sonin.mn

УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: "Аюулгүй байдлыг нь хамгаалах тоног төхөөрөмж байгаа юу? Ийм бэлтгэл байгаа юу гэхэд “байхгүй” гэсэн хариулт өгч байна. Өмнө нь Байнгын хороон дээр ч энэ асуудлыг асууж байсан.


Бид барилга байгууламжийн урсгал зардалд асар их мөнгө зарцуулж, төсвөө жил бүр тэлсээр байна. Гэтэл онцгой байдлын салбарт сүүлийн 10 жилийн хугацаанд 78 төсөл хэрэгжүүлжээ. Үүний ихэнх нь хэдэн аймагт гал унтраах анги барих зэрэг бүтээн байгуулалт байсан. Харин өнөөдөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хангалттай хийгдээгүй байна.


Хамгийн харамсалтай нь улсын төсвөөр сумын төвийн зам барьдаг мөртлөө онцгой байдлын тоног төхөөрөмжийг 100 сая ам.долларын буцалтгүй зээлээр шийдэж байна. Миний хэлэх гэсэн санаа бол онцгой байдлын салбарыг зээлээр биш, улсын төсвийн үндсэн санхүүжилтээр хангах ёстой. Харин бусад зарим ажлыг өөр эх үүсвэрээр шийдэж болох байсан. Өнөөдөр энэ байдал яг эсрэгээрээ явж байна. Монгол Улсад 24 давхар барилга олноор баригдаж эхэлж байна. Тийм бол 24 давхарт хүрч ажиллах гал унтраах, аврах тоног төхөөрөмж заавал байх ёстой. Ямар нэгэн гамшгийн үед саяхан болсон 3 настай охины харамсалтай хэрэг шиг нөхцөл байдал дахин давтагдаж болно. Тиймээс онцгой байдал бүх талаар бэлэн байх ёстой. Аврагчид, ажилтнууд нь бэлэн байдаг ч техник, тоног төхөөрөмж нь хүрэлцэхгүй байна.


Бид сүүлийн 5 жилд 168 их наяд 850 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсөв болгон зарцуулсан атлаа доошоо 30 метр ухаж, дээшээ 30 метр сунан ажиллах техникгүй сууж байна.


Үүнийг ний нуугүй хэлэхэд, зөвхөн дарга нарын 2025 онд худалдаж авсан нэг жийпний мөнгийг хасахад л ийм тоног төхөөрөмж авах боломжтой. Бид мөнгөгүй улс биш. Харин мөнгөө буруу зүйлд зарцуулж байна. Дандаа хэрэг явдал болсны дараа хашхирч байна. Урьдчилан сэргийлэх нэг ч бодит ажил хийхгүй байна. Өчигдөр хүүхдийн тухай хууль хэлэлцэж байхад ч би хэлсэн. Хүүхдийн төлөөх байгууллагуудыг өстэй юм шиг бүгдийг нь устгасан. Өнөөдөр Улаанбаатар хотод бүтэн хэмжээний биеийн тамирын талбайтай сургууль бараг байхгүй болсон.


Бид “хүүхдийн төлөө” гэж ярьдаг мөртлөө бодит үйлдлээрээ хүүхдүүдийнхээ эсрэг ажиллаж байна. Сүүлийн 10 гаруй жил ийм нөхцөл байдал бий боллоо. Асуудал шийдэгдэхгүй болохоор хэн ч араас нь явдаггүй. Асуудал шийдэгдэж байгаа мэт дүр үзүүлээд өнгөрдөг.


Сонгуулийн үеэр “ийм юм хийнэ” гэж амалчхаад тууз хайчилдаг тогтолцоо бий болсон. 1.5 км замыг 3 жил барьж байна гэдэг чинь намар нэг тууз хайчилж, дараа жилийн хавар дахин тууз хайчлах гэсэн улс төрийн шоу л болсон гэсэн үг.


“21 давхараас дээш хүрдэг шат Монголд байтугай дэлхийд ч байхгүй” гэж онцгой байдалд олон жил ажилласан хүн ярьж байна?


Гэхдээ дэлхий хөгжчихсөн байна. Заавал шат ашиглах албагүй. Дрон байна, технологийн маш олон шийдэл бий болсон. Шийдлээ л олох хэрэгтэй. Монголчууд дэлхийд анх удаа дрон хийх гэж байгаа биш шүү дээ.


Өнөөдөр дэлхий даяар дрон ашиглаж байна. Хонконг, Сингапур зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнууд зуу зуун давхар барилгатай. Тэд шат байхгүй гээд гал гарч байхад зүгээр хараад суудаггүй. Бэлтгэлээ хангачихсан байдаг. Харин бид мөнгөнийхөө зарцуулалтыг буруу тавиад байна.


Айлын жишээгээр хэлбэл том өрөөндөө зурагттай байж, унтлагын өрөөндөө дахиад зурагт аваад, харин индүүгүй суудагтай адил. Бид юмаа зөв төлөвлөж чаддаггүй улс болчихжээ.


Өндөр барилгууд баригдаж байна. Анхнаасаа барилгууд дотроо автомат ус цацах системтэй байх ёстой. Тэр нь ажиллахгүй байгаа юм уу, эсвэл хяналт шалгалтаар шаардлага хангуулж чадаагүй юм уу?


Манайд стандарт гэдэг зүйл бараг байхгүй болсон. Та бүхэн өнөөдөр гэрээсээ ирэхдээ стандартын шаардлага хангасан авто замаар явж ирсэн үү гэвэл үгүй. Ордон руу алхаж ирэхдээ стандартын шаардлага хангасан явган хүний замаар алхсан уу гэвэл бас л үгүй. Бид стандартгүй зүйлийг “боломжийн юм байна” гээд хүлээн зөвшөөрдөг улс болчихжээ. Гэтэл стандарт гэдэг маш нарийн зүйл. Та нарын хэрэглэж байгаа микрофон, камер бүгд стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байдаг. “Аан, камер л юм байна” гээд дур мэдэн хийчихдэггүй. Манайд Стандарт, хэмжил зүйн газар гэж бий. Гэтэл хамгийн стандартгүй, хамгийн хариуцлагагүй байгууллага болчихсон байна." гэлээ.


Н.Отгончимэг