sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн  бодлого тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Төв аймгийн Лүн сумын ИТХ-ын төлөөлөгч А.Оюунчимэгтэй ярилцлаа.
 
-Төв аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ?
 
-Манай орны хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өрх гэр бүлд аливаа том асуудлыг гэр бүлийн хүмүүс харилцан ярилцаж зөвшилцөн арга билгийн ухаанаар шийдвэрлэдэг бол нийгмийн хувьд өрөөсгөл байна. Хэдийгээр төрийн алба хашиж байгаа хүйсийн харьцаа 40:60 гэсэн статистикийн судалгаа байдаг ч шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байдаг. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн дарга болохын тухай ярьж байгаа асуудал биш.
 
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү, эрсдэлт олон өвчлөл буурахгүй байгаа шалтгаан, Зам тээврийн аюулгүй байдалтай холбоотой осол, гэмтлүүд, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, боловсрол, эрүүл мэнд, боловсон хүчний чанар, дутагдал гээд тулгамдаж буй асуудалд төрийн зөв, цогц,  уян хатан зохистой, тэнцвэртэй бодлого гаргахад эмэгтэйчүүд бидний оролцоо, шийдвэр, дуу хоолой нэн чухал.
 
Нэг талыг барьсан бодлого өрөөсгөл учир дутагдалтай байдаг. Тиймээс бид шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, олон улсын түвшинд хүрдэггүй ч хууль, дүрэм журамдаа заасан эмэгтэйчүүдийн 30 хувийн квотдоо бүрэн дүүрэн сонгож гаргах нь чухал гэдгийг хаа хаанаа ойлгох нь зүйтэй юм шиг санагддаг. 2020 оны найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр Төв аймгий ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдсоноос 31 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй төлөөлөгч. 18-35 насны дөрөв, 36 дээш насны 37 төлөөлөгч байгаа. ИТХ-ын зөвлөл долоон хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байгаагаас хоёр нь эмэгтэй. 10 эмэгтэй төлөөлөгчөөс аймгийн Засаг даргын орлогчоор нэг, сумын ИТХ-ын даргаар нэг, сумын Засаг даргаар гурав нь ажиллаж байна. Аймгийн нийт төлөөлөгчийн 24.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
 
-Танай аймагт эмэгтэйчүүдээ хэр дэмжиж ажилладаг вэ?
 
-2020 оны сонгуулиар намаас гурван эмэгтэй УИХ-д нэр дэвшсэн боловч нэг нь ч гарч чадаагүй. Сонгогдсон аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид бүгд сум, орон нутгаас сонгогдсон байгаагаас үзвэл хөдөө орон нутагт эмэгтэйчүүдээ зохих шатанд үнэлж дэмждэг нь харагдаж байна. Зарим талаар хууль, эрх зүйн орчин хангалтгүй, бодлого тодорхойлох түвшинд сонгох, томилох олон нийтийн итгэл найдвэр сул, энэ эмэгтэй учир чадахгүй гэдэг ч юм уу нийгмийн тогтсон хандлага нөлөөлдөг юм шиг санагддаг. Гэтэл эмэгтэйчүүд хийх гэж зорьсон ажлаа гүйцэтгэл сайтай шийдвэрлэж чаддаг. Манай аймгийн хувьд эмэгтэй удирдах даргатай сумдуудаа бусад сумын адил дэмжиж ажилладаг гэж боддог. Гэхдээ эмэгтэйчүүдийн талаарх энэ хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөхөд цаг хугацаа шаардах хэдий ч соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийх нь чухал.
 
-Ирэх жил эмэгтэйчүүдээ яаж дэмжиж ажиллах вэ?
 
-Ирэх сонгуульд улс төрд гарч ирэхээр манлайлагч эмэгтэйчүүдээ миний хувьд дэмжинэ гэж бодож байгаа.
 
-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад ямар бэрхшээл байна?
 
-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахын тулд юуны өмнө өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, чадавхжуулах, мэдлэг чадвараа дайчлах, нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх чадамж суух, зоригтой дайчин байх хэрэгтэй. Бэрхшээл гэвэл нийгмийн тогтсон хандлага, хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт хийх. Улс төрийн намуудын шат шатны сонгуульд дэвших эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудал, эдийн засгийн чадавхаас шалтгаалдаг гэж бодож байна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин