НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) Туркийн Анталья хотод өндөрлөсөн ч оролцогч талууд улс төрийн шийдвэрийн талаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадсангүй. Ийнхүү 2009 оноос хойш анх удаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал нэгдсэн хэлэлцээргүйгээр өндөрлөжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн зэрэгцээ энэ асуудлаар олон улсын зөвшилцөлд хүрэх нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилт болж байна.
Хятадын Төв радио, телевизийн CGTN сувгаас дэлхийн 40 орны 10,032 иргэнийг хамруулан явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд уур амьсгалын засаглалд эрчим хүчний асуудлын ач холбогдол эрс нэмэгджээ. Түүнчлэн эрчим хүчний шилжилт улс орнуудын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг болж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн стратегийн ач холбогдол улам бүр өсөж байна.
Чулуужсан түлшний хэрэглээ энэ удаагийн бага хурлын хэлэлцээний гол сэдэв байв. Франц, Панам зэрэг улс хамтарсан захидал гаргаж, чулуужсан түлшнээс үе шаттайгаар татгалзах чиглэлийг хэлэлцээрт тодорхой тусгахыг шаарджээ. Харин Саудын Араб тэргүүтэй газрын тос олборлогч томоохон орнууд чулуужсан түлш ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
CGTN-ийн санал асуулгад оролцогчдын 77.8 хувь нь уламжлалт чулуужсан түлшний нийлүүлэлтийн хямрал дэлхий нийтийн өмнө тулгарсан бодит сорилт болсон гэж үзжээ.
Ирэх арван жилд дэлхийн эрчим хүчний салбарт тулгарах хамгийн том сорилтыг нэрлэхэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэгдүгээрт, эрчим хүчний үнийн хүртээмж хоёрдугаарт, хангамжийн аюулгүй байдал гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Эдгээр гурван асуудлыг онцолсон иргэд нийт оролцогчдын 77.7 хувийг эзэлжээ.
Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчдын 77.3 хувь нь эрчим хүчний тогтолцоог илүү цэвэр, олон төрөлт, өндөр үр ашигтай болгох нь дэлхийн эрчим хүчний сорилтыг даван туулах чухал арга зам гэж үзсэн байна.
Нийт оролцогчдын 74 хувь нь ирэх арван жилд дэлхийн эрчим хүчний тогтолцоонд шинэ эх үүсвэрийн ач холбогдол нэмэгдэнэ гэж таамагласны 42.6 хувь нь мэдэгдэхүйц өснө хэмээн хариулжээ.
“Дэлхийн өмнөд”-ийн орнуудын иргэд эрчим хүчний шилжилтийн ирээдүйд илүү өөдрөг хандаж байна. Тэдний 50 гаруй хувь нь шинэ эрчим хүчний эх үүсвэрийн ач холбогдол мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж үзжээ. Харин хөгжингүй орнуудын иргэд харьцангуй болгоомжтой байр суурь илэрхийлсэн бөгөөд 32.9 хувь нь мэдэгдэхүйц нэмэгдэнэ, 20 орчим хувь нь өнөөгийн түвшинд хэвээр байна гэж хариулсан байна.
Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 83.1 хувь нь шинэ эрчим хүч ашигладаг бүтээгдэхүүн дэлхийн хэрэглэгчдийн чухал сонголт болж байгааг онцолжээ. Оролцогчдын 80 орчим хувь нь ийм төрлийн бүтээгдэхүүнтэй танилцаж, хэрэглэж үзсэн байна. Тэдгээрээс эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нарны эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж, шинэ эрчим хүчний автомашин хамгийн түгээмэл хэрэглээтэй бүтээгдэхүүнээр нэрлэгджээ.
Антальягийн бага хурлын үр дүн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилго нийтлэг боловч түүнд хүрэх арга замын талаар улс орнуудын байр суурь зөрүүтэй хэвээр байгааг харуулж байна. Байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангах, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилтуудыг хэрхэн уялдуулах нь цаашид дэлхийн уур амьсгалын засаглалын гол сорилт болох төлөвтэй байна.
CGTN энэхүү санал асуулгыг хөгжингүй болон “Дэлхийн өмнөд”-ийн төлөөлөл болсон 40 орны 18-аас дээш насны иргэдийн дунд цахимаар явуулжээ. Судалгааны түүврийн нас, хүйсийн бүтэц нь тухайн улс орнуудын хүн амын тооллогын үзүүлэлттэй нийцэж байгааг зохион байгуулагчид мэдээлсэн байна.
Г.Бямба
Мягмар - 11 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
ХӨГЖЛИЙН ГАЛТ ТЭРГЭНДЭЭ СУУГААД МӨХӨЛ РҮҮГЭЭ ХУРДТАЙ ЯВЬЯ ГЭЖ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИУ ГУТЕРРИШ ХЭЛСЭН БАЙДАГ.