sonin.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль БНХАУ-ын нутаг дэвсгэрт 2026 оны 05 дугаар сарын 30-ны энэ өдөр эхэллээ. Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, БНХАУ-ын талаас Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн цэргийн тойргийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлин зэрэг хоёр орны Зэвсэгт хүчний удирдлагууд оролцож, нээлтийг хийв.


May be an image of text

No photo description available.

Сургуулийн нээлтэд оролцсон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш” сургууль нь хоёр орны "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааа"-г хөгжүүлэх, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн хээрийн мэдлэгээ харилцан солилцохоос гадна бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг хангахад түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв. Мөн хээрийн сургуулийн бүсийг өндөр түвшинд бэлтгэн зохион байгуулж, манай дайчдад хамтарсан сургалт бэлтгэлдээ бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлсэн явдалд талархал дэвшүүлэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй хоёр орны цэргийн алба хаагчдын хамтарсан сургуульд өндөр амжилт хүслээ.


May be an image of text

May be an image of text



БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлин хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгааг тодотгож, мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнө эртнээс улбаатай, баялаг түүхтэй, энэ цаг үед хамтарсан хээрийн сургуулиар улам бүр батжин, бэхжиж байгааг онцлон дурдав. Сургуульд хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцож байгаа бөгөөд Монголын талын сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр ажиллаж байна.



May be an image of text

May be an image of violin and text

Нээлтийн ёслолын арга хэмжээний дараа хоёр орны цэргийн алба хаагчид үндэсний өв соёл, түүх, уламжлалаа сурталчлан таниулах зэргээр соёлын арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид БНХАУ-ын цэргийн нөхдөө монгол гэртээ урин залж, үндэсний зоогоор дайлан, язгуур урлагийн тоглолтыг толилууллаа. Хоёр орны хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 2 жил тутам харилцан өөрсдийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.


ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС