Хотын тухай хөдөөний хүний бодол бахдаж талархсан, сэтгэл гонсойсон янз бүр байх биз. Миний хувьд мөн л адил. Хүрээ байх цагаас “Зовсон хүн жаргадаг, золбин нохой зоолдог газар” гэсэн үг гарсан байх ба үе үедээ “жаргахаар” хот руу цувсаар байсан нь үнэн. Шинэ цагийн өнгөн дээр хот руу цувах нь зогссонгүй нэмэгдсээр...
Нутаг дээрээ талд цацсан тариа шиг амьдарч болохоор цөөн монголчууд соронзонд татагдах төмрийн үртэс шиг юунд татагдана вэ?! Хүн бүр өөр өөр шалтгаан хэлэх авч ерөнхийдөө амьдрал ахуйгаа залгуулах боломжоор хөдөөнөөс дөнгүүр учраас хот луу нүүдэг нь үнэн билээ. Амьдрах нөхцөл илүү гэсэн үг биш гэдгийг эрхэм уншигч анзаарсан байх.
Азийн цагаан дагинаас халтар царайт хүртэл
Улаанбаатар хот 1990 он хүртэл аажим боловч жигдхэн хөгжиж байлаа. Харин 1990- ээд оны эхнээс хөгжил, бууралт хоёр зэрэгцэж явсаар өнөөдрийг хүрэхдээ муу тал нь давамгайлж амьдрах нөхцөл алдагдаж сөрөг нөлөө яах аргагүй гамшгийн хэмжээнд тулжээ. 1960-1970 оны үед хот орших хэмжээгээр бага ч цэвэр цэмцгэр өргөн сайхан гудамжтай, тоос шороо бага, нийтийн тээврийн үйлчилгээг зөвхөн автобусаар гүйцэтгэдэг, автобусанд ахмад хүндээ суудал тавиад өгчихдөг байсан юмсан.
Улаанбаатар хотод 1990-ээд онд хувийн тэрэг ердөө 100 хүрэхтэй үгүйтэй байсан тоо байдаг. Нисэх буудлаас хот орох замд шинэхэн талхны үнэр үнэртээд тааламжтай байдагсан. Тэр цагт хэрдээ тохирсон ногоон байгууламж, зүлэгтэй байсныг бидний үеийнхэн мартаагүй. Нийслэл хотоо “Азийн цагаан дагина” гэж бахархан нэрлэдэгсэн. Харин өнөөдөр яаж өөд татлаач “Азийн халтар царайт” гэхээр...
Гадаадын хот юм уу даа.
Хүрээ дуу, хүрээ соёл гэж Улаабаатарын унаган иргэд ярьцгаадаг. Энэ нь нэг талаар Хятадын суурин соёлын нөлөө туссан шинэ урсгал байсан болов уу гэж ажиглагддаг. Аажимдаа, Хүрээ соёл Европын соёл, тэр дундаа Оросын соёлд шингэж уусч бүдгэрчээ. Энэ нь мэдээжээр “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-н жишээ.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монголд барууны соёл сад тавин орж ирсэн нь мөн л цагийн аяс. Социализмын үед Их Лениний хэл, зөвлөлүүдийн хэл гэж сөгдөж байсан орос хэл бүдгэрэн төсөөрч ирлээ. Шинэ орон зайг англи хэл эзлэх болж, хотын бүх хаяг, гэрлэн чимэглэл цөм англи. Нөгөө “Өсөхөөс сурсан үндэсний хэл” чинь англи хэл байсан юм уу гэхээр болжээ.
Утаа, тоосонд умбасан Улаанбаатар.
Английн нийслэл мананд умбасан Лондон гэх хот байдаг, Япончууд гудамжнаас савласан агаар авч амьсгалдаг гэх зэргээр манай сонин хэвлэлүүд бичиж байсан цаг холгүй. Бусдыг өрөвдөх нь сайн хэрэг боловч бид өөрсдөө юу болчихоод байна даа. Улаанбаатар маань урсах усгүй, ургах модгүй, амьсгалах агааргүй, цементэн хот болчихжээ.
Шинээр барьсан барилгуудын дэргэд ногоон байгууламж байгуулах нь хийх бүү хэл, хуучин байсан мод бутыг бүтээн байгуулалт нэрийн дор устгаж дуусгадаг юм байна. Хот цэцэрлэгжүүлэхэд хайлаас мэт навчит мод голлон тарьдаг байтал уулнаас нарс зэрэг шилмүүст мод ухан авчирж борцлох болжээ. Мэргэжлийн нэртэй “мэргэжлийн биш” байгууллага олширч хот ногооруулахад нэмэр болохооос гай чирэх нь их болж байна уу даа. Ногоорох зүлэг, мод бутгүй хотоос утаа униар тоос шороо холдоно гэж үү?!
Шавар, шавхайнд хутгалдсан Улаабаатар Энэ зуны бороог яана,
Улаанбаатарын шавар шавхайг яана. Гэр хорооллын гудамжинд нуур цөөрөм тогтож, туулж гарахын аргагүй. Хотынхныг ганц авардаг зүйл нь урт түрийтэй усны гутал, борооны цув бололтой. Муу дээр муу, муухай дээр улцан болгож байгаа нэг зүйл гэвэл хотод суудаг хүмүүс хамтраад асуудлаа шийдэж сураагүйн гайг яалтай билээ. Гудамжаараа хамтраад уурын зуухны үнс асгаж, муухан засмалаас дутахгүй зам хийчихэж болно доо.
Тэгтэл хэн ч санаачилж, хөдөлдөггүй аж. Тэгэхээр өвдөг тулсан гутал өмсөж, ус туучихаас яахав. Гудамжны эх хавиар олон хоногоор архидаж, өнгө зүс, хүн төрхөө алдсан архичид мөнгө нэхэн хараал зүхэл тавих нь зүрх зүсэм хахир, сүг сүүдрийг санагдуулна.
Цаг хугацаагүй түгжирч, шавааралдсан Улаанбаатар
Улаанбаатарт хурд, цаг хугацаа гэдэг бодит утгаа алдсан хоосон тоо. Цаг тогтоож болзох тухай яриа байхгүй. Орчин үеийн өндөр хурдтай машинууд хонины хашин хээрийн хурдаар хөдлөх аядна. Зам нь нидрүүл гэсэн үг. Засмал зам дээр, хамгийн зөөлөн суудалтай машинд суулаа ч бөгсөө холгуулж мэднэ. Улаанбаатараас Дархан хүртэл 250 километр газар гурван цаг аялна.
Харин Амгалангаас төмөр замын вокзал хүртэл 10 гаруй километр газарт мөн гурван цаг орчим гэлдэрнэ. Иргэдэд үйлчилдэг төрийн гэх олон байгууллагууд цаг хугацааг хэр баримталдаг юм бол, хэр зэрэг чанартай үйлчилдэг юм бол гэж бодоход нааштай хариу санаанд үл бууна. Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэдэг шиг “түгжрэл түмэн үгний таглаа” болжээ.
Үлгэрлэвэл, ажил хожимдоод ирсэн төрийн албан хаагчийг яагаад хожимдсоныг шалгаавал “даргаа түгжрээд үйлээ үзэж ирлээ” гэвэл хэрэг цайрах жишээтэй. Цаг хугацааг ийнхүү “түгжрэл” гэдэг биегүй “жанжин” захирах болжээ.
Хашаа, хаалтанд шахагдсан гишгэх газаргүй Улаанбаатар
Нийслэл хотод зам дээр түгжирч хахахаас гадна хүн чөлөөтөй явган явах аргагүй болжээ. Байшин бариагүй газар болгон “үл үзэгдэх” этгээдийн мэдэлд хашигдаж жирийн хүн гишгэх газаргүй болж, хот асар том төөрдөг байшинг санагдуулна. Нийслэл хотдоо жирийн иргэд хэдийд чөлөөтэй амьсгалж, алхлах болж байна даа. Нийслэлд оршиж байгаа муу бүхэн шалтгаантай боловч гол тайлал нь нүүдэл хэрээс хэтэрсэнд оршино.
Монголчуудын судсаар нүүдэлчин удмын цус гүйж байх тул нүүж байна гэвэл эндүүрэл. Орон нутагтаа амьдрах нөхцөлгүй болсноос нийслэл рүү дүрвэн нүүж байна. Дөрвөн уулын дунд дүрвэгсдийн асар том хуаран бий болж уулын орой, голын гольдрол, гуу жалга, хогийн цэг, оршуулах газар хүртэл хаана бол хаана хоргодох газар хайцгааж байна. Дүрвэлт ямар аймагт их байна тэнд хүн амьдрах нөхцөл муу байна гэсэн үг. Иймээс улсын хэмжээгээр судалгаа хийж, нүүдэл сааруулах бодлого боловсруулах хэрэгтэй байна.
Х.Цэвгээ
Сэтгэгдэл0
zov baina
Наадах чинь аргаа барсан хотын хүний өчиг байна. Нэг л юмыг Монголчууд минь таа нар сайн ойлого энэ бол Ардчилсан нийгэм түүнээс биш Социалист нийгэм шиг бид, муугаар ярихад системийн хараат, сайнаар ярихад, хоёр идэхгүй хоосон хонохгүй явдаг үе өнгөрсөн. Монголчууддаа сонирхуулахад дэлхийн өндөр хөгжилтэй хотууд ч хүртэл зарим газраа арайчдээ л гэмээр байдаг шүү. Цагдаа нь хүртэл дайнд орох гэж байгаа юм шиг бүрэн зэвсэглэж харсан үзсэн сэжигтэй хүнээ газар дээр нь нам буудах тушаалтай нэвтэрдэг олон дүүргүүд өндөр хөгжилтэй орнуудад бий шүү. Олон хүнтэй газар мэдээж олон асуудал байгаа. МАХН 80-аад жилийн түүхтэй туршлагтай нам эсвэл 20-иод жилийн түүхтэй шинэ мөөрөөдлийн нам 2-ийн алийг нь сонгох вээ гэдэг нь ардчилсан нийгэмийн нэг давуу тал нь юм уу даа.
hotiin hun hotiin talaarhi bodol bna daa
Hodooniih hodoodoo baisan deerdee!
Хэдэн аймгийн төвүүд болон Эрдэнэт Дархан зэрэг хотуудыг сайн хөгжүүлж хүн амьдрах боломжийг улам сайжруулж ажлын байр гаргаж сайн сурталчилвал хүмүүс зөвхан Утаанбаатарт цуглах нь багасна шүү дээ. Чухам Утаанбаатарын юу нь олон хүнийг татаж байгааг сайн судалж бусад хот болон аймгийн төвүүдэд адил хөгжүүлвэл энэ олон хүн бгасах боловуу гэж бодох юм. Аймаг болгонд сайхан дэлгүүр болон сайн сургуулиуд баригдаад эхэлбэл олон талын ашигтай.
huduuniihun huduunuu uhree lalagnuulaad suuj baisan ni deer dee, hotod irj hogon dund amidarch baihaar, eruul agaart huduu ni hamaagui deer. Hot hereg alga, utaa toos, mashinii tugjirel, duu chimee....