сонин mn
"NoNaadam" хөдөлгөөний үүсгэн байгуулагч, иргэний нийгмийн идэвхтэн Д.Монголхүүтэй ярилцлаа.
 
“NoNaadam” хөдөлгөөн албан ёсны зохион байгуулалтанд орж, Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газрыг огцруулах санал гаргалаа. Яагаад энэ саналыг гаргах болов гэдгээс яриагаа эхлэе?
 
Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрыг огцруулах санал биш юм.
Энэ бол шаардлага. Хэзээ огцорно, тэр хүртэл нь бид шаардсаар байх болно. “NoNaadam” хөдөлгөөний хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ маань гарч, албан ёсоор Төрийн Бус Байгууллага болсон байгаа. 
 
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг ямар учраас огцруулахыг шаардаж байгаа юм бэ?
 
Анх 6-р сарын 25-нд "NoNaadam" хөдөлгөөн Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар нэг ч үг дуугараагүй. Тухайн үед бид Засгийн газар ажлаа хийгээч ээ, ийм асуудлууд дээр анхаарал хандуулаач ээ гээд 8 зүйл бүхий шаардлага өгсөн. Хүүхдүүд хичээлдээ явах хэрэгтэй байна, хувийн хэвшлүүд элгээрээ хэвтчихлээ. Иймээс одоо энгийн амьдралдаа орьё оо л гэсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газарт та нар зөв бодож чадахгүй байгаа бол бид бодоод шийдэл хэлээд өгье, та нар хэрэгжүүлээд явчих гэдэг дэмжлэг үзүүлсэн юм. Гэсэн ч Засгийн Газар огт ажлаа хийж чадахгүй байна.
 
Хэрэв та нар анзаарсан бол Засгийн Газар хийх ёстой ажил руугаа орж чадахгүй байснаас үүдэлтэй сөрөг үр дагавруудыг сарниулах арга хэмжээг одоо авч эхэлж байна. Тэр нь юу вэ? гэхээр хүмүүсийг зугаа цэнгэл рүү чиглүүлж байна.
 
Овоо тахиж байна. Наадам хийж байна. Жишээ нь : “Цахим үндэстэн” л гэнэ.
Өөрөөр хэлбэл пиараар л бид сайн ажиллаж байгаа шүү гэдэг мессежийг өгөх гээд оролдож байна. Хүмүүсийн хэвийн амьдрал алдагдаад байгааг мартуулахын тулд зугаацуулж байна шүү дээ. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг парк дээр үйл ажиллагаа явуулаад бантсандаа одоо бар, караокег хэвийн үйл ажиллагаанд нь оруулна гээд эхэллээ. Иргэдийг талбай дээр гараад ирэх вий, шаардлага тавих вий гэж айгаад л ийм үйлдэл хийж байна. Дайн, байгалийн гамшиг, тахал гээд гуравхан давагдашгүй хүчин зүйл байдгийн тахалтай нь бид нүүр тулчихаад байна. Үүнийг бид нэгдэж нягтарч байж л давж гарна. Гэтэл Засгийн газар нь иргэдээ хаячихаад, мянга мянгаар нь үхүүлчихээд огт тоохгүй бүр ахиад хэдэн мянгаар нь үхүүлэх гэж байгаа юм шиг олноор нь цуглуулж байна. Ийм Засгийн газартай одоо юу ярих юм бэ? ярих юм байхгүй. Огцор.
 
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи үйл ажиллагааг нэгтгээд дүгнэвэл?
 
1990 оноос өмнө би хүүхэд байсан учраас тухайн үед байсан Засгийн газруудыг мэдэхгүй. Харин 1990 оноос хойшхи байгуулагдаж байсан Засгийн газруудаас хамгийн муу нь Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Хойшдоо төрд иймэрхүү хүн очвол ингэж ажилладаг юм байна гэдэг хамгийн муу жишиг.
 
Шатахууны нөөц тасарсныг Орос, Хятадын гео политикийн бодлоготой холбоотой юм аа, түүнээс бус Засгийн Газартай холбоогүй гэж МАН-ынхан ярьж, бичээд байгаа. Мөн Г.Ёндон сайд бол иргэд хэт их бензин авснаас хомсдол үүсч байна гэж ярьсан шүү дээ?
 
Г.Ёндон сайдын яриаг хараад би twitter-тээ “Уучлаарай, би усанд ордог ванндаа бензин дүүргээд авчихсан юм” гэж шоглож бичсэн. БНХАУ-аас бид бензин авдаггүй шүү дээ. Бараг 100 хувь ОХУ-аас авдаг. Гэхдээ Орос руу буруугаа чихэх гэж байгаа бол уучлаарай, Ерөнхий сайдаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа:  “Хүссэн ч, эс хүссэн ч би энэ Засгийн газрын тэргүүн. Одоо чөлөөт зах зээл байхгүй” гэж хэлсэн шүү дээ. У.Хүрэлсүх мөн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар тавихдаа миний хийж байсан ажлыг, миний бодлогыг үргэлжлүүлээрэй гэсэн. Л.Оюун-Эрдэнэ нь ч залгамж халааг нь аваад чөлөөт зах зээлийг жам ёсных нь дагуу явуулахгүй байна шүү дээ. Уг нь бензиний үнэ нэмэгдэх эсэх нь биднээс шалтгаалахгүй. Дэлхийн зах зээл дээр бензиний үнэ яаж нэмэгдэх вэ? гэдэг нь Монголчуудаас хамаардаг зүйл биш, бид нөлөөлж чадахгүй. Бензиний үнэ буулга гэж шаардах нь тэнэглэл. Харин бид чөлөөт зах зээлийг шаардаж чадна. Чөлөөт зах зээлийн үед хэн дуртай нь бензин оруулж ирж болдог. Хэрэглэгчээ татахын тулд үнийн өрсөлдөөнд орно. Бидэнд ийм л боломж байгаа. Бусад хүмүүс ч гэсэн бензиний үнэ нэмэгдчихвэл орлогоо нэмэхийг бодож эхэлнэ шүү дээ. Энэ баланс чөлөөт зах зээл байгаа үед л хангагдана. Гэтэл Засгийн газар нь борлуулагч компаниудыг та нар бензиний үнээ буулга гэснээс болж өнөөдрийн энэ байдалд хүрчихлээ. Бүр ичихгүй нөөцийг нь очиж шалгасан, жоохон юм байсан гэж ярьж байна лээ. Засгийн Газар хувийн хэвшлийн барааны нөөцийг шалгаад явж байна гэдэг чинь дарангуйлал байгаа биз? Хувийн байгууллага, аж ахуйн нэгж юугаа нөөцөлж, хэдийг борлуулах нь төрд ямар хамаа байна аа? Талхны цех ажиллуулдаг хүн дээр очоод яагаад талхны үнэ нэмээд байна? Та нар олигтой нөөцөлсөн юм уу гэдэгтэй адилхан зүйл яриад байна.
 
Энэ Засгийн Газарт эдийн засгийн, эрхзүйт нийгмийн анхан шатны ойлголт алга. 1990 оноос өмнөх намынхаа, коммунист нийгмийн соёлыг яг тэр чигээр нь өвлөөд ороод ирчихэж. МАН бол Сталин школьтой нам. В.И.Сталин шоронгийн хулгайч байсан. Орос орныг шоронгийн школоор удирдаж авч явсан. Яг тэр арга барилаараа Монгол Улсад  МАХН гээд нам байгуулчихсан. Нөгөө МАХН нь Оросын бодлогыг Монголд хэрэгжүүлдэг болохоос биш хөгжлийн бодлогоор Монголыг удирдах гэсэн нам биш. Зөвхөн В.И.Сталины бодлогыг Монголд хэрэгжүүлэх зэвсэг нь байсан. Энэ хандлагаасаа МАН салаагүй л байна.
 
Хонхэрээдийн Б.Энхбат гэдэг  хүн “No naadam” хөдөлгөөнийхнийг гадны тусгай албаны гар хөл, тэднийг эрэмдэглэнэ гэж ярьсан. Тухайн үед танд юу бодогдсон бэ?
 
