sonin.mn

 

Хууль бус үр хөндөлт олширсон тухай манай сонин хөндөж байсан. Харин энэ удаад үр зулбуулах эмийн талаар бичиж байна. Эруүл мэндийн тухай хуульд «Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно» гэж заасан байдаг.

Харин өнөөдөр хариуцлагагүй эхийн хүсээгүй жирэмслэлтийн уршгаар олон ураг хэвлийдээ хүн болох эрхээ хасуулж байна. Нийслэлд эмэгтэйчүүдийн 120-иод эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 13 нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй гэнэ. Гэтэл өнөөдөр «эмэгтэйчүүдийн эмнэлэг» гэсэн хаягтай газар болгон нууцаар үр хөндөлт хийж, зулбуулах эм худалдаалж байгаа нь нууц биш.

Зарын сонингуудаар үр зулбуулах эм зарна гэх өгүүлбэр харагддаг. Хамгийн гол нь зах зээл байгаа болоод л Замын-Үүдээр эм орж ирээд байна. Сүүлийн жилүүдэд үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн нас залуужиж 16-18 насны охид олонх хувийг эзлэх болжээ. Тиймээс дунд ангиас нь нөхөн үржихүйн боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбарт оруулах хэрэгтэй юм. Нөхөн үржихүйн эрүүл мэндэд шаардлагатай жирэмслэлтээс сэргийлэх багаж хэрэгслийг ДЭМБ, НҮБ-ын тусламжаар манай улсад нийлүүлдэг аж. 2009 оноос эхлэн улсын төсөвт 50 сая, дараа нь 80 сая, 2011 онд 150, харин энэ жил 250 сая төгрөгийг үр хөндөлтийн эсрэг зарцуулахаар төлөвлөжээ. Гэтэл энэ бүх төсөв, хөрөнгө юунд зарцуулагдаад байна вэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 30 гаруй мянган эмэггэй үр хөндүүлсэн гэсэн статистик тоо баримт гарсан байна. Хүн ам багатай манай улсад дэндүү их тоо. үр хөндөлтийн хор уршгийг тайлбарлах ч илүүц биз. Дахин хүүхэд тээх боломжгүй болох, эмэгтэйчүүдийн өвчин үүсэх гээд л ар араасаа асуудал хөвөрнө.

Олон улсын байгууллага болон төрөөс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа ч «Миний хүсээгүй хүүхэд» хэмээн үр хөндүүлсээр л байна. Цаашид ч ийм үзэгдэл үргэлжилнэ.

Эрүүл ахуйн стандартын баталгаагүй үр зулбуулах эм гадуур их хэмЖээгээр худалдаалагдаж байгаагаас охид, бүсгүйчүүд хуурамч эмэнд хордож эрүүл мэндээрээхохирох, цаашлаад амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ.

Нөгөөтэйгүүр хил гаалиар хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дээрх төрлийн эмийг хулгайгаар оруулж ирдэг иргэд нэмэгдсэн байна. Чанарын шаардлага хангахгүй хуурамч эмийг ихэвчлэн «Нарантуул» зах болон бусад томоохон захуудад хямд үнээр борлуулдаг сүлжээ бий болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн хоёрдугаар сард илрүүлж байсан. Гэвч одоо ч энэ төрлийн бизнес зогсохгүй, харин ч гар дээрээс борлуулагч иргэдийн арга улам нарийсч байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хуурамч эмийн хор уршгийн талаар эмч мэргэжилтнүүдээс тодруулахад «Сүүлийн үед амьдралын боломж тааруу охид, бүсгүйчүуд хуурамч эм ууснаас үүдэн хордох, амь насаа алдах тохиолдол олон гарч байна. Өнгөрсөн онд гэхэд ийм тохиолдол 10 гаруй бүртгэгдсэн. Ихэнх нь «Мизопростол», «Мифепристон» гэх нэртэй эм ууж хордсон байна. Дээрх эмүүдийг урд хөршид үйлдвэрлэсэн. Мөн үнийн хувьд хямд байдаг. Харин эрүүл мэндийн байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэй эм нь 40-50 мянган төгрөгийн ханштай байхад, хуурамч нь 6000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй» гэсэн хариулт өглөө.

