sonin.mn
Нэг. Аймгийн бэлчээр ашиглалт
 
Монголчууд олон мянган жилийн турш нутаг бэлчээрийг мал аж ахуйд улирлаар тохируулан нүудэллэн маллаж, ирсэн дэлхийн цөөн улс үндэстний нэг билээ. Манай нутаг бэлчээр бол монгол улс, түүний язгуур аж ахуй болох мал сүргийн оршин хөгжих үндэс юм. Өөрөөр хэлбэл монгол малын идэш тэжээлийн эх булаг бэлчээр байдаг учраас ургац нь шинэчилэгдсэн, сайн бэлчээрийг даган нүүдэллэж байгаль орчиндоо халгүй, хямд өртөгтэй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өнөөг хүртэл хэрэглэж ирсэн улс юм.
 
Тухайлбал Завхан аймгийн нийт нутаг 82.5 мянган километр квадрат нутаг дэвсгэрээс газрын нэгдмэл сангийн ангиллаар 7 сая орчим га бэлчээрийн талбай эзлэдэг. Манай аймгийн өвлийн бэлчээрийн ургамлын гарцыг га-д 3.6 центрээс дээш ургацтай байвал хэвийн гэж үзвэл 2.5 сая тонн өвс бэлчээрт байгаа гэсэн үг юм. Жилийн дундажаар нэг хонь хоногт 1.6 кг өвсийг бэлчээрээс олж иддэг гэвэл жилд 584 кг өвсийг хэрэглэнэ.
 
Иймд Монголын мал аж ахуйн салбарт бий болж байгаа нэмүү өртөг нь бэлчээрээс бий болж байдаг. Сүүлийн жилүүдийн аймгийн малын тоог дундажаар тооцон нийт таван төрлийн малыг хонин толгойд шилжүүлж тооцвол 3.6 сая хонь толгой мал болно.
 
Тэгвэл аймгийн хэмжээгээр хамгийн багаар бодож нэг хонь толгой малд 3 кг өвсийг өвөл хаврын бэлтгэлд малчин хүн бүр заавал бэлтгэх ёстой гэж үзвэл 11.0 мянган тонн өвсийг, малчид дэлгэр цагт, баян хангайгаас төвөггүй бэлтгэж байгалийн бэрхшээл тохиолдоход малаа 3 хоног хамгаалж чадах боломжтой болно.  
 
Өмнөх төлөвлөгөөт эдийн засгийн үед бүх малчид гар тэжээл хийж, хадлан 32-38 мянган тонн бэлтгэж, ХАА-н нэгдэл, аж ахуйнууд үр тариа малын тэжээлийг 46 мянган га-д тариалж, га-аас 7-14.8 центр ургац авч, мөн нэгдэл бүр цехээр багсармал, холимог тэжээлийг үйлдвэрлэж, өвөл хаврын хатуу цагт малд өгөх нэмэгдэл тэжээлийг бүрдүүлдэг байсан учир, аймгийн хэмжээгээр нийт малыг 28-34 хоног нэмэгдлээр тэжээх ихээхэн нөөц тэжээлтэй байдаг байлаа. Тэр үед аймгийн хэмжээгээр нийт малд жилд шаардагдах тэжээлийн блансаар тооцож үзэхэд мал аж ахуйд хэрэглэгдэх тэжээлийн 94.8 хүртэл хувийг бэлчээрээр хангаж, үлдэх 3.6-5.2 хүртлэх хувийг нэгдэл, аж ахуй болон малчид бэлтгэдэг байжээ.
 
Тэгвэл зах зээлд шилжсэнээс хойш аймгийн 2012 онд бэлтгэсэн өвс тэжээлийн мэдээг 1990 оны үетэй харьцуулахад бодит байдалдаа дөнгөж 27.1 хувьтай тэнцэх өвс тэжээл бэлтгэгдэж байна. Энэхүү дээрхи байдлаас дараах дүгнэлт гарч байна.
 
Монголын мал аж ахуйн өсөлт хөгжилт, бэлчээр нутгаас шууд хамааралтай өөрөөр хэлбэл нутаг бэлчээргүй бол малгүй болно, малгүй бол малчин, мэргэжилтэн үгүй болоод зогсохгүй түмэн олон хоол хүнсний гачигдалд орно гэсэн үг юмаа. Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйд, бэлчээр нутаг алтнаас ч үнэтэй, юугаар ч сольж орлуулж болохгүй урган өсч, нөхөгдөж байдаг арвин их баялаг билээ.
 
