүүлсэн, ажиллах хүчний асар их хомсдолд орсон, дайны дараа эрчтэй хөгжих гэтэл ажиллах хүчнээр илт дутсан, ингээд 1955 оноос гадаадаас ажилчид авч эхэлсэн. Эхлээд Италитай (1955), дараа нь Испани (1960), Грек (1960), Турк (1961), Марокко (1963), Өмнөд Солонгос (1963), Португал (1964), Тунис (1965), Югославтай (1968) ажиллах хүчний гэрээ байгуулж, 1960 он гэхэд 280 мянган гадаад ажилчинтай болоод байв. Гэтэл 1973 он болоход нөгөөдүүл нь 2.6 сая болж өсч үржжээ.

 

Эхний үедээ хоёр жилээр гэрээлэн буцаагаад байсан бол яваандаа хууль тогтоомжоо өөрчилж, хугацааг сунган, 1964 оноос Германдаа үлдэж ажиллах, бүр гэр бүл үр хүүхдээ татаж авахыг ардчилал, хүнлэг ёсны үүднээс зөвшөөрчээ. Нэг онцлог нь гэвэл лалын шашинт орнуудын цагаачид өсч үржсээр төрөлтөөрөө германы иргэдээс хол давжээ. Лалын олон арван коммюнити хотуудад буй болж, улсын доторхи улс үүссэн нь хожмын олон явдлын маргааны эх үүсвэр болжээ. Германд ямар замаар орж ирсэнээс үл хамааран мусульманчууд иргэний харъяалал авч тэндээ үүрд шингэх арга замыг хайдаг. Эхлээд улс төрийн учир шалтгаан тоочдог, нутагтаа хэлмэгдсэн, эрх нь зөрчигдсөн, дарлуулсан болж харагдана. Тэгснээ Германы иргэнтэй гэрлэх явдлыг чухалчилна. Тэр нь хуурамч уу, жинхэнэ дурлал уу гэдгийг Германы эрх бүхий байгууллага төдийлэн сонирхохгүй, иргэний харьяаллын асуудал нь шийдэгдмэгц нөгөө мусульман нь эх нутгаасаа эцэг эх, ах дүүсээ шилжүүлэн аваачиж эхэлдэг ба тэр нь аажим аажмаар тэлсээр тэлсээр лалын бяцхан коммюнити үүсгэх, энэ бол ерөнхий загвар нь.


Тэгэхлээр тэрхүү Германы төлөө альтарнатив нам” (AfD) мужуудад ялаад эхэлсэн нь тэр итали, португал, югослав цагаачдыг хөөж гаргана гэсэндээ биш, харин дээр загвар болгож бичсэн лалынхны чимээгүй тэлэлт, тэдэн дээр нэмэгдсэн улс төрийн дүрвэгсдийг зогсоохын төлөө болж таарна. Хатагтай Меркелийг халамжлагч, намынх нь мөнхийн лидер Хельмут Колиoc эш татъя. Энд турк гэж ярьсан боловч бүхэлд нь мусульманчуудыг хэлсэн юм. Тэрээр Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчертэй явцуу хүрээнд уулзахдаа ярьсан ба тэр хоёрын ярилцахыг Колийн зөвлөх Хорст Тельчик, Тэтчерийн олон улсын харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Жон Коулз нараас өөр хэн ч сонсоогүй.


-Түрэгүүд маш хүнд хүмүүс, тэд европын соёлд тун дурамжхан дасч байна. Тэд шал ондоо соёлтой. Португал, италийн цагаачтай, тэр ч бүү хэл Зүүн өмнөд Азийн цагаачидтай ХБНГУ-д асуудал гардаггүй. Тэд Германы нийгэмд маш сайн интеграцчилагдаж байна. Хоёр өөр соёл хоорондын сөргөлдөөний жишээ нь гэрлэлт гэж нэг юм байна. Түрэгүүдийн хувьд албадалгын гэрлэлтээс авахуулаад асуудал зөндөөн.


Холбооны одоогийн Засгийн газрыг бүрдүүлж буй Христосын Ардчилсан Холбоо нам, ГСДН гэх хоёр гол нам мужуудад ялалт байгуулж чадаагүй нь логик төгсгөл рүүгээ хөвөрсөөр жилийн дараа 2017 оны намар болох Бундестагийн сонгуульд Холбооны Канцлер А.Меркель, түүний тэргүүлсэн эвсэл хэт барууны популистуудад ялагдах аваас гайхахгүй байж болохоор байна. Эсвэл түүнээс наана нь Канцлер А.Меркель огцорсноо зарлаж, улс төрийг орхин дэлхий даяар сенсаац дэгдээхэд бүр ч гайхахгүй ээ.



Д.Баярхүү

2016.10.07