sonin.mn

 

Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ойгоор Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн Монгол улсын арслан Уламбаярын Мижиддорж гуайг зорьж очин уулзлаа. Өөрийнхөө тухай ярихаас илүү нөхдийнхөө тухай, бусад бөхчүүдийн тухай ярихыг илүүд үзэх буурал арслан ийн өгүүлэв.
 
 
 
-Юуны өмнө гавьяат тамирчин цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргье?
 
 
 
-За баярлалаа. Гавьяат тамирчин цол авсандаа их л баярлаж сууна. Өмнө нь хэд хэдэн удаа гавьяатад тодорхойлогдож байсан юм. Даанч өгөөгүй. Гэтэл Элбэгдорж ерөнхөөлөгчөөс авах хувьтай байж л дээ. Спортын амжилтыг үнэлж мэддэг улс юм байна гэж ойлгож байгаа. Шагнал гардуулахаас нэг өдрийн өмнө надад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Баттулга “Танд гавьяат цол олгож байна. Маргааш ирж аваарай” гэсэн. Хүн гэнэт сонсохоороо их балмагдаж, баярладаг юм билээ. Хүүхэд шиг сэтгэл их л хййрч байна лээ.
 
 
 
 
 
-Олон жил ард олноо баярлуулж, цэнгүүлж явсны тань буян заяа төрийн дээд шагнал дагуулж ирлээ, тийм ээ?
 
 
 
-Тэгэлгүй яахав. Өмнө хэд хэд тодорхойлогдоод бүтэхгүй л байсан. Би өөрийгөө гавьяат цол авах амжилттай хүн гэж боддог байлаа. Тийм болохоор өгчих болов уу гэж их ч хүлээсэн. Харин энэ ардчилсан нийгмийн үед авах учиртай байж дээ. Энэ дашрамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга нарт маш их баярлаж байгаагаа онцолж дамжуулъя.
 
 
 
-Та үеийнхээ бөхчүүдийн тухай сайхан хууч дэлгээч?
 
 
 
-Миний үеийнхэн хэн нь ч хэнийгээ дийлнэ гэхэд хэцүү, эн тэнцүүхэн олон сайн бөхчүүд байлаа. Бие томтой, их барилдаанч, бяртай, зууралдаад зогсоод байхгүй. Ёстой л гүндүүгүй барилдацгаана даа. Миний ид үед Бээжин аварга, Сосорбарам арслан, Дэмүүл арслан, Жамъяндорж арслан гээд лут, лут бөхчүүд байлаа.
 
 
 
Бээжин аварга гэхэд хачин уран барилдаантай бөх. Бадамсэрээжид арслан биднээс арай өмнөх үе. Харгих тал руугаа хандсан үедээ бидэнтэй барилддаг байсан хэрнээ бас л лут байсан шүү. Их ч барилдаанч бөх. А.Сүхбатын барилдаан Бадамсэрээжид арслангийн барилдаантай төстэй санагддаг байсан. Түвдэн аварга ёстой сайхан бөх. Түүний дайны бие бялдар, хүч чадалтай бөх харагдахгүй л байна. Бие нь том, тэгшхэн. Бяр ихтэй ч гялалзсан олон хөдөлгөөн байхгүй. Бариад авбал суйлчихна. Доогуур нь хамаагүй гүйж орж болдоггүй. Орвол ганцхан ухраад л дарчихдаг байлаа.
 
 
 
Батсуурь аварга харин хурц, түргэн хөдөлгөөнтэй. Мөн ч лут шүү дээ. Тэр том дөрвөлжин биетэй хэрнээ хүний доогуур гүйж орох гэж жигтэйхэн. Сэрээтэрийн ордогоос бараг илүү орно шүү дээ. Их сэрвүү барилдана. Сэрвүүгээс айхтар дунгуйлдаад татчихна. Манай Чойжилсүрэн, Жамц хоёр бас их сайн бөхчүүд байлаа.
 
 
 
Жамц арслан лут бяртай. Нэлээд зузаан хүн. Барагтай хүн хөдөлгөх аргагүй. Их ч зоригтой барилдана. Айж бэргэхээ мэдэхгүй. Чойжилсүрэн арслан олон угсраа мэхтэй. Барьцгүй харваж дайрна. Хүний өө их ашиглана. Биеэ сул тавиад, их ч тайван уужуу барилдана даа. Манай “Хоёр Мөнх” биднийг залгаж гарч ирсэн. Ёстой агуу бөхчүүд.
 
 
 
 -Чойжоо арслан хавсрах мэхийг гарамгай хийдэг байсан гэдэг байх аа?
 