Дээрх эмийг уусан эмэгтэйчүүд цус их хэмжээгээралдаж, хордлогод ордог аж. Мөн хүүхэд төрүүлж чадахгүйд хүрдэг, амь насаа алддаг байна. 2009 онд олныг цочирдуулсан нэг хэрэг гарсан. Тодруулбал 26 настай нэгэн эмэгтэй «Микопростол» эм ууснаас цус алдан Нэгдүгээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэн иржээ. Тухайн үед эмч нар түүнийг хүүхэд төрүүлэх чадваргүй болсон гэж үзсэн байна.

Түүнээс гадна энэ оны гуравдугаар сард гэхэд Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Ганчимэг, Э.Энхцолмон нар үр зул-буулах « Мизопростол », «Окситочин» гэсэн хятад бичигтэй хуурамч эмийг гар дээрээс зарж байгаад цагдаагийнханд баригджээ. Уг хэргийг шалгах явцад дээрх эмийг Дорнод аймгийн Хянгын боомтоор оруулж ирэн, улмаар жил гаруй борлуулсан болох нь тогтоогдсон байна. Энэ боомт болон бусад боомтууд дээр эм, тариаг хянадаг улсын байцаагч ажилладаггүй талаар эх сурвалж өгүүлж байсан юм. Төрийн байгууллагын энэ гажуудлыг эмний хулгайн бизнес эрхлэгчид овжин ашигласаар.

Судалгаанаас харахад энэ эмүүдийг оюутан охид, бэлгийн боловсрол, мэдээлэл муутай алслагдмал газрын эмэгтэйчүүд хэрэглэдэг бөгөөд дийлэнхийг нь Эрээнээс бараа зөөдөг наймаачдаас авдаг гэсэн байна.

Мөн зарын чат, сонин, сайтад «Хүсээгүй жирэмслэлтээс найдвартай аварна» гэх сайн, сайхан үгээр халхавч хийсэн сурталчилгаанд хууртсан охид олон. Уг нь «Мизопростол» хэмээх эмийг дээд тал нь дөрвөн долоо хоногтой ургийг зулбуулахын тулд уудаг бөгөөд ингэхдээ зохих зөвшөөрөл бүхий эмнэлэгт, эмчийн хяналтад уух ёстой аж. Энэ эмийг гадаадад байгаа монголчууд интернэт сүлжээ ашиглан худалдаалдаг. Тухайлбал «mglclub.com» сайтад «Үр
зулбуулах эм байна. тел: 010-5805-3241» гэжээ. Энэхүү зарыг түгээгчийг Батка гэдэг бөгөөд сарын давтамжтайгаар зар гаргаж, үүнд хандсан эмэг-эйчүүдийн тоо 100 хол давсан байв.

Үр хөндүүлэх, зулбуулах үед гарч болох хүндрэлүүд:

• Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд

• Халдвар орж цаашид хүндрэх

• Өвдөлтийн шок

• Зөөлөн эд урагдах, умай цоорох

• Умай агшихгүй байх, эхсийн хэсэг үлдэх

Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл:

• Сарын тэмдэг алдагдах

• Умайн булчингийн агших чадвар сулаас умайн хөндийд шавхарга хуримтлагдах

• Умай, түүний дайврын үрэвсэл үүсэх

• Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх

• Архаг үрэвсэл сэдрэх

• Үргүй болох

• Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах

• Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаас урьтаж ховхрох, цус алдах

Байдал газар дээрээ ийнхүү хурцдаж байхад холбогдох хяналт, шалгалтынхан хуурамч эмний далд бизнесийг цэгцлэх талаар дорвитой ажил хийхгүй байна. Өөрөөр хэлбэл хяналт шалгалт хийх тогтолцоо буруу байгаагаас амьдралын боломж тааруу олон эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдсаар байна.

Зөвшөөрөлгүй эмийн худалдаа эрхэлж байгаад баригдсан иргэнийг Эрүүтийн хуулийн 198 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэдэг заалт өнөөдөр зөвхөн цаасан дээр л байсаар, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй.


Г.Амартүвшин

Эх сурвалж: "Өглөөний сонин"