Ер нь бол айна шүү дээ. Яагаад гэхээр тэр хүн хуулийг хайхрахгүй байна. Хууль хяналтын байгууллагыг элэг барьж байна. Яг тэр хүн шиг мэдэгдэл хийж байгаад гэмт хэрэг үйлддэг цор ганц хүмүүс бол террорист бүлэглэл л байдаг шүү дээ. Танай байшинг мөргөнө, бөмбөг дэлбэлнэ гэж зарлаж байгаад хийдэг. Дэлгэцийн өмнө хүний амь тасалдаг биз дээ? Хонхэрээдийн Б.Энхбат яг тэгсэн. Би Монгол улсын иргэн мөн үү? Намайг хууль хамгаалдаг уу?
Өнөөдөр гэтэл нэг этгээд иргэнээр нь барьцаалж, төрийг заналхийлж байна. “Засгийн Газраа та нар арга хэмжээ авахгүй бол би иргэнийг чинь зэрэмдэглэнэ шүү” гэж байна. Нэг ёсондоо төрийг заналхийлж байгаа биз? Хоёрдугаарт гадны байгууллагуудаас захиалга авч, санхүүжээд төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж гүтгэсэн. Тэр олон мянган залуучуудыг маш том гэмт хэрэгт гүтгэж байгаа биз. Гуравдугаарт, хувь хүний нэр хүндэд халдсан. Намайг АН-ын Нарийн бичгийн даргын бие хамгаалагч гэж. Би АН-ын гишүүн мөн. Гэхдээ намын даргад байтугай хөлбөмбөгийн хамгаалагч ч хийж үзээгүй. Дөрөвдүгээрт, тэр хүн бусдаар эрүүгийн гэмт хэрэг үйлдүүлнэ гэдгээ зарлаж байгаа юм. Хонхэрээдийн Б.Энхбат өөрөө ирж намайг зодно гээгүй. “Манай “Даяар Монгол” хөдөлгөөний залуучууд зэрэмдэглэж хаячихаад шорон руугаа явахад бэлэн. Айж ичих зүйл байхгүй” гэсэн. Хуулийг үл огоорч байгаа биз. Цагдаагийн байгууллагыг ч тоохгүй байна.
 
Хэрэв би Эрүүгийн Цагдаагийн дарга байсан бол тэр хүнийг яг тэгж яриад сууж байхад нь шууд баг бүрэлдэхүүн явуулаад баривчлуулах байсан. 
 
 
Ер нь тэр хүн муугаар бодоход намайг элэг бариад байгаа юм уу? Цаашлаад цагдаа нарыг, хуулийг, Монгол Улсын төрийг элэг бариад байгаа юм уу? 
 
Та өмнө нь манайд ярилцлага өгөх үедээ “Манай үеийнхэн аймхай. Шинэ үеийнхэн буюу 2000-д оны залуус ажил дээр, амьдрал дээр гарч ирж байж нийгэм өөрчлөгдөнө” гэж ярьсан. Энэ бодол тань өөрчлөгдсөн үү?
 
Тэр бодол хэвээрээ. 7-р сарын 1-ний Сүхбаатарын талбай дээр болсон жагсаалыг харахад л мэдэгдсэн. Шинэ үеийн хүүхдүүд өөрсдийгөө батлаад харуулчихсан. Ямар нэгэн байдлаар бид шаардлагынхаа хариуг авч байж л явна гэдэг байр суурь дээрээ бат байсан. Бидний үеийнхэн бол аймхай. Өөрийнх нь зөв байхад ч цагдаагийн өмнө очоод, өрөөнд нь ороод “Ахаа намайг бодоорой, миний буруу” гээд толгой бөхийчихсөн зогсож байдаг. Манай үеийнхэн тийм шүү дээ. Энэ бол худлаа биш. Арслан бар шиг байж байгаад цагдаагийн өмнө очоод л гөлөг болчихдог. Бид үүнтэйгээ эвлэрэх ёстой. Дүү нар гэтэл тийм биш. Сагсны талбай дээр нэг хүүхэд цагдаатай ярьж байгаа бичлэгийг харсан байх. Дүү нар эрхээ нэхэж байгаа биз? Та яагаад намайг эндээс авч явах гэж байгаа юм бэ? гээд. Манай үеийнхэн бол дуугүй дагаад явчихдаг. Ийм ялгаатай.
 
Танд баярлалаа.
 
Sonin.mn-ынхэнд  ч гэсэн баярлалаа.
 
Ярилцсан: М.Чойжал