2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Япон Улсын Нагоя хотод Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (ВАДА) Ази, Номхон далайн бүсийн менежер Саравана Перумал, Төв Азийн бүсийн(RADOCA) захирал Венера Абдулла, БТСУХ-ны дарга Э.Билэгт, МҮОХ-ны төлөөлөл Б.Баяртуяа, Ц.Цэнд-Аюуш нар уулзалт хийлээ.
Уулзалтаар ВАДА-гийн төлөөлөгчид Допингийн эсрэг үндэсний дүрмийн төсөл 2027 оны шинэ Кодод нийцэж байгаа эсэхийг хянахад хугацаа шаардагдах тул төслийг боловсруулах, ВАДА-д хянуулахаар хүргүүлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөв. Мөн Монгол Улсад Кодод нийцсэн допингийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхэд МОНАДА-г жил бүрийн төсвөөр хангах Засгийн газрын дэмжлэг чухал болохыг онцоллоо.
Эрх зүйн шинэчлэлийн асуудлаар ВАДА-гийн төлөөлөгчид өмнө нь буюу 2026 оны зургадугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай уулзалт хийсэн. Тухайн үед Допингийн эсрэг үндэсний дүрмийг шинэчлэх, Биеийн тамир, спортын тухай болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зохицуулалтыг Кодод нийцүүлэх асуудлыг мөн хэлэлцэж байсан.
Эдгээр уулзалтын хүрээнд ВАДА-гийн зүгээс өгсөн зөвлөмжүүд нь дараах үндсэн чиглэлтэй байна:
1. Допингийн эсрэг үндэсний дүрмийн шинэчлэлийг эрчимжүүлэх.
2027 оны шинэ Кодод нийцүүлсэн төслийг боловсруулж, ВАДА-д хянуулан, Засгийн газраар батлуулах ажлыг хугацаанд нь дуусгах.
2. Холбогдох хууль тогтоомжийг Кодод нийцүүлэх.
Биеийн тамир, спортын тухай болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд шаардлагатай өөрчлөлтийг тусгах.
3. Допингийн эсрэг хөтөлбөрийн тогтвортой, хүрэлцээтэй санхүүжилтийг хангах.
МОНАДА-г Кодод нийцсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай жил бүрийн төсвөөр дэмжих.
Дүрмийн төслийг боловсруулах, ВАДА-д хянуулах, шаардлагатай засварыг тусгах, хэлний хувилбаруудын нийцлийг хангах, дотоодын батлах ажиллагааг дуусгахад тодорхой хугацаа шаардлагатай. 2027 оны 1 дүгээр сарын 1 хүртэл гурван сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул холбогдох байгууллагууд ажлын уялдаа холбоогоо хангаж, дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал юм.
Пүрэв - 10 сарын 08,
2026
Сэтгэгдэл0