sonin.mn

Нүүдэлчдээс хамгийн анх бичигтэй болсон нь түрэгүүд байлаа. Өнөөгийн Монгол нутагт түрэгүүдийн үлдээсэн олон янз хадны болон хөшөө дурсгалын бичээс үлджээ. Энэ нь V-VII зуунд хамаарна. Дараа нь монгол угсааны хятан нар хятадын ханз маягийн бичиг авч хэрэглэж байсныг “Хятаны их бичиг” гэж нэрлэдэг. Харин тэд Х зууны үед уйгараас бичиг зээлж хэрэглэх болсныг “Хятаны бага бичиг” гэнэ. Монголчууд ХII-XIII зууны үед уйгар бичиг авч хэрэглэсэн аж.


Чингис хаан уйгарын Татаатунгааг авчирч уйгаржин монгол бичиг зохиолгосон гэсэн таамаглал өдгөө давамгайлдаг. Дээрээс доошоо бичдэг уйгарын босоо бичгийг магадгүй хятан нараас уламжилж авсан байж болох юм. Энэ бичиг нь финик-арамэй-согд-уйгар-хятан гэсэн дарааллаар дамжижээ.


Хожим нь монголын уйгаржин бичгийг 1599 онд Нурхацийн зарлигаар манж хэлнээ зээлдэн авч хэрэглэх болсон. Гэхдээ согдын хөндлөнгөөр бичдэгийг нүүдэлчид хятад ханз бичлэгийг дуурайн дээрээс доош бичдэг болгосон гэх. Монголын утга зохиолын сор болсон Монголын нууц товчоо-г 1240 онд Өгөөдэй хааны үед бичиж дуусгасан аж. Монгол бичиг нь ХIII зууны үеийн монголчуудын аман ярианд тулгуурлаж зохиогдсон ба мянга гаруй жилийн турш сийрэг суудаг монголчууд олон аялгад хуваагдсан авч энэ бичиг тэр бүхнийг зангиддаг байлаа. Иймээс орчин үеийн монгол хэлний аль ч аялгатай бүрэн нийцдэггүй бичгийн хэл ажгуу. ХIV зууны эхээр Чойжи-Одсэр уйгар бичгийг дүрмээр хашиж нэлээд өөрчлөлт оруулсан шинэчлэл нь өргөнөөр хүлээн авагдсан юм. Уйгаржин бичиг өөрийн дутагдалтай байлаа. Юун түрүүн хэд хэдэн авиа ижил тэмдэгтээр бичигддэг, ерөөс нийт тэмдэгтийн тоо тун цөөн аж. Гадаад үгийг тэмдэглэхэд туйлын зохимжгүй, яаж уншигдах нь ойлгогддоггүй. Иймээс бичиг үсгийг сайжруулах, шинэчлэх, өөр үсэг зохиох, бусдаас зээлдэх оролдлого нэг бус удаа гарч байсан.


Төвдийн шашин хүчтэй орж ирснээр төвд, самгард хэлний үгс, утга санаа нэвтэрч, тэрэнд нь тохируулж үсгээ галигчлах шаардлага гарчээ. Ингээд XVI зуунд Аюуш гүүш галиг санаачилж, нэлээд тэмдэгт шинээр зохиожээ.


Төвдийн шашин хүчтэй нэвтэрснээр тэдний шинэ үгс, шинэ ухагдахуун даган орж ирсэн тул тэр болгонд нь монгол хэлэнд огт байдаггүй авиа зохиох шаардлага гарсан юм. Монгол хэлтэн “лха” гэж хэлж чадна. Энэ нь монгол “ла”-аас (la) өөрөөр дуудагдана. Лхам нь ламаас өөр дуудлагатай. Гэтэл энэтхэг төвдийн “дха”. “тха”, “рха” гэх мэтийн авиаг дуудаж чадахгүй. Иймээс дхарма-дарма, бодхи – бодь гэж хэлдэг, бичдэг. Энэ нь жишээ нь англи хэлний “th” авиа монгол хэлэнд байдаггүй учир кирилл үсэгт “с”, эсвэл “т” гэж тэмдэглэдэгтэй төстэй юм. Бас нэг галигчлал бол Намхайжанцангийн санаачилсан тод үсэг юм. Энэ нь бичгийг ярианы хэлэнд дөхүүлсэн хэрэг. Уйгуржин монгол бичиг нь ердөө 14 тэмдэгттэй, олон авиа ижил бичигддэг учир тэрээр үүнийг тодотгон ялгамжилжээ. Бичиг төдийлөн дэлгэрч чадаагүй ч Халимагт болон ялангуяа торгууд ястны дунд нэлээд тархан бичиг номд хэрэглэж байв. Үүнтэй төстэй нэг оролдлогыг буриад лам Агваандорж 1905 онд санаачилжээ. Үүнийг вагиндра үсэг гэж нэрэлдэг нь өөрийнх нь Агваан нэрийн самгард орчуулга юм. Гол нь орос үгийг галигчлахад чиглэсэн энэ санаачилга өөрөөс нь цааш олигтой нэвтрээгүй. Зөвлөлтийн олон үндэстний олон бичгийг нэг галигт оруулах гэж гучаад оны үед бүгдийг нь латинчлах хөдөлгөөн өрнөсөнд монгол бичиг өртөж байсан. Гэвч энэ нь нийтийг хамарч дүрэмжсэн явдал үгүй, зөвхөн сонин хэвлэл уриа лоозонгийн толгой хийхэд монгол үсгийг орлуулан хэрэглэж байв.


Нийтээр хэрэглэх зориулалтгүй, зөвхөн хувийн болон тусгай зориулалттай галиг ч бий. Үүний нэг жишээ нь энэтхэг ланз үсгээс санаа авч Занабазарын зохиосон соёмбо үсэг.


“Өөрөө буй болсон” гэсэн утгатай соёмбо нь илүүтэй бэлгэдэл, урлагийн чанартай, соёмбыг задлан тэмдэгт орлуулсан боловч шашин урлагийн бэлгэдлээс өөрөөр нийтийн хэрэгцээнд ашиглах бололцоогүй. Лам нар юм бичихдээ монгол хэлээр мөртөө төвд үсгээр галиглан бичих нь элбэг, энэ нь илүү дассантай холбоотой гэж Владимирцов тэмдэглэсэн байдаг. Чойбалсан хувьдаа нууцалсан тэмдэглэлээ кирилл үсгээр бичдэг байжээ. Энэ нь тэрээр кирилл үсэг анхлан нэвтрүүлсэн гэсэн үг биш, зөвхөн кириллийн тэмдэгтээр бичгээ галиглаж байсан. Тагнуул, цэрэгт ч тодорхой дүрсүүдээр галиглах явдал байдаг ч тайлаад уншихаар зүгээр л энгийн хэлээр бичигдсэн байна. Одоогийн хүүхдүүд солонгос үсгээр шпаргалк бэлдээд шалгалтад орж байна гэж нэгэн багш гомдол гаргаж байсан. Хэл болгон өөрийн авиатай, тэр нь бусад хэлнийхтэй таарч байх албагүй. Англи хэл нь үгээ бичгээр илэрхийлэх 26 тэмдэгттэй боловч 44 тусдаа авиатай гэж хэл шинжээчид тоолсон байдаг. Монгол хэл хэдэн авиатайг тооцсон судалгаатай таараагүй. Лав л кирилл бичиг нь 35 тэмдэгттэй учир мөн тийм тооны авиатай гэсэн үг ер биш. Халх аялгад байдаггүй дөрвөдийн “ө”, буриадын “h” зэргээс үзэхэд авиа тэмдэглэх нь нэлээд төвөгтэй эд бололтой. Нэг хэл дотроо биедээ таардаггүй өөр авиатай байхад, тэс ондоо гадаад дотоод хэлүүд бүр ч хоорондоо таарахгүй байх нь дэндүү ойлгомжтой.


