sonin.mn

Есүхэй баатарыг нас бармагц хурилдай зарлахгүйгээр Таргудай Хирилтуг “төрийн эргэлт” хийж, хамаг иргэдийг нь хамаж аваад нүүсэн буруу жишиг бий болгожээ.


МНТ-ны §77-д: “Бэгтэр довцог дээр есөн шарга агттай, есөн морь харан сууж бүхүй дор Тэмүжин, Хасар хоёр нум сумаар харваж хороосон” тухай буй. Энэ есөн морийг онголсон шүтээн сүрэг гэж оношлоод, овгийн “атман” Бэгтэр унаж биш, явган хариулмой гэж тайлсан судлаач байх юм.


МНТ-ны §90-д: Улхан дээр биш, гэрийн гадаа байсан шарга агттай найман морийг дээрэмдсэн хэрэг гарна. Ес дэх онголсон морийг нь унаад явсан Бэлгүдэй ганзага дүүрэн тарвага тэгнээд ирж байх юм.


§98-д: Мэргидүүд гэнэт довтлоход шүтээний есөн морьдоо бүгдийг нь барьж унаад зугтах ажээ. Онголсон морины нуруун дээр мордож болохгүй, бас унаж болохгүй учраас “шүтээн сүрэг” гэдэг сүржин тайлал худал байх боломжтой ажээ.


Онголсон морь бас оготор байх ёсгүй билээ. Сүүлээрээ юманд орооцолдохгүйн тулд цэрэг, дайны зориулалттай морьд л оготор байдаг бүлгээ.


Боорчи, Зэлмэ хоёрын нэгийг буулгаад Бэгтэрийн ээжид шарга агт унуулан зугтаалгах боломж байсан. Эсвэл Бэлгүдэй эхийгээ ардаа сундлаад ухасхийх боломж бас буй. Гэтэл эх нь Мэргидийн цэргийн араар сундлан сууж, Бөртэ Үжиний зугтсан зүгийг зааж өгсөн байх юм.


Хулхи нь хуурав, шүлс нь шүүрэв. Зөвхөн Тэмүжинг барьсугай. Бэлгүдэй, Хасар мэт нь над хэрэггүй. Ганцхан Тэмүжинг өгчих гэж Таргудай томорсон байдаг.


Нялх Сэнгүмийг бүслэлтээс гаргаж, амийг нь аврах ажиллагаанд оролцсон Чингисийн морийг “Чонон чихт” (Джики Бурэ) гэдэг бүлгээ. Есөн шаргын нэг нь энэ мөн байх.


Миний анализ ийм буюу.


М.Энхпүрэв