sonin.mn

Хагас дамжуулагчийн нийлүүлэлт өсөж буй энэ үед 2026 оны дүнгээр Өмнөд Солонгос улс экспортын хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт орж магадгүй байна. Энэ тухай Ёнхап мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.


Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын статистик мэдээллээр, энэ оны эхний долоон сарын хугацаанд Өмнөд Солонгосын экспорт 595.3 тэрбум ам.долларт хүрсэн нь БНХАУ ($2,52 их наяд), АНУ ($1,44 их наяд), Герман ($1,12 их наяд) Нидерландын ($627,7 тэрбум) дараа орох үзүүлэлт юм.


Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамны мэдээллээр, тус улс 7 дугаар сараас хойш Нидерландыг гүйцэж түрүүлсэн нь хиймэл оюун ухаан дэлхий даяар эрчимтэй хөгжиж, хагас дамжуулагчийн хэрэгцээ эрс өссөнтэй холбоотой юм. Таамаглаж байгаагаар, оны эцэст экспортын хэмжээ 1.17 их наяд долларт хүрснээр БНСУ дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх төлөвтэй байна.


Энэ оны эхний долоон сард хагас дамжуулагчийн экспорт нийт экспортын 30.5 хувийг эзэлж байсан бол наймдугаар сард 47.5 хувь, есдүгээр сард 49.9 хувь, 10 дугаар сард 49 хувьд хүрч өссөн байна.


Хагас дамжуулагчийг эс тооцвол, тус улс экспортын хэмжээгээр 8 дугаарт /$413,6 тэрбум/ бичигдэж байгаа юм. Ийнхүү экспорт нэг салбараас хэт хамааралтай байгаа нь хагас дамжуулагчийн зах зээлд уналт болох үед эдийн засагт эмзэг байдал үүснэ гэдгийг шинжээчид анхааруулж байна.  



Б.Адъяахүү