Ерэн оны үед Их сургуульд нэр төртэй багшилж, басчиг дэвшилтэт үзэлтэн байж, сургууль дээр нь болж байгаа Ардчилсан үзэлтэй залуу багш нар, оюутнуудыг ил далдаар дэмжиж, тэр байтугай өрөө тасалгаа хүртэл гаргаж өгч байсан Р.Нямдорж гуай нэгэнтээ ярихдаа “Саяхан би телевизийн ярилцлага үзэж суулаа. Арчдилчсан хувьсгалд анхнаас нь оролцсон, нэртэй төртэй хүний хүүхэд, АН-аас төрд өндөр алба хашиж явсан эмэгтэй ерэн оны ардчиллын түүхийг худлаа ярихыг сонслоо.
Зарим зүйлийнх нь гэрч нь би юм. Тэгээд юу бодогдов гэхээр бүх гэрчүүд нь, оролцогчид нь амьд байгаа өчигдрийн түүхийг ингэж худлаа ярьж байгаа юм чинь алсарч байгаа түүхэн үйл явдлууд, мөн ирэх цаг хугацааны түүхийг ч бид шал худлаа зохиож чадах юм байна гэж харамслаа” хэмээн ярьж билээ. Энэ бол эхлэл.
Өдгөө өдөр ирэх тусам монголчууд бидний худал хуурмаг, Төр засгаасаа эхтэй, улстөрчдийн оролцоотой худал хуурмагууд улам төгсөрч байгаа нь аймшигтай санагдах боллоо. Энэ улсын бүх салбарт худал хуурмаг бүхэн нэвчин шингэлээ. Нийгмийн оюун санаанд хамгийн хүчтэй нөлөөлдөг сэтгүүл зүй, урлаг соёл, утга зохиолын хүрээнд хүртэл үнэн үгүй болов. Монголчууд нийтлэгдээ мэдэж, бахархан үзэх болсон, сүүлийн үеийн гайгүй бүтээлүүдийн нэг болох “Байтаг богд” киногоор наад зах нь жишээлж болно. Судлаачид, цэргийн түүхчид, үйл явдлын гэрчүүдтэй уулзаж явсан хүмүүс бүгд энэ киног шүүмжилж, бодит байдлаасаа дэндүү хазайлгасан хэмээн өөрсдийн хүрээндээ ярьж байгаа. Өөрсдийн л хүрээн дотроо шүү. Нэгэнт нийгэмд хүчээ авчихсан киног тэд сөрөх, үнэнийг нь хэлэхээс халирч байгаа нь илт. Өнөөдрийн нийгэм ийм л айдастай, үзэл бодол, оюун санааны эрх чөлөөгүй болж.
Түүхэн хэрэг явдлын тухайд: 1947 оны 8 дугаар сард Байтаг богд уулын Бүдүүн харгайтад болсон зэвсэгт мөргөлдөөнийг газар дээр нь очиж мөрдөн шалгаж тогтоосон. Засгийн газрын комиссын тэргүүн, дэслэгч генерал Б.Цэдэн-Иш гуайн албан ёсны дүгнэлт, олон хүний нотолсон баримт, үзсэн харсныг баримтжуулсан зураг оролцсон бүх хүмүүсийн өгсөн байцаалт, нэжгээд тооны хүмүүс бүрэлдэхүүнд багтсан комиссынхны газар дээр нь сумны хонгио нэг бүр, дуссан цус, мөлхсөн газар бүрийг баримтжуулсан материалууд архивт онцгой сайн хадгалагдсан байдаг. Түүгээр ч зогсохгүй тэр бүгдээ албан ёсоор “Дархан хилийн домогт сургамж” гэж ногоон хавтастай баримтад том ном болгосон.
Тэдгээр гарцаагүй нотлох баримтаар бол өдгөө баатар гэх шахуу цоллох болсон постын ахлагч нэгэн бээр есөн цэргийнхээ хамтаар ямар ч эсрэг үйлдэл хийлгүй 90 орчим гоминданы морьт цэргийг харсаар хил давуулж, тэдгээр нь бүр байрлалаа тухтай эзэлж аваад манай 10 хилчин рүү гал нээсэн байдаг.
Эхний буун дуунаар гурав нь газар дээрээ амь үрэгдсэн. Тэдний үхэхийг харсан гурав нь арагшаа шууд зугтаасан. Харамсалтай нь арай урд өндөрлөг дээр нь байсан Тэгшээ, Гиваан, Даваадорж гурав нь зугтаж амжилгүй бүслэгдчихсэн байдаг. Бүслэгдсэн гурваа аврахын төлөө зугтсан гурав нь ганц сум ч илгээгээгүй. Ингээд хөөрхий ямар ч аргагүй битүү цагирагт орсон гурван байлдагч амиа хамгаалахын тулд байгаа сумаа тавьж, амь эрсэдсэн. Гурвууланд нь БНМАУ-ын баатар цол нэхэн олгосон. Бодит түүх ердөө л энэ. Түүхэн бодит үнэн бол тэдгээр 10 хилчний нэг нь хэл хүргэхээр явсан, гурав нь амь зулбан зугтаасан, гурав нь ямар ч мэргэжлийн удирдлагагүйгээр газар дээрээ нам буудуулсан. Бүслэгдсэн гурав нь гарцгүй болсон учир буудалцаад байршил дээрээ нас барцгаасан. Кинон дээр гардаг шиг, цус урсгасан зоригт тулалдаан, эх орон, газар шорооны төлөөх тэмцэл огт өрнөөгүй. Өнөөдрийн бүхэн ДОМОГ. Ийм л бодит үнэн юм. Гэвч муу зүйлд сайн тал заавал байдаг гэдэг шиг үйл явдлыг домогшуулж, өнөөдрийн хүмүүсийн эх оронч үзлийг сэргээхэд нэмэр болсон байх. Энэ киног онцгойлон кейс болгож байгаа нь тэр 10 хилчний домог, уран сайхны хэтрүүлэгт ач холбогдол өгч байгаа юм биш.
Гучин жилийн өмнөх Ардчилсан хувьсгалын түүх, арай цаадах 1940 оны түүхэн хэрэг явдлууд бүгд худлаар явж, одоо бүр соц нийгмийн үеийнх шиг ҮЗЭЛ СУРТАЛ болгож байгаа нь урхаг ихтэй юм. Даамжирвал цаашдаа их аюултай. Халдвар тархалт ихтэй.
Яг өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал тэр чигээрээ энэ мэт худал түүх домог руу явж, хуулбарлагдаж байна. Үнэн юмгүй улс орон болж байна гэсэн үг. Худал бүгдэд нь ард түмэн итгэж байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл үндэстний мөхөл. Тэгэхээр бүгдээрээ өчигдөр, өнөөдөр, бас маргаашийн тухайд ҮНЭН л хандъя, ҮНЭН л байцгаая. Өнөөдөр Хотын шинэ даргын тухай ид хэлэлцэгдэж байна. Гэхдээ худлаа ярианууд. Юу үнэн гэвэл хотын шинэ дарга юу ч хийж чадахгүй нь л үнэн. Ямар ч шинэ ажил хийх боломжгүй болчихсон нь бодит үнэн. Яг үүнтэй адил шинэ залуу Ерөнхий сайдын зүгээс лав л өнөөдөртөө Монгол Улсын төлөө ямар ч ахиц дэвшилтэй ажил хийж, үр дүнг нь үзэж чадахгүй нь бас бодит үнэн. Их хурлын дарга бол бүр ч хүнд. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг өнөөдрийн парламентыг яаж нэг зүгт харуулна гэж. Ийм Их хурлыг эмхлэн удирдаж, хэрэгтэй хууль баталж, хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Гэтэл энэ үнэнийг зүгээр худал хуурмаг яриагаар үнэн юм шиг болгож байна. Байтаг богдын домогт 10 баатар гэдэг шиг л баатруудыг МАН-ын зүгээс УИХ, ЗГ, Нийслэлд тавьж гавьяаг байгуулахыг нь хүлээж байгаа гэх. Үүнд нь ард түмний хэсэг нь итгэнэ. Энэ л эмгэнэл. Тэр худал үзэл суртлаа онцгой хийж байна. Худал хуурмагийн үр дүн гэж байдаг уу. Байдаг учраас л өнөөдөр бидний байгаа царай энэ. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд Монголын улстөрчид ямар түүхэн гавьяа байгуулав.