 
 
-Ээ, лут лут. Хүнийг хавсарчихаад эргэж ч харалгүй дэвээд явчихдаг хүн шүү дээ. Нэг удаа Дамдинг хавсарчихаад шууд л дэвээд явчихсан. Тэгсэн Дамдин уналгүй тогтчихгүй юу, эргэж ирээд тахимаа авах гэхэд нь “Би унаагүй шүү дээ” гээд инээж зогссон юм даг.
 
 
 
-Тэр бөхчүүдээс хамгийн бяртай нь хэн байсан бэ?
 
 
 
-Булганы “тэмээ өргөдөг” арслан Жамъяндорж байна. Бас Ө.Эрдэнэ-Очир арслан мундаг шүү. Дамдинг яаж бяргүй гэхэв дээ, тийм ээ? Гарлаа, давлаа л гэдэг хүн шүү дээ. Би Дамдинд мөн ч олон унасан даа.
 
 
 
-Нээрээ Дамдин аварга та хоёрыг наадмаар их олон барилдсан гэдэг. Гэхдээ дандаа л Дамдин аварга даваад байдаг?
 
 
 
-Ёстой болоогүй юм аа. Үнэхээр хүрэхгүй хүнд яагаад ч хүрдэггүй юм билээ. Хамт бэлтгэлд хүртэл гарч судлаад ч нэмэр болоогүй. Манай Дамдин чинь буриад хүн шүү дээ. Түүний нутгийн буриад Дорж гэж хүн байлаа. Сайн ч бөх байсан хэрнээ их эрт барилдахаа больчихсон хүн л дээ. Би Дамдингаа цаашлуулаад “Буриад бөхчүүд эрт харьдаг юм шиг байна. Дорж гуай эрт харьчихлаа. Чи энэ жил тааруу байна. Харьж байгаа юм биш үү” гэхээр босч ирээд намайг тасдаад хаях дөхдөгсөн.
 
Хүнийхээ хувьд бол ёстой л бурхан шиг хүн. Хүнтэй ам зөрж байхыг нь би нэг ч удаа хараагүй. Харин барилдахаараа барс шиг л омголон болчихно. Хурдан түргэн гэж жиггэйхэн. Гарны сарвуу томтой болохоор барьцанд амархан хүрнэ. Яах ийхийн завдалгүй л хөл рүү явчихна.
 
 
 
-Та Дамдин аваргын ямар мэхэнд хамгийн олон унасан бэ?
 
 
 
-Дандаа    хөлдөө алдчихна. Намайг мэх хийх завдал ер өгдөггүй байсан.
 
 
 
-Дамдин аваргад амлуулалгүй зайлсхийх ямар нэг арга байгаагүй юм уу?
 
 
 
-Дамдингаас зайлсхийх гэж том цолтой ахмад бөхчүүдэд өөрийгөө амлуулах гэж өднө өө. Гэхдээ очоод эвтэйхэн гуйхгүй давилуун юм ярьж байж бүр дургүйг нь хүргэчихнэ. Тэгээд л Дамдинтайгаа тунаад хоцорно доо.
 
 
 
-Дамдин аваргад “би нэг удаа давчихъя” гэж хэлж үзэв үү?
 
 
 
-Намайг заан болдог жил ёстой л харж үзсэн дээ, хөөрхий. 1956 онд юм шүү дээ. Бид хоёр начин цолтой, тунадагаараа    тунах шинжтэй. Тэгсэн Лувсан заан ам авалгүй алга болчихлоо. Нисэхийнхэн нь цай уулгана гээд аваад явчихаж. Лувсан заан, Дамдин, Хэнтийн “бандага” Шагдаржав бид дөрөв л үлдчихсэн байсан юм. Тэгсэн Дамдин маань “Чи бид хоёр бас л тунах нь. Би чиний өмнөх начин юм чинь бандгайг амлаад барилдчихъя.
 
 
 
Чи Лувсан гуайтай тунаад азаа үз. Онооныхонд очиж хэл” гэж хэллээ. Барагтай бол ам нээдэггүй хүн тэгэхэд харин ёстой сэтгэл гаргасан шүү. Би ч хөлийн сайдууд дээр очоод “Лувсан гуайг хэдий болтол хүлээх юм. Дараагийнх нь бөхөөр ам авахуулаач. Үгүй бол эхний амалсан бөхчүүдийг бүгдийг нь болиул” гээд хэл ам хийлээ /инээлээ/.
 
