sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Цогт хунтайжийн талбайд хүрэлцэн ирэхэд Булган цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.


Ерөнхийлөгч, Монголын ард түмний цогтой эх орончид, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эх орныхоо эрин зууны хөгжлийг түүчээлэн манлайлагч, анхдагч, эрдэмтэн мэргэд, урлаг, спортын алдартнуудын өлгий Булган нутгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. 


Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.  



Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Булган аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.



Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.


“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.


“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон. Булган аймагт гэхэд 32 аж ахуйн нэгж, 63 иргэн 7.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, ажлын байраа нэмэгдүүлсэн байна.



“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь дэмжин 20 сая мод тарьж, ургуулах амлалтаа үе шаттай хэрэгжүүлж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.


Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал байгааг тэмдэглэлээ.