“Дөрвөдөд туульч байгаагүй”, “Урианхайд бөө байгаагүй” гэх дэмийрлийг сүүлийн үед залуусын амнаас хэдэнтээ сонсоод хэн нэгний санаатайгаар түгээсэн байж болзошгүй энэхүү ташаа үгийг залруулах нь зүйтэй гэж бодлоо. Түүх яривал оросын судлаач Н.Потаниныг 1883 онд Баруун Монголоор явахад нь Сарьсан гэдэг дөрвөд туульч “Хан харангуй”-г бүтэн 7 хоног аялгуулан хэлж бичүүлсэн, дараа нь П.Козлов түүний гэрэл зургийг авч, А.Бурдуков баядын Парчин туульчийн тухай өгүүлэхдээ ойрд монголчуудаас Сарьсаны дараа үеийн хамгийн том туульч гэсэн байдаг. Манай үе үеийн олон судлаачийн бүтээлд дөрвөд, баяд туульчид, мөн туулийнх нь ялгарах онцлогийн тухай өгүүлсэн нь бий. Дөрвөд далай ханы хошуу тамгын газарт туульсын бичмэл дэвтэр байсан бөгөөд туульчид түүнтэй туулиа тулгаж үзэн дутуугаа нөхөн сэргээдэг байсан тухай угсаатны зүйч Ц.Аюуш бичсэн байдгаас үзвэл туульд маш их ач холбогдол өгч байсан уламжлалтай нь харагдана. Урианхай бөө нэрийн тухайд миний бие “Монгол бөө судлал дахь урианхай бөөгийн асуудал” (2025) өгүүлэл бичсэн удаатай. Түүндээ Алтайн урианхайн бөө судлалын түүхэн тоймыг гаргаж, зарим бөөг жишээ болгон бичсэнээсээ дор хэсэгчлэн сонирхуулъя.
“...Урианхай бөө нэрээс манай эрдэмтэн судлаачдын анхааралд хамгийн их өртсөн бөө бол Зараа бөө гэж үзэж болох юм. Монгол бөөг 1927 оноос эхлэн судалсан их эрдэмтэн Бямбын Ринчен абугай “Монгол бөө мөргөлийг судлах эх хэрэглэгдэхүүн” хэмээх 3 боть бүтээл Германы Весбаденд хэвлүүлэхдээ Алтайн урианхайн Зараа бөөгөөс тэмдэглэж авсан “Алтай таван Богдын дуудлага”, “Газар усны эздийн дуудлага”-ыг оруулсан байна [Ринчен.Б. (2013).
Монгол бөөгийн дуудлага. Эмхэтгэгч Ш.Сүхбат нар. Улаанбаатар: Удам соёл, х.74-76.]. М.Ганболд Ganbold Mungunkhuu урианхай бөөгийн “Онгон тэвшлэх ёс” хэмээх өвөрмөц ёс болон овоо тахих зан үйлийн талаар бичихдээ “Алтайн урианхайн зүүн гарын хошууны Зараа бөө онгон тэвшлэх зан үйлийг жилд нэг удаа буюу намрын эхэн сарын 29-нд хийдэг байжээ... Зараа гуай жилд нэг удаа намрын адаг сарын 29-ний өдөр өдөр Толбо нуурын зүүн биед байх Хар сайр гэдэг газарт өөрийн өвгийн үеийн их овоог тахидаг байжээ” [Золбаяр.Г, Ганболд.М, Өмирбек. Б.Жаргалсайхан. Б.Гантулга. А.Эрдэнэбаяр. Н.Уранбилэг. Б.(2014). Алтайн урианхайн угсаатны зүй. Ред. М.Ганболд. Улаанбаатар.: Китаб, х.200.] гэж мэдээлснээс гадна эдгээр зан үйлийг хэрхэн үйлддэг, ямар өргөл өргөдөг зэргийг нарийн тодорхой өгүүлжээ. Зараа бөөтэй холбоотой өөр нэг мэдээ “Маш нууц” сонины 2004 оны №30(339)-д нийтлэгдсэнийг “Далд ертөнцийн толь” цувралын “Бөө мөргөл, тэнгэр шүтлэг” [(2013). Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. Эмхэтгэгч Б.