sonin.mn
Монголын рок, попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг хэдийнэ бий болгож чадсан “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр өчигдөр бие даасан хоёр дахь цомгоо сонсогч, фэнүүддээ танилцууллаа. Тэрбээр анхныхаа цомгийг “I am Loүe” нэртэйгээр өнгөрсөн онд сонсогчдын хүртээл болгож байсан бол энэ удаа цомгоо “11.06” гэж нэрлэжээ. Түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.
 
-Хоёр дахь цомгоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе. Цомгийнхоо нэрийг “11.06” гэж нэрлэжээ. Ямар утга, учиртай тоонууд вэ?
 
-Маш их баярлалаа. Би арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн. Хоёр дахь бие даасан цомгоо өөрийнхөө төрсөн өдрийн тоогоор нь нэрлэсэн.
 
-Цомогт хэдэн дуу багтсан бэ?
 
-Долоон дуутай. 
 
-Долоохон уу?
 
-Тийм ээ, хүмүүст бага сонсогдож магадгүй. Гэхдээ цомгоо хийхээс өмнө “Амжиж хөтөлье гараас чинь” дуу маань бүтсэн байсан. Гэтэл хамтран ажилласан хүмүүс маань надад “Чанартай дуутай л бол цомогт хэдэн дуу байхыг зохиогч өөрөө шийддэг” гэж хэлсэн. Ингээд л өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цомгийнхоо ажилд орсон. Бүх дуугаа дүрсжүүлэхээр ажиллаж байна. 
 
-Цомогт багтсан “Зүрхэн тэмдэг” дууг нөхөртөө зориулж дуулсан гэдэг үнэн үү?
 
-Тийм ээ, нөхрийг маань залгахаар утасны дэлгэц дээр зүрхний зураг гардаг. Энэ дуу маань “Зөвхөн чамдаа зориулсан” гэж эхэлдэг. Дууны үг ч гэсэн нөхөртөө хэлэхийг хүссэн бүх л гоё зүйлээ хэлж, тусгаж өгсөн. 
 
-Ингэхэд таны хайрыг татсан тэр азтай залууг хэн гэдэг билээ?
 
-Нууцалмаар байна. 
 
-Яагаад тэр вэ?
 
-Миний хувийн амьдралаас илүү уран бүтээл маань сонирхолтой байна байх. 
 
-Яалаа гэж дээ, олны танил хүмүүсийн хувийн амьдрал нь ч гэсэн сонсогч, фэнүүдэд нь сонин байдаг. Ингэтлээ нууцлах шаардлага байна уу?
 
-Хань маань халамжтай, хүүдээ маш их хайртай. Өөрөөр хэлбэл, их сайхан залуу бий. Тэр миний уран бүтээлийг дэмжиж, өдөр бүр сайхан үгээр тэтгэж байдаг. Амьдрал үнэхээр сайхан байна. 
 
-Хүү тань одоо жигтэйхэн том болсон биз. Нэг ой хүрэх гэж байна шүү дээ?
 
-Хүүг маань Сүбээдэй гэдэг. Энэ сарын 9-нд нэг нас хүрнэ. Цаг хугацаа үнэхээр хурдан юм аа. 
 
-Гэр бүлийн хоёртоо хэр их цаг, зав гаргаж байна вэ. Учир нь, уран бүтээлчид ар гэрээ орхигдуулдаг талтай?
 
-Сүүлийн үед хоногийн 24 цаг надад хүрэлцэхгүй байна. Үнэхээр ингэж санагддаг болсон. Бүх зүйлийг цагийн хуваарийн дагуу хийж, цомгийнхоо ард гарлаа. Эмэгтэй хүн сайн хань, сайхан үртэйгээ байхдаа л аз жаргалтай байдаг гэдгийг биеэрээ мэдэрч байна даа. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"