Аймгийн суурь үндсэн эдийн засаг нь мал сүрэг, эдэлбэр газар, тариалан бөгөөд нийт үйлдвэрлэл, орлогын 68-76.9 хувийг мал, хөдөө аж ахуйн салбарт ноогдоно. НҮБ-ын ФАО-гийн судалгаагаар дэлхийн байран маллагааны малын өсөлт, мах үйлдвэрлэлээс, нүүдлийн мал аж ахуй, малын өсөлт, махны үйлдвэрлэл илүү болохыг тогтоожээ. 
 
 
Хоёр. Ган зуд болоход мал, малчин хоёрт ямар бэржшээл учирдаг билээ
 
Дэлхийн цагуурын дулаарал миний ажигласнаар манай аймагт 1988 оноос мэдрэгдсэн, улмаар 1998-2000 онуудад бороо эрс багасч, их хуурайшилт болж, цаг агаар хэвийн байсан 1993 онтой харьцуулахад дулааралт 8 хэмээр нэмэгдэж, хүйтрэлт 3 хэмээр багасч, зарим жилд унасан тунадас 84.4 мм-ээр багассанаас, бэлчээрийн дундаж ургац 2.8-3.5 дахин багасч 0.6-1.1 цн/га, ургацтай харын зуд болсон бол, 2001-2002 онуудад сумдын нийт нутгийн 63.9 хувьд мөсөн ултай цасны зузаан 40 см-ээс 1.4 метр хүрч, цасны нягтрал 2 кг/см З-ээс давж цагаан зуд болсоныг, малчин тариачин, мэргэжилтэн, бүх шатны Засаг дарга нар мартахгүй байх ёстой.
 
Энэ ган зудын жилүүдэд аймаг нийт малынхаа 40 гаруй хувьтай тэнцэх 1.2 сая малаа хорогдуулж, тэр үеийн дундаж ханшаар 53.5 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол иргэд малчидад гарсан юм. Цаг уурын дээрхи байдал 2008-2009 онуудад дахин давтагдаж, сумдын хамрах хүрээ арай бага боловч малын өсөлт мэдээгээр 3 сая гарч байсан боловч, бодит байдалдаа 1.4 сая малтай хоцорч, хоёр удаагийн ган зудад, аймгийн нийт малчдын 30 гаруй хувь малгүй болж, малтай өрхийн 20-иод хувь 10-50 толгой малтай хоцорч, ядуугийн амьдралд орж, төв суурин луу ажил амьдрал хайж нүүцгээсэн билээ.
 
Бидний 2000-2002 "'онуудад хийсэн судалгаагаар аймгийн нийт нутагт хуурайшилт дулаанаас улбаалж, цэвдэгшилтийн бүс 23-30 км-ээр хойшилж, говь завсрын сумдад элсний нүүдэл 7-23 км-ээр хээрийн бүс рүү түрж, томоохон голуудын усны түвшин 55 хувь хүртэл дундарч, олон арван булаг шанд ширгэж, бэлчээр ба мал аж ахуйд гамшгийн аюул болсон билээ.
 
Мөн бэлчээрийн ургамлыг идэж сүйтгэдэг хортон мэрэгчид, шавьж царцааны биологийн идэвхжилийн үеүд нэмэгдсэнээс, зарим сум багийн нутагт ургамлын нөмрөг багасч, цөлжилт үүсч, бэлчээрийн төрөл зүйл цөөрч, ганд тэсвэртэй сөөглөг өргөст ургамал болон шарилж, лууль, хамхуул зэрэг хогийн ургамалтай бэлчээр нэмэгдэж, малд сайнаас онц үнэлгээтэй идэгддэг борго улалж, үетэн хялгана, биелэг өвс, үнэгэн сүүл, цагаалж, өрхөг, хиаг зэрэг ургамлуудын ургалт хомсдож, мал сүргийн бэлчээр бүсийн байдлаар 12-39.5 хувь талхлагдан багассанаас, малын халдварт бус өвчний хорогдол нэмэгдэж, малын жин, ашиг шим буурч, газар тариаланд ургац алдах зэрэг муу үр дагаварууд гарсан юм.
 
Жишээлбэл 2000-2002 оны ган зуднаар Түдэвтэй, Яруу, Нөмрөг, Булнай, Идэр, зэрэг 7 сум малынхаа 63.5 хувь, үүний дотроос үхрийнхээ 77.5 хүртэл хувийг хорогдуулсан юм. Сумдаас хорогдсон саалийн үнээнээс 18.4 сая литр сүү ашиглах байсан тооцоо гарч байлаа. Өөрөөр хэлбэл ган зудын жилүүдэд аймаг хорогдсон үхэр адууныхаа 60-аад хувийг өнөөг хүртэл нөхөн өсгөж чадаагүйгээс, Улаанбаатар, Архангайн захын сүүний үнэнээс хоёр дахин үнэтэй сүү хэрэглэж байгаа нь ган зудаас хамааралтай боловч малчид, иргэн бүр зун, намрын дэлгэр цагт малынхаа өвөлжилт төлийн бэлтгэлийг сайн хангаж, нутаг бэлчээрээ хайрлан хамгаалж, зөв ашиглаж чадвал, мал аж ахуйгаас гарах хохиролыг 63 хүртэл хувиар багасгаж болох боломжтой байжээ. 
 
 
Гурав. Нүүдлийн мал аж ахуйн өсөн хөгжиж, өршин тогтнох үндэс нь, нутаг юм
 
Монголчууд, Хүннү, Шаньюгийн үеийн төрт улсаас улбаалсан, эзэн Чингис хааны нэгдсэн улс байгуулагдаж, урагш Хятадын их цагаан хэрэм, хойшоо Сибир, Байгаль нуур, зүүнтэй Хянганаас, баруун тийш Алтайн нуруу хүртэл уудам тэнүүн нутагт амьдарч, улмаар далайн чандын бусад тивүүдэд өөрийн ноёрхолоо тогтоож, дэлхийн хагасыг эзэгнэн удирдан хөгжүүлж байсан боловч, их Чингис хаан зарлиг буулгахдаа: Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай монгол хүн эх газартаа эзэн сууж, харийнханд сөөм газрыг ч алдаж /өгч/ болохгүй гэсэн зарлигаа тогтоож байжээ.
 
Мөн ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн бичсэнээр Хөдөө тал нь малаар дүүрэн, хөвчийн ой нь ангаар арвин, хөрсөн дороо эрдэнээр баян" төгс, монгол оронд нутаг бэлчээр хичнээн чухлын чухал болох нь улам тодорхой байна. Эх газар, хүн, малын гурвалсан холбоо нь Монгол улсыг оршин тогтнож, хөгжин бэхжихийн үндэс болой. Иймд иргэд, малчид, олон зуун жилийн уламжлалын дагуу, эх дэлхий, түүний ус бэлчээр, мал сүргээ хайрлан хамгаалж, зохистой хэрэглэхийг өнөөгийн амьдрал шаардаж байна.
 
Хамгийн наад зах нь сум багаас малчны хот айл, нөхөрлөл хоршоонд, бэлчээрийг улирлаар, хувиар төлөвлөгөөтэй ашиглуулах, бэлчээр эзэмшүүлэх гэрээ хэлцэлийг хийж, нийт малчдын дундаа ашигладаг булаг, усны эх, хадлангийн талбай, өвөлжөө, хужирын нөөц газарт цагдаа харуул гаргаж ажиллах ёстой. Бэлчээрийг сайжруулахад, өнжөөж амраах, услах, хашиж хамгаалах, бордох, сайн чанарын олон настын үрээр баяжуулах зэрэг олон аргаар сэргээн ашиглаж болдогыг, ажилсаг малчдын арга туршлага харуулж байгааг, нийт малчдад сурталчлан зохион байгуулж хийлгэх ажлыг, манай сум багийн Засаг дарга, мал аж ахуйн мэргэжилтнүүд хариуцан, гүйцэтгэх үүрэгтэй билээ.
 
Манай орны бэлчээрийн мал аж ахуй нь Монголын төдийгүй, дэлхийн хүн төрөлхтөнийг экологийн цэвэр хүнсээр хангахад онцгой үүрэгтэй болно. 
 
 
Дөрөв. Завхан аймаг 
 
Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км2 нутаг дэвсгэртэй байдаг Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нуруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршидог Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрласан.
 
Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031м өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132м далайн түвшинээс дээш 2000 метрт оршдог нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тармацаг элстэй байдаг.
 
Аймгийн өндөр уул, нуруудыг давах Солонгот, Загастай, Халзан согоот, Ганц, Минж, Төөнт, Гарьд, Цэцэрлэг, Мөсөн, Тээл, Модон ба Баруун даваа, Тахт, зэрэг олон сүрлэг өндөр даваануудтай ба элсэн нуруунуудыг гатлах Хөтгөр, Аалзат, Хуурай, Олгой болон Сүвэн улаан, Монголын, Ганц модны зэрэг элсний сүвэн замуудтай байдаг. Хангайн уулт өндөрлөг нь эх газрын ус хагалбарын муж учир хойд мөсөн далайн ай савд Идэрийн гол, түүнд Тун, Ямаат, Тэгш, Хожуул, Зарт, Цэцүүх, зэрэг голууд цутгадаг бол, Төв , Азийн дотоод ай савд Богд, Чигэстэй, Яруу, Буянт, Шар ус, Завхан, Нуга, Нарийн, Тариат, Хүнгийн голууд болон Тэс, түүнийг тэтгэдэг салбар голууд нийлж баруун тийш урсаж дотоодын нууруудыг тэжээдэг  Байгаль амьсгалын нөхцөл байдлын онцлогийг бүрдүүлдэг, газарзүйн нөлөөллийн гурван үндсэн шалтгаан байдаг. 
 
1 .Монгол орон, далайн түвшнээс бүхэлдээ өндөрт өргөгдсөн.
 
2.Гадаад далай тэнгисээс алслагдсан
 
3.Монгол орон ялангуяа Завхан аймаг тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн нь эрс тэс эх газрын уур амьсгалтай, жилд дундажаар 217мм хур тунадас ордог, хөрс ургамлын өвөрмөц бүтцийг бүрдүүлжээ.
 
Нөгөө талаар тухайн орон нутгийн, цаг уурын нөхцөлийг нарны цацраг, газрын гадарга, ургамлын бүрхэвч, гол ус, газрын чийгшилээс орчины агаар түүний урсгал салхийг үүсгэдэг. Завхан аймагт жилийн хамгийн хүйтэн үе нэгдүгээр сард агаарын температур дундажаар -320 С, зун 7 сард бүсийн байдлаар дундажаар +210-аас их байх ба ХАА-н үйлдвэрлэлд ашигтай +100 дээш байх хугацаа 70-130 хоног байна. Дулааны улиралд харьцангуй чийгшил, уулархаг нутагт 45-70 хувь говийн бүс, Их нууруудын хотгорт 30 хувиас доош байна гэж их эрдэмтэн, техникийн ухааны доктор профессор Г.Пүрэвдорж бичжээ.
 
Завхан аймагт нуур тойром 118, гол горхи 217, булаг шанд 444, Рашаан 15, халуун рашаан 8 байдаг боловч жилийн хур бороо оролт, гангийн байдлаас горхи шандын тоо цөөрөх үзэгдэл гардаг. Мөн тухайн жилийн хур борооны оролтын хэмжээ орох хугацаа мөн дулааны температураас зуншлагын байдал хамаарч, бэлчээрийн ургамал болон нэг наст тарималын ургацын хэмжээ өөр өөр болдог байна.
 
Дээрхи байдлаас дүгнэлт хийхэд манай улсын өрх, хот айлын малчин иргэн бүр, өөрийн эзэмшиж өмчилсөн, нутаг газраас эхлээд, баг сумынхаа бэлчээр нутаг түүний хил заагыг, нарийн сайн мэддэг байхын дээр, улирлын онцлогоор нүүж, мал сүрэгт ашиглаж болох бэлчээрийг зөв ашиглаж чаддаг байх шаардлагатай. Ингэснээр монгол орныхоо нутаг бэлчээрийг ашиглаж хамгаалж байдаг, малчин тариачин, нийт иргэд, төрөлх эх орныхоо уугуул суугуул жинхэнэ эзэн байж чадна.
 
Л.Лхаасүрэн 
 
/Монгол Улсын Гавъяат/
 
Эх сурвалж: "Завхан" сонин