sonin.mn

ЖЕНЕВ, 2026 оны аравдугаар сарын 8 /ANADOLU/. Йеменд мөргөлдөөн дахин дэгдсэнээс хойш 1000 орчим хүн амиа алдаж, 4200 гаруй хүн шархдаж, 198 мянган хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Энэ тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ.

Йемений засгийн газрын цэргүүд болон хуситуудын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед тус улсад үүссэн нөхцөл байдлын талааарх мэдээллийг тэрбээр Х нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн байна.




Йемений хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд ДЭМБ санхүүжилтээ 9 сая доллароос 31 сая доллар болгож нэмэгдүүлснийг тус байгууллагын тэргүүн мэдээлжээ. “Хүмүүсийн амь нас хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн тусламжаас хамаарч байна, иймээс донор орнууд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдлээ.




Иранаас дэмжлэг авдаг хусит босогчид ба Йемений армийн хоорондох мөргөлдөөн Таицын район ба Баб-эль-Мандебийн хоолойн орчимд улам ширүүсэж байна. Засгийн газрын цэргүүд хуситуудын эсрэг “Йемений үүр цайх үе” гэдэг ажиллагааг явуулж байгаа бөгөөд Саудын Араб тэргүүтэй олон улсын эвсэл агаарын дэмжлэг үзүүлж байгаа юм.



Есдүгээр сарын 28-нд Йеменд бүх нийтийн дайчилгаа зарласан байна.  



Б.Адъяахүү