 
 
Хөлийн сайдууд ч “Лувсан заан байна уу, байхгүй бол дараагийн бөхөөр амлууллаа шүү” гэж 2-3 зарлачихаад Дамдингаар авахууллаа. Дамдин ч Бандагыг амаллаа. Ингэж Дамдин намайг нэг удаа өөрөөсөө мулталсан юм даа. Тэр жил би Лувсан заанаар тав, Авхиа харцагаар зургаа, Түвдэндорж аваргаар долоо даван заан болсон юм шүү дээ. Наймын даваанд Самданжигмэд арслан Цоодол арсланг амлаад би Дамдинтайгаа л яалт ч үгүй тунасан. Дамдин маань тэр жил анх удаагаа түрүүлсэн дээ.
 
 
 
-Та төрийн наадмын түрүү булаалдсан наадмаа одоо эргээд нэг дурсвал сонин байх болов уу?
 
 
 
-Би 1963 онд улсад үзүүрлэсэн хүн. Тэгэхэд нас ч залуу байсан, сайн ч байсан үе. Тавын даваанд Булганы “тавхай” Баасанг даваад, зургаад Бээжин аваргад амлуулж даваад, долоод Жамцтай, наймд Чойжилсүрэнтэй барилдсан. Гурван айхтар бөхтэй барилдаад гарч нэлээд цуцах шинжтэй. Тэгээд есд Мөнхбат аваргатай барилдсан. Мөнхбатын ид цоорч гарч ирж байсан үе л дээ. Би хаявал хаячихаж мэдэхээр байсан. Гэхдээ Мөнхбат их ухаалаг барилддаг золиг байгаа юм. Тэгээд дараалан таван жил түрүүлсэн бөх.
 
 
 
-Та залуудаа бас нэлээд чацархуу өндөр бөхчүүдийн нэг байжээ?
 
-Миний өндөр 187 см, жин 100 орчим л байсан. Хувиараа бэлтгэл их хийдэг байсан. Төмрөөс салахгүй. Байнга л гир өргөж байна. Гир бол нэлээд бяр суулгадаг эд байгаа юм.
 
 
 
-Та биеийнхээ аль хэсэгт арай илүү бядтай, тамиртай байсан бол…?
 
 
 
-Хоёр шуу, хөлөндөө л овоо байсан болов уу. Багадаа адуу малтай их ноцолдсоон. Тэр бяд суухад их нөлөөлсөн шүү.
 
 
 
-Та бяр тэнхээгээ шалгаж ямар нэг онцгой зүйл өргөж байсан уу?
 
 
 
-Хөдөөнийхөн хавар иднэ гээд үхрийн махыг ширэнд нь боогоод үүцэлдэг дээ. Тийм томхон үүц зэргийг өргөж байсан нь бий. Хүнийг модон тэрэгний буулган дээр суулгаж байгаад, голыг ланзтай нь холбож уячихаад өөрөө буулганд нь ороод өргөдөг байсан. Одоогийнхоор бол штанг өргөхтэй төстэй ухаантай юм уу даа. Бас нэг овоо бяр шалгасан нэг зүйл болсон юм. /Энэ үеэр Мижээ арслан Дамдин аварга хоёр хамтдаа УАЗ-69 машин өргөсөн тухай нэгэн түүхийг яриад, циркийн Намхай хэмээх гэрч болох хүнээс нь сайн асууж лавлаж байж бичээрэй гэсэн тул уг түүхийг дараа оруулахаар үлдээв/.
 
 
 
-Та ямар мэхийг голлож хийдэг байв?
 
 
 
-Мэх түрүүч нь мартагдаад, шинэчлэгдээд л явдаг эд. Залуудаа их суйлдаг байлаа. Сугадаж аваад баруун тонгорно. Ийм л хоёр мэх гололдог байсан. Сүүл үед дэгээддэг болсон. Дэгээ их олон хувилбартай мэх. Дэгээдээд давуулаад эргэнэ, хөмрөнө, хөдлөхгүй бол дэгээгээ мултлаад ухраад дарчихдаг. Үгүй бол халз дэгээ хийгээд дайрчихдаг.
 
Энэ дөрвийн аль нэгийг хийсэн байхад давж л салдаг байлаа. Бас баруун гар шуудганд хүрэх л юм бол сугадаад өргөөд татаад хаячихдаг байсан. Бас баруун ташаандаа бэрх. Баруун ташаагаараа олон ч даваа авсан. Олон ч цол авах гэж яваа бөхийг “хорлосон” доо. Өөрөө дээшээ барилдаж байгаа болохоор яах аргагүй л тав дээр цол горилсон залуусаас аваад тасддаг байлаа.
 
