sonin.mn

Өнөө өглөө УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хурлаар "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 22 гишүүн оролцсоноос 19 гишүүн буюу 86 хувь огцруулахыг дэмжсэнгүй. Харин гурван гишүүн буюу 13.6 хувь нь зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл Ерөнхий Сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан гишүүд бүгд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй гэсэн санал өгөв. 

Засгийн Газрыг огцруулах санал хураалт УИХ-ын чуулган дээр нийт гишүүдийн 50+1 санал авч хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болж үнэнд гүйцэгдэхээрээ Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дэмжээгүй гэдэг саналыг дэмжье гэдэг санал хураалт явуулахаар болжээ.


Ингэснээр 50+1 хувьдаа хүрэхгүй учраас Засгийн газрыг огцруулж болно гэж хор найруулсан хэрэг. Энэ бүхэн нь ил болмогц УИХ-ын зарим гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байхаар шийдсэн юм.


Үүнтэй зэрэгцэн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нар: "Ямар ч Үндсэн хуулийн зөрчил байхгүй ээ, гадаа хасах 40 градусын хүйтэн байхад гишүүд хуралдаа суугаач ээ" гэсэн юм яриад өдөржин суув.


Харин академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл энэ тухай: "​2019 оноос өмнө Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж зааж байсан. Тэгвэл 2019 онд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно” гэж заасан. Эдгээрээс үзвэл 2019 оноос өмнө Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны саналыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэдэг байсан буюу холбогдох байнгын хорооны саналыг үндэслэн санал хурааж болдог байсан. Гэтэл 2019 он орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд огцруулах саналыг л УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Ерөнхий сайдыг огцруулбал тухайн Засгийн газрын хувь заяа эцэслэн шийдвэрлэгдэх болно. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байна. Тэгж байж сая 2019 онд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгатай нийцнэ гэж үзэж байна." хэмээн тайлбарласан юм.


Өөрөөр хэлбэл Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан тэргүүтний шийдэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Ер нь С.Нарангэрэл академичийн тайлбар зөв үү? Нара, Х.Булгантуяа хоёрынх зөв үү?


Э.Солонго