sonin.mn

Сүүлийн арван гаруй жилийн хугацаанд Монголын олон нийтийн ухамсар, улс төрийн хэлэлцүүлэг, нийгмийн сэтгэл зүйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн контент бүтээгчдийн нэг нь “HERO энтертайнмент" студийн эзэн, найруулагч Баатар байлаа. Түүний 2012 оноос эхлэн санаачилж, бүтээсэн “Монгол тулгатны 100 эрхэм”, “Зуун чухал сэдэв” зэрэг нэвтрүүлгүүд тухайн үедээ телевизийн салбарт шинэ өнгө төрх авчирч, үзэгчдийн анхаарлыг татсан төдийгүй олон нийтийн хэлэлцүүлгийн чиг хандлагыг тодорхойлох хэмжээнд хүрч чадсан юм.


Үүнийг үгүйсгэх аргагүй. “Монгол тулгатны 100 эрхэм” бол Монголын телевизийн салбарын чанарын шинэ жишиг болсон бүтээл байв. Урьд өмнө нь түүхэн хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд, улс төрчдийн амьдрал, үзэл санааг ийм түвшний зураг авалт, өвөрмөц динамиктай найруулга, хөгжмийн шийдэлтэйгээр хүргэж байсан нь ховор.


Тус нэвтрүүлэг олон хүний үндэсний бахархлыг сэргээж, мартагдаж эхэлсэн олон эрхмийн үйл хэргийг шинэ үед дахин сануулсан нь үнэн.


Гэвч аливаа үзэгдлийг зөвхөн эхлэлээр нь бус үр дагавраар нь үнэлэх ёстой. Өнөөдөр Баатарын бүтээлүүдийн тухай ярихад видео найруулгын шинэчлэлээс гадна Монголын нийгэмд үлдээсэн оюун санааны ул мөрийн тухай ярих шаардлага гарч байна.

Анх соён гэгээрүүлэх зорилготой мэт харагдаж байсан Баатарын контентууд аажмаар улс төр, үндэсний аюулгүй байдал, геополитикийн асуудлуудыг тайлбарлах индэр болон хувирсан. Энэ үед баримт, дүн шинжилгээ, олон талт байр суурийн оронд сэтгэл хөдлөл, айдас, үндэсний мэдрэмж дээр тулгуурласан суртал ухуулгын шинжтэй тайлбарууд зонхилох болсон гэх шүүмжлэл дагалдах болсон нь нууц биш.

Ялангуяа төмөр замын царигийн асуудлыг тойрсон нэвтрүүлгүүд Монголын хөгжлийн талаарх хэлэлцүүлгийг эрүүл мэтгэлцээнээс илүү хардлага сэрдлэгийн талбар руу түлхсэн гэж үзэх хүн цөөнгүй.


Эдийн засаг, логистик, экспортын өрсөлдөх чадвартай холбоотой техникийн асуудлыг үндэсний тусгаар тогтнолын хэмжээнд авч үзэж, нарийн царигтай төмөр зам тавибал гаднын цэрэг техник шууд орж ирэх аюултай гэх мэт санааг түгээсэн нь олон нийтийн дунд бодит эрсдэл ба улс төрийн суртал ухуулгын заагийг бүдгэрүүлсэн юм.


Үр дүнд нь Монголын хөгжлийн асуудлыг тооцоо, судалгаа, эдийн засгийн үндэслэлээр бус айдас, айдас, үзэн ядалтаар хэмжих хандлага газар авсан. Хөгжил дэвшлийн тухай маргаан баримтын түвшинд биш, эх оронч эсэхийг шалгадаг талбар болон хувирсан. Ингэснээр аливаа бодлогын асуудлыг шинжлэх ухаанчаар бус сэтгэл хөдлөлөөр дүгнэдэг улс төрийн соёл бэхжихэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж хэлж болно.


Үүнээс ч илүү ноцтой нь Монголын улс төрийн үг хэллэгт “эрлийз”, “цэвэр монгол” гэх ойлголтууд хүчтэй нэвтрэхэд тухайн үеийн мэдээллийн орчин тодорхой хувь нэмэр оруулсан явдал юм. Хүмүүсийн үзэл бодол, мэдлэг боловсрол, улс төрийн байр суурийг хэлэлцэхийн оронд гарал үүсэл, цус угсаагаар нь үнэлэх хандлага хүчээ авах болсон нь ардчилсан нийгмийн хувьд ухралт байлаа. Иргэнийг хийсэн ажил, хэлсэн үг, дэвшүүлсэн бодлогоор нь бус хэнээс төрсөн, ямар угсаатай вэ гэдгээр нь шүүх үзэгдэл аажмаар хэвийн зүйл мэт болж эхэлсэн.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамгийн том нөлөө нь хүмүүст ямар дүгнэлт хийхийг тулгахдаа биш, юуг үнэн гэж үзэх хүрээг нь тодорхойлоход оршдог. Энэ утгаараа Баатарын бүтээлүүдийн хамгийн том нөлөө нь тодорхой нэг улс төрчийг дэмжсэн, эсвэл эсэргүүцсэн явдал биш юм. Харин нийгмийн сэтгэлгээнд хардлага сэрдлэгийг баримтаас дээгүүр тавьдаг, төвөгтэй асуудал бүрийн цаана дайсан хайдаг, бодлогын маргааныг үндэсний үнэнч байдлын шалгалт болгон хувиргадаг сэтгэлгээний хөрсийг бэхжүүлсэнд оршиж болох юм.


Мэдээж Баатар ганцаараа энэ бүхнийг бий болгосон гэж хэлэх нь хэтрүүлэг болно. Монголын улс төр, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ, популист улстөрчид бүгд энэ үйл явцад оролцсон.


Гэвч олон сая хүний анхааралд хүрч чаддаг, үзэгчдийн итгэлийг олсон контент бүтээгчийн хувьд түүний хүлээх ёстой хариуцлага бусдаас бага байж таарахгүй.

Өнөөдөр Монголын нийгэмд бодлогын мэтгэлцээнээс илүү хардах соёл, нотолгооноос илүү цуурхал, мэргэжлийн дүгнэлтээс илүү сэтгэл хөдлөл үнэ цэнтэй болсон мэт харагддаг. Хэрэв ийм үзэгдэл үнэхээр оршин байгаа бол түүнийг бий болгосон улс төрийн болон мэдээллийн орчныг шүүмжлэлтэй авч үзэхээс өөр аргагүй. Тэр орчныг бүрдүүлсэн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг нь “HERO”-гийн Баатар байсан гэдэгтэй маргах хүн цөөн биз.


Тиймээс Баатарын Монголд үлдээсэн хамгийн том өв нь зөвхөн чанартай телевизийн бүтээлүүд биш байж мэднэ.


Магадгүй түүний хамгийн том өв нь эх оронч үзэл ба популизм, үндэсний ухамсар ба хардлага сэрдлэг, баримт ба итгэл үнэмшлийн зааг Монголын нийгэмд хэрхэн бүдгэрч болохыг харуулсан нэгэн үеийн мэдээллийн орчин байж болох юм.

Мөн Баатар нь дүү Л.Оюун-Эрдэнийгээ Ерөнхий Сайд байх үед асар том тролл армийг бий болгосон бөгөөд Засгийн Газрыг шүүмжилсэн болгоныг дайсан гэж авч үзэн, гутаан доромжилдог харгис дарангуйллын шинжтэй загварыг үүсгэх гэж оролдсон билээ.


Ч.Явуу