Одоо миний өвдөгний шингэн байхгүй болчихоод хөдлөхөд их тааруу байгаа. Үүнийгээ би хүмүүст тоглоомоор “Олон бөхийг баруун ташаагаараа хорлосноос болоод миний энэ баруун өвдөг шингэнгүй болчихсон юм” гэж хэлж суудаг.
 
 
 
-Жишээлбэл дэгээ мэхийг ямар бөх хийхэд илүү тохиромжтой байдаг юм бэ?
 
 
 
-Өндөр хүн хийвэл их тохиромжтой мэх байгаа юм. Гарьд Ганбаатар, Баяржавхлан нарт их тохирох мэх. Даанч хийхгүй юм. Гэхдээ одооны залуучууд халз дэгээг нэлээд хийдэг болсон байна лээ. Сугадаж байгаад халз дэгээддэг. Буур Жамъян аварга харваад хонгодоод дайрчихдаг байсан юм гэнэ лээ. Хэрвээ хонгодоод болохгүй бол халз дэгээг хийдэг. “Буурын халз дэгээ” гэж нэлээд алдартай байсан юм гэдэг, тухайн үедээ.
 
 
 
-Та одоо өөрийнхөө тухай жаахан ч гэсэн ярьж өгөхгүй юу?
 
-Би ч өөрийнхөө тухай ярьсаар бүр залхчихсан хүн дээ.
 
-Мэддэг нэгэнд тийм байж болох ч, мэдэхгүй залууст бас сонин л байх болов уу?
 
-Би багаасаа л бөх болох хүсэлтэй байлаа. Манай нутгийнхан их наадамч, найрч, хурд их уядаг газар л даа. Нутгийнхаа бөхчүүдийг хараад тэдэн шиг бөх болохыг мөрөөднө. Хөдөөний хүүхдүүд л болсон хойно хаана л бол хаана барилдаж, ноцолдож явна. Жинхэнэ бөхөд шимтэж, барилдаж явсан үе гэвэл 20 гаруй жилийн амьдрал минь байна даа. Тэр хугацаанд төрийнхөө их баяр наадамд 17 удаа шөвгөрлөө.
 
-Анх Хашаатаас хөтөлгөө морьтой улсын наадамд ирж барилдсан гэдэг байх аа?
 
-Тэр чинь Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадам байгаа юм. Тэгэхэд би 19 настай байлаа. Хашаатаас хоёр хөтөлгөө морьтой ирж барилдсан. Тухайн Үед би сонгууль болон Майн баярын барилдаанд түрүүлчихсэн өөрийгөө лут бөх болчихлоо гэж бодож ирсэн хүн. Тэгээд улсын наадамд ирээд Их монгол гуай, буур Жамъян гуай, боохой Данзан гуай, Түвдэндорж гуай, Чимэд-Очир гуай зэрэг бөхчүүдийг хараад өөрийн эрхгүй сүрдсэн шүү.
 
Тэдний бие хаа, зогсолт, гараа, дэвээ, шаваа гээд бүх юм нь сүртэй харагдаж байгаа юм чинь. Тэгж байтал наадам ч эхэллээ. Нутгийнхаа айлын хашаанд гурван морио чөдөрлөж хоноод өглөө нь наадмын талбайд ирнэ. Гурав дахь өдөр нь миний нэр гарлаа.  Барилдахаар гартал надтай адилхан чөрийсөн нөхөр байна. Энэ юухан байхав гээд бодож дуусаагүй байхад намайг аваад шидчихлээ.
 
Тэгээд гараад иртэл морьд минь алга. Аз болж нутгийн аянчид таараад тэдэнтэй буцах боллоо. Тэд ч их дуртай байна, ачаа тээшээ өргүүлэх гээд. Намайг морьдоо алдаад аянчид дагаж ирснийг дуулаад үеийнхэн минь жил хэртэй доог тохуу хийж билээ. Мижээ онгоцоор ирэв үү, машинаар ирэв үү гээд л. Дараа жил нь арай сайжирч гурав даваад, дөрвийн даваанд Чимэд-Очир аваргад унасан.
 
Тухайн үедээ Чимэд-очир аваргад “Хаа холоос зориод ирсэн нутгийн намайг амлаж хаялаа” гээд гоморхоход минь Чимэд-Очир гуай “Юу гэсэн үг вэ? Сайн бөхөд унаж байж сайн бөх болдог юм. Чамд их ирээдүй бий. Би өөрөө нутгийнхаа хоёр арсланд их олон унаж байж бөх болсон хүн” гэж билээ. Тэр хоёр арслан нь “аат” Лувсандорж, “суугаа” Содов хоёр.
 