Кино хийе л дээ. Тэгээд түүнийгээ үзэл суртал болгоё. Гэтэл зохиогоод, худлаа ч болтугай үзэл суртлын гарамгай хэрэгсэл болгочих бүтээл гарахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл бүгд худлаа дүр эсгэж ирсэн юм чинь. Гэсэн худлыг бид сонсож байна, цаашид ч сонссоор хэдэн оныг үзэх бол...
Ийм ёс суртахуунгүй нийгэмд бид живчихлээ. Бүр уусаад, ийм л байх ёстой мэт, улс төр гэдэг нь өөрөө ийм увайгүй, бэртэгчин байхыг хэлдэг мэт ойлгодог болчихлоо. Энэ чөтгөрийн тойргоосоо гарч чадах нь өчигдөр, өнөөдөр, маргаашийн тухай худал хуурмаг мэдээлэл хэр хүчтэй байхаас шалтгаална. Маргаашдаа итгэх итгэлгүй ард түмэн болж хувирсан нь бодит үнэн. Эдгээрээс гарах дүгнэлт нь юу байх вэ. Нэгдүгээрт, бид ийм л ард түмэн. Худалч, хулгайч, богино зайнд сэтгэдэг. Аливаа үндэстэн, хувь хүн ч өөрсдийн удам судар, түүх замналаараа бахархаж, үнэт зүйлээ болгодог. Бид төрт ёсны 2000 жилийн түүхтэй, дэлхийн дэг журмыг тогтоож явсан ард түмэн гэдгээ бахархал дүүрэн ярьдаг. Гэтэл өдий хүртэлх хугацаандаа яагаад үргэлж доройтов. Энэ ертөнцийн хамгийн хүйтэн, таагүй цаг агаарын бүслүүрт хэдүүлээ тунаж үлдэв. Ийм газар орон, байгаль руу хэн ч дайрахгүй шүү дээ. Жаргалтай газар биш. Энэ мэт үнэнээ л ярьж, хүлээн зөвшөөрцгөөе. Хоёрдугаарт, бид сайн түүх доторх муу уламжлалаасаа үргэлж сэрэмжлэх ёстой. Бид бага хаадын үеэс эхлээд үргэлж дотроо хагалан бутарч, дайтаж, нэгнээ хорлож, хороож, хамгийн муухай нь Монголын түүхэнд өнөөдөр хүртэл урвагчидтай явж ирлээ. Энэ муу зан, муухай түүхээ үнэнээр нь ярьж, ярьсныхаа хэрээр дор бүрдээ сэрэмжилж, бүх салбарт, бүх шатанд үнэнд ойр ажилаж амьдарцгаая. Эхлээд ийм систем, тогтолцоог энэ улс оронд, амьдран буй нийгэмдээ бий болгоё. Ингэж байж Монгол Улс хөгжил дэвшлийн тухай ярина. Ард түмэн бүгдээр сайхан амьдрал руу дөхөх болно. Давтан хэлье. Өчигдрийн түүхээ үнэнээр нь үлдээе. Өнөөдрийн үйл хэргээ үнэнээр явуулъя. Ингэсэн цагт маргаашийн сайн сайхан цаг бодитой ирнэ. Шударга ёс, өндөр ёс суртахуун, үндэсний үнэт зүйл дээр нэгдэцгээе. Худал хуурмагаа дарж чадахгүй бол маргаашийн ирээдүй бүрхэг, тодорхойгүй. Яг одоо бол монголчууд бидний бүх зүйл худал хуурмаг руу улам ихээр явж байна. Хазаарлан зогсоох цаг болжээ. Үүний төлөө хүн бүхэн хичээж, ҮНЭН-тэй нөхөрлөе...
Б.Нямаа
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
Кино бол заавал үнэн байх албагүй ! Худал тусмаа улам их үздэг гэсэн судалгаа байдаг юм ! Голливудын киноны 90 хувь нь шал худал зүйл ! зориуд худал хийдэг юм ! Эрэгтэй хүн төрж жирэмсэлж байх шиг ! Одооны монгол кино хийгчид сурч авах хэрэгтэй !
Энд уран сайхны киноны тухай биш түүхэн үйл явдлын тухай киноны тухай бичжээ.
Бүхнийг үгүысгэгч хүн байнаямонгол үргэлж доройтов хэн ч энэ улс руу дайрахгүй гэдэгтэй санал нийлэхгүй ээ Үнэнээр амьдарч ҮНЭН тэй нөхөрлөж байгаа хүн маш олон байна ятийм тулдаа нийгэм оршин тогтнож байна