Галаарид. Улаанбаатар: Цалиг, х.288-292.] (2007, 2011, 2013) ботид оруулсан байдаг. Олон үеэр бөөгийн удамтай, урианхай туульч Чойсүрэнгийн хүү Батчулуун сэтгүүлч Жарантайн Батсүхэд өгсөн энэ ярилцлагадаа Ховдын урианхай нарын дунд Тэвэгт удган, Өтөө бөө зэрэг олон сайн бөө байсан тухай, Алтайн урианхайн Баруун амбаны нутгаас Бат гэдэг бөө 1937 онд залагдан ирж бөөлж байсан тухай хуучлах явцдаа социализмын үед Ховд аймгийн “Хөдөлмөр” сонины эрхлэгч байх үед нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Хөх эрэг” багийн малчин У.Жавзангийн түүнд итгэж ярьсан нэгэн түүхийг бас өгүүлсэн байна. У.Жавзан нь Зараа зайрангийн төрсөн охин бөгөөд ээжээсээ сонссон түүхээ түүнд өгүүлжээ. Нэг удаа Зараа зайран нутгийн бөө, өөрийн шавь Чойсүрэн(Чойсрон)-тэй цуг гэртээ архи ууж байгаад ихэд согтоцгоон хэн нь илүү чадалтай бөө болох тухайгаа маргацгаасан байна. Улмаар шид үзүүлэн хүчээ сорихоор болж, Чойсүрэн нь гэдсээрээ гэр гурав орооно, Зараа нь сэмжээрээ гэр гурав бүрхэнэ гэж амлан гадаа гарцгаажээ.
Чойсүрэн бөө гараа гэдсэндээ хийх шиг болсноо нарийн гэдсээ хөвөн гэрийг бүтэн хагас тойроод зогсоход Зараа бөө мөн адил гараа гэдсэндээ дүрэх шиг болсноо гэр дээгүүр сэмж, өөх нэвсийтэл хаях шиг болжээ.
Үүнийг харсан Зараа бөөгийн эхнэр ухаан алдаад сэргэтэл тэр бүхэн оргүй алга болж, хоёр бөө ихэд ядарсан шинжтэй, сархдаа хүртэн сууцгааж байжээ. У.Жавзан энэ ярианд ихэд эргэлздэг ч ээж нь насан элтлээ энэ түүхийг үнэн гэж хуучилдаг байсан аж. Ч.Батчулуун сэтгүүлчид энэ түүхийг ярьж өгсөн У.Жавзан 1922 онд төрсөн хүн бөгөөд өдгөө 103 настай, хараа жаахан муудсан ч ухаан санаа саруул, нэг ч үс цайгаагүй, үр хүүхдийнхээ халамжинд энх тунх суугаа гэж Швед улсаас түүний зээ охин, яруу найрагч Б.Болормаа 2025 оны зургадугаар сарын 21-нд надад мэдээлээд “Эмээ маань энэ түүхийг ярьдаг нь үнэн” гэж баталгаажуулав. “Манай аав хүн хорлох үйл хийдэггүй, тийм зүйл хийлгэх гэсэн хүмүүст маш их уурлаж, аашилж хөөдөг байсан тул Зараа гэдэг хоч авсан” гэх мэдээллийг охин У.Жавзан нь өгч байна. Хошуу ноён нь 700 адуугаа алдаад сураг гаргаж чадахгүй бухимдахдаа Зараа бөөг загнахаар нь дом хийн шид гүйлгэхэд дийчихсэн (өөрийн ухаангүй болсон) хоёр захчин адууг нь тоо бүрэн тууж ирснээр “Ноёны бөө” гэх алдрыг хүртсэн Зараа зайран их хэлмэгдүүлэлтийн үеэр нэг өдөр гэнэтхэн эргэн тойрныхноо дуудан цуглуулаад “Миний цаг болжээ. Манайх руу буутай, шодон сүүлтэй морьтой хоёр хүн айсуй” гэж хэлээд гэрээс захиасаа хэлж, дараа нь бөөлж өөрийнхөө сүнсийг Тэнгэрт тушаасан байна. Энэ үед тэрбээр 59 настай байсан байна. Маргааш нь үд өнгөрч байтал шодон сүүлтэй морьд унасан, буутай хоёр хүн түүнийг баривчлахаар ирж, нас барсанд нь итгэхгүй хөдөөлүүлсэн газрыг нь заалгаад явжээ. Тэр үед нас барсан хүний цогцсыг юмаар ороож ил тавьдаг байсан бөгөөд буутай хүмүүс очиход хэдэн тас ирчихсэн цогцсыг нь ил гаргачихсан байжээ.
Нөгөө хоёр хүн шалгаж нягтлаад явсны дараа хоёр том хар шувуу зайрангийн цогцос дээгүүр нааш цааш гурав харайснаа аваад нисэхийг түүний төрсөн хүү У.Түвшин (нутгийнхан “Нийслэл” гэж хочилдог) ойроос дагаж очин хараад гэрийнхэндээ хэлсэн байна.
Энд дурдагдаж буй Зараа бөөгийн жинхэнэ нэр нь Уртнасан, харин Чойсрон (Чойсүрэн) бөөгийн жинхэнэ нэр нь Их өөлөг овгийн урианхай Түвшингийн Чойсрон гэдгийг тэдний тухай сайн мэдэх хүмүүс, үр хойчис нь баталж байна. Чойсрон “Хөх багш” хэмээх нутаг орондоо алдартай номт хүмүүн Жамбаагийн Түвшингийн ууган хүү бөгөөд 1983 онд нас баржээ. Т.Чойсрон Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Нар мандах” нэгдэлд мал маллаж аймгийн аварга малчин болсон, хожим нь Хэнтий аймагт шилжин амьдарч байгаад бие барсан байна [Лувсанчүлтэм.О (2015). Уулсын заяат урианхайн хязгаар. –Улаанбаатар, х.190, 191.]. О.Лувсанчүлтэм түүнийг 1909 онд төрсөн гэж номондоо бичсэн нь ташаа бөгөөд 1980 оны өвөл их хүйтнээр хамаатан нь Улаанбаатар руу цагаа унасан нүдийг нь үзүүлэхээр авч явахад “Одоо далан найм есөн настай хүнийг тэгэх хэрэг байна уу” гэх яриа болж байсныг Т.Чойсронгийн бэр, Цэнгэл сумын уугуул, (Хүү Дондорын эхнэр), өдгөө Хялганатад энх тунх амьдарч буй Мажигийн Өнөр батлан өгүүлж байна. Тэгэхээр Т.Чойсрон бөө 1901, 1902 оны аль нэгэнд төрсөн хүн байж мэднэ. Т.Чойсрон бөө:
“...Сүрлэг өндөр Алтайдаа
Долоон үедээ домог болж явсан
Долигор бөөгийн удам...
Хар усан голын хөвөөнд
Бор морин сэтэртэй...
Арван гурван Алтайдаа сан тахилгатай
Атаа их таван тэнгэр шүтлэгтэй...” гэхчлэн дуудлагаа дууддаг байснаас үзвэл өөрөө 7 дахь үеийн бөө байсан бололтой. Чойсрон бөө Дондор гэдэг ганц хүүтэй, Дондорын хүү Д.Дарьчулуун нь өнөө цагийн нэртэй зайран бөгөөд 2013 онд ЮНЕСКО-гоос зохион байгуулсан 64 орны төлөөлөлтэй олон улсын бөөгийн фестивальд Монголын бөө нэрийг төлөөлөн оролцож байсан түүхтэй. Энэ мэтээр мөшгөн судалбал Алтайн урианхайн домогт бөө нэрийн тухай, ялангуяа шид үзүүлсэн тохиолдлуудын тухай арвин материал цуглуулж болохоор байна. Энд бид зөвхөн Алтайн урианхай, тува бөө нэрийн тухай л дурдлаа. Энэ нь Монголын бусад нутагт амьдран суугаа урианхай нар бөөгүй байсан гэсэн үг биш юм.
Жишээ нь, халх урианханы нутаг болох Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт амьдарч байсан, бөөгийн бүрэн хувцас хэрэгсэл нь Говь-Алтай аймгийн музейд буй Очир зайран (1929 оны хүн амын тооллогын бүртгэлд Халигуудай Очир 78 настай гэж тэмдэглэгдсэн [Мөнх-Очир.Д, (2016).
Хантайшир уулын аймгийн Бүсхайрхан уулын хошууныхан (Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Төгрөг, Цогт сумд бүтэн, Алтай, Дарив, Цээл сумдын хагас, Ховд аймгийн Дарив, Цэцэг сум бүтэн, Мөнххайрхан сумынхны өвөг дээдэс). Улаанбаатар.: Соёмбо пресс, х.222.]) гэхэд л онгод нь орохоороо суугаагаараа газраас хөндийрч, тулганыхаа тотго дамжин бөөлдөг байсан гэх мэт аман түүхүүд орон нутгийн түүхийн ном, ургийн номууд шүүрдвэл нэлээд олдох төлөвтэй байна. Гагцхүү үүнийг судалж нягталж, судалгааны эргэлтэд оруулах судлаач ховор байгаа нь харамсалтай. Энэ нь шашин судлал, тэр дундаа бөө судлал нь судлаачаас сэтгэл судлал, психоанализ, сэтгэц судлал, антропологи, философи, түүх, соёл, шашин судлал, тэр бүү хэл археологи, биологи, социологийн зэрэг маш олон салбар шинжлэх ухааны өргөн мэдлэг, интердисциплинар онол арга зүйг шаарддаг, метафизик үндэслэгээ чухал байдаг учраас төвөгшөөдөг, “шинжлэх ухаанч биш” харагдахаас эмээдэгтэй холбоотой.
Ер нь аливаа бөөг үнэлэх гол хэмжүүр нь хувцас хэрэгсэл, тамлага дуудлага, зан үйлийн онцлог содонд биш, харин онгодын шид хүч хэрхэн илэрч буйд оршдог. Дээр бидний дурдсан ид шидийн жишээнүүд нь урианхай бөө нэрийн шид үзүүлэх чадвар өндөр түвшинд байсныг харуулж байна.
Энэхүү шид үзүүлэхүйг урианхай бөө нэрийн жишээн дээр судлахдаа илбийн аргатай адилтгаж, хольж хутгаж хэрхэвч болохгүй. Тайлбарлах боломжгүй, жирийн бус энэ үзэгдлийг монголчууд ”Ид шид” гэсэн хоршоо үгээр илэрхийлдэг нь пали хэлний идди, самгарди хэлний сиддхи гэсэн утга ижил үгийг хоршуулан нутагшуулсан хэрэг юм [Цэрэн-Очир.Ц, (2012). Бидний мэдэх, мэдэхгүй шашин суртал. Ред. Т.Долгорсүрэн. Улаанбаатар, х.21.]. Энэ нь буддын шашин нийт монголчуудын дунд дэлгэрсэн XVI зуунаас хойшхи асуудал бололтой. Яагаад гэвэл “Монголын нууц товчоон”-д ид шид гэсэн үг байхгүй ч, ид шидийн тухай ойлголтыг илэрхийлсэн “Элбэс” гэж үг байна. МНТ-ны 189-д “Энэ Таяныг элбэсээр төрүүллээ” [(2024). Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон. Ред. Ш.Чоймаа нар. Улаанбаатар.: Сэлэнгэ пресс, х.422. ], 174-т “элбэсэн жалам хийж... эрэн залбирмуй бид” [Мөн тэнд. х.381.] гэж гардаг. Энэ нь МНТ-г бичиж байх цагт ид шид буюу гэдэг утгыг “Элбэс” гэж нэрлэж байсан нь хожим пали, самгарди хэлний адил утгатай хоршоо үгэнд байраа алдаж, хожмоо илбэ үзүүлэх үйлийг заасан нэр төдий болон явцуурчээ гэж үзэж байна [Галаарид.Б, (2021). Монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг. Ред. Т.Дагвадорж. Улаанбаатар.: Цалиг, х.60.]. Бидний жишээ болгон авч үзсэн Уртнасан, Чойсрон бөө нэрийн түүх нь энэхүү элбэсийн нэг жишээ болохоос харсан хүний нүд хуурах, төөрөгдүүлэх илбийн арга (tricks, deception of the senses) биш юм” (ЭХ СУРВАЛЖ: Б.Галаарид. Монгол бөө судлал дахь урианхай бөөгийн асуудал // “Урианхай түмний түүх, соёл судлалын асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Ред. Т.Лхагва. Хос хас пресс. УБ., 2025. тал.144-153)
Зураг дээр: Урианхайн Т.Чойсрон зайрангийн ач хүү, нэрт зайран Д.Дарьчулуун нутагтаа цэцэгсийн дунд.
Урианхан Б.ГАЛААРИД
2025.06.17.
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл2
,,, БИТГИЙ ШИЗОТОЙ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ БИЧЭЭД БАЙ.....АРХИА БАГА УУ..........
Одоогийн шарын шашны лам нараас бөө зайрангууд хамаагүй дээр ! Ядаж итгэл үнэмшилтэй мөнгө төгрөг горьдохгүй тарган цатгалан биш гээд бүх юмаараа дээр !