Би тэр жилээ цэрэгт ирсэн. Манай дарга Дандар гэж бөхөд их дуртай хүн байлаа. 1954 онд даргатайгаа хамт Дорноговийн наадамд очиж барилдан түрүүлсэн. Тэгтэл дарга маань “Чамд их ирээдүй бий” гээд хот руу шилжүүлснээр хотод ирж барилдаад 1955 онд начин болсон хүн дээ. Түүнээс хойш улсад 17 удаа шөвгөрсөн. Яахав, арслан цолтнууд дотроо хамгийн олон шөвгөрсөн нь. Ард олон мэднэ дээ.
 
-Ахмад бөхийн хувьд бөхийн хөгжил, залуу үеийнхээ тухай ямар бодолтой явдаг вэ?
 
-Бөхийн холбооны хийж байгаа сайн сайхан ажлыг тоочоод баршгүй. Яагаад гэвэл ард түмнээ жинхэнэ утгаар нь баярлуулж чадаж байна шүү дээ. Өмнө нь монгол бөхийг дутуу үнэлэх үе гарч л байсан. Харин Монголын үндэсний бөхийн холбоо гэж байгуулаад бөхөө байранд нь тавьж байна. Орчин үетэйгээ нийцүүлэн бөхийн журам гаргах ёстой байсныг Р.Нямдорж, Д.Данзан хоёр тун сайн олж харан гүйцэлдүүлж байгаа юм.
 
Орчин үеийн хэллэгээр яривал менежмент сайтай ажиллаж байна. Бөх бол үе үеэрээ л хөгжиж байдаг зүйл. Үндэсний бөх бол жинхэнэ бөх юм. Эрийн гурван наадамтай мөртлөө бөхийг голчлон үздэг, мэддэг шүү дээ. Монгол үндэсний бөхийг би дэлхийн бөхийн хаан л гэж боддог. Одоо бөхийн нэгэн шинэ үе гарч ирж байна.
 
Энэ тачигнасан залуучууд дотроос олон сайхан цолтон төрнө дөө. Гэхдээ Түвдэндорж аварга шиг, Чимэд-Очир аварга шиг том биетэй, бяртай бөх ховордоо юу даа. Намсрайжав харцагын хүү а.а Батсуурь их сайн барилдана аа. Айхтар барилдаанч, хөдөлгөөнтэй хүүхэд харагдаад байгаа. Удамтай ч юм. Бас а.а П.Бүрэнтөгс байна. Юм дуулгах хүүхэд дээ. Улсын цолтнуудаас Мөнхбаатар арслан овоо тогтмол барилдаад байх юм.
 
Сайн ч барилдаж байна. Өөрөө барилдъя, давъя гээд шимтвэл ямар ч бөхийг хаячихаж байгаа харагддаг. Миний төрлийн хүү у.з Санжаадамба байна. Түүнд их ирээдүй бий гэж боддог. Улсын заан том цол. Гэхдээ Санжаадамбыг үүнээс цааш явж, илүү амжилт үзүүлнэ гэж их итгэдэг. Энэ дашрамд залуусдаа хандаад хэлэхэд ахмад үеэ хүндлэх, архи тамхинаас зайлсхийх, хэрүүл хараал зэргийг цээрлэх ёстой.
 
Одооны залуус наадамд тав давчихаад гараа зангидаад гүйчих юм. Хэн нэгнийг занаад байгаа ч юм шиг. Энэ их эвгүй харагддаг. Уг нь бөхчүүд маань давчихаад хангарьд шувуу шиг намбатайхан дэвээд явах нь сайхан харагддаг шүү дээ. Дээр үеийн бөхчүүдээ хүндлэхдээ ахмадын өмнүүр орж яриа өдөхгүй, идээ тавганд түрүүлж хүрэхгүй. Тэр ч битгий хэл моринд нь мордуулж, буухад нь тосдог байсан юм.
 
Гэхдээ одоогийн залуучуудыг хамаагүй муулж болохгүй л дээ. Эд нарын орчин нөхцөл нь өөр болж, ёс жаягтаа аяндаа суралцаад л явах байх. Бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Унах тусам тэр мэхэндээ боловсорч байх ёстой. Мөн даруу төлөв бай. Аархуу зангаа барилдаан дээр л гаргах хэрэгтэй. Гэхдээ хий онгирч, сагсуурах биш.
 
Өөрийнхөө бяр чадлыг өрсөлдөгч бөхдөө мэдрүүлж чадвал уран барилдаан гарах юм. Бусад үед даруу төлөв байж бусдад хүндлэлтэй байх нь бөх хүний эрхэм чанаруудын нэг дээ.
 
-Баярлалаа танд.
 
С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх”