sonin.mn

Зээлээ төлсөн ч Монголбанкны хар жагсаалтад орж хохирсон иргэд болон ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нараас мэдээлэл хийж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж буй тухайгаа мэдээлэл хийлээ.


Тэд шаардлагадаа: "Арилжааны банк, ББСБ-аас зээл авсан иргэд авсан зээлээ бүрэн төлж дуусгасан ч Монголбанкны зээлийн хар жагсаалтад бүртгэлтэй байсаар байна. Энэ нь тухайн иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, иргэдийг эдийн засгийн харилцаанд олон жилээр оролцох боломжгүй байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл төр нь иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж чадахгүй. Иймээс банк, ББСБ-аас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан иргэдийг Монголбанкны зээлийн хар жагсаалтаас хасаж, тухайн иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг сэргээн эдлүүлж, зээлийн эрх зүйн харилцаанд дахин оролцох боломжоор хангахыг шаардаж байна" гэсэн байв.


Энэ үеэр Б.Жагар: " Монгол Улсын санхүүгийн дэглэмд ямар ч хүн байртай болох боломжгүй, ямар ч хүн хуримтлалтай болох боломжгүй, ямар ч хүн мөрөөдлөө биелүүлэх боломжгүй. Үр хүүхдийнхээ өмнө ээж, аавууд арчаагүй байдалд орж байна. Үр хүүхдийнхээ хэрэгцээг ч хангаж чадахгүй байна шүү дээ. Идэх хоолыг нь авч өгч чадахгүй, эмийг нь авч өгч чадахгүй болтлоо ядуурчихсан байна" гэлээ.


М.Чой