sonin.mn

АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ өндөр албан тушаалтны гэрт нэгжлэг хийх үеэр олон зуун ширхэг алтан гулдмай байсныг илрүүлсэн байна. Энэ тухай NBC News мэдээлснийг Вашингтон дахь Kazinform агентлагийн сурвалжлагч дамжууллаа. Өдгөө 49 настай Дэвид Раш ТТГ-гийн Шинжлэх ухаан техникийн удирдах газарт өндөр албан тушаал хашдаг байсан бөгөөд гадаад улсын төлөөний хүмүүст Америкийн тагнуулын албаны нууц мэдээллийг өгч байснаа хүлээсэн байна.


Тэрбээр "маш нууц хөтөлбөр" гэгчийг санаанаасаа зохиож, төсвийн олон арван сая долларыг хувьдаа завшиж, Флорида муж улсад тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө болон алтан гулдмайнуудыг худалдан авчээ.


Мөрдөн байцаалтын явцад Раш улсын төсвөөс 194 сая долларыг хувьдаа завшсныг илрүүлсэн байна. Нэгжлэг хийх үеэр түүний гэрт 298 ширхэг алтан гулдмай, бэлнээр 2 сая орчим доллар, хоёр BMW автомашин, 35 ширхэг өндөр үнэтэй цаг байсныг хураан авчээ. Мөн Флорида дахь Палм-Бич, Хоб-Саундад 145 сая доллароор үл хөдлөх хөрөнгө худалдан авч, 1.8 сая доллароор хувийн онгоц захиалан ниссэнийг тогтоосон байна. 


Санхүүгийн гэмт хэрэг үйлдсэнээс гадна Раш 2025 оны сүүлчээр Америкийн тагнуулын албаны нууц мэдээллийг гадаад улсын төлөөлөгчид дамжуулан өгчээ. Энэ үйлдэл нь Америкийн тусгай албадын ажилтнууд, нууц мэдээлэгчдийн амь насыг эрсдэлд оруулж, шинээр мэдээлэгчид элсүүлэхэд хүндрэл учруулж байна.


Рашыг тавдугаар сарын 19-нээс хойш хорьж байгаа байгаа юм. Тэрбээр өөрийн боловсрол, армид алба хаасан талаараа худал мэдээлэл өгч, ТТГ-ыг төөрөгдөлд оруулсаар иржээ. Ирэх оны нэгдүгээр сарын 28-нд шүүх хурал болох бөгөөд Рашад 20 жилийн хорих ял оноож магадгүй байна. ТТГ-ын захирал Кэш Патель мэдэгдэхдээ “Раш тангаргаа зөрчин, хамтран ажиллагчид болон Америкийн ард түмнээс урвасан бөгөөд улсын олон сая долларыг завшиж, тансаглал, зугаа цэнгэлд зарцуулсан” гэжээ.



Б.Адъяахүү