КИРИЛ БИЧИГ


Гучаад оны дундуур Ата Түрк түрэг хэлний араб бичгийг латин үсэгт шилжүүлжээ. Гэтэл Зөвлөлтийн түрэг үндэстнүүд, ялангуяа азербайжан зэрэг хэл нь түрэгтэй тун ойролцоо, шууд ойлгогддог учир энэ нь үзэл суртлын халдвар болно гэж Сталин болгоомжлоод өөрийн олон үндэстний бичгийг латинчилж байснаа зогсоогоод орос кирилл үсгээр солих тушаал гаргасанд монгол хэлний бичиг мөн өртсөн юм. Ингээд уйгуржин монгол бичгийг кирилл үсэг рүү шилжүүллээ. Гэхдээ галиглахын оронд халх аялгад тулгуурлан цоо шинээр үсгийн дүрэм зохиожээ. Учир нь мөн уйгуржин монгол бичигтэй Буриад Монгол улсад хори аялгад тулгуурлан шинээр дүрэм зохиосон, бас Халимагт торгууд аялгад түшиглэн кирилл үсэгтэй тусгай дүрэм зохиосон болохоор БНМАУ дагахаас өөр аргагүй болсон бололтой. Орос кирилл үсэгт тохируулж үсгийн шинэ дүрэм зохиох үүргийг улс төрийн хэргээр шоронд сууж байгаад дөнгөж саяхан суллагдсан бичгийн их гүүш Дамдинсүрэнд даалгажээ. Долоон зууны турш хэрэглэгдээд хэвшсэн уйгуржин монгол бичгийн уламжлалт үсгийн дүрмийг нь огоороод, цоо шинэ дүрэм баримтлах болсон нь олон талаар ухралт болсон юм. Зарим судлаачдын олж тогтоосноор кирил монгол бичиг нь хоёр зуу гаруй дүрэмтэй, тэгээд ч дүрмүүд нь хоорондоо маш их зөрчилтэй аж. Ийм олон дүрмийг мэргэжлийн хүн ч тогтооход хэцүү учир ихэнх хүн харааны тогтоосон баримжаагаар бичдэг. Гэвч энэ шинэ үсгийн ачаар богино хугацаанд нийт ард түмнийг бичиг үсэгтэй болгож чадсанаар том дэвшил болсон.


Алив үг үсгийг нэг хэлээс нөгөө рүү, нэг аялгаас нөгөө рүү, нэг бичгээс нөгөө рүү галиглахдаа үндсэн хэдэн дүрэм баримтлах шаардлагатай болдог. Аялга авиагаар ижилсүүлэх, үгийг эхтэй нь ижилсүүлэх, орчуулж дөхүүлэх гэсэн өөр өөр арга техник байна.


Гэхдээ үндсэн шаардлага гэвэл өгөгдсөн үгийн авиаг хэвээр хадгалах, морфем угшлыг нь хадгалах, хэрэв авиаг нь зөв гаргаж чадахгүй бол уг үгийн гарал үүслийг хадгалах, адил төстэй байдал байвал орлуулах, уламжлал баримтлах гэх мэт. Эдгээр шаардлагыг нэгэн зэрэг бүгдийг нь гүйцээх бололцоо бараг үгүй. Дамдинсүрэнгийн шинээр зохиосон орос кирилл үсгийн дүрэм нь араасаа орос хэлний галиг шууд дагуулж ирэв. Гэтэл алтай язгуурын залгамал бүтэцтэй монгол хэл, энэтхэг-европ язгуурын орос хэл хоёр нь авиа хэллэг төдийгүй бүтэц найрлагын хувьд ядахнаа төстэй байдал нь ч тун ховор. Ялангуяа гадаад үгийг өөр рүүгээ галиглахад авиа дуудлага нь шал өөрөөр тусна. Тэмдэгтийн дуудлага нь ихэнх тохиолдолд хоорондоо таарахгүй. Нэгэнт Сталин кирилл үсэгт шилжихийг “зөвшөөрсөн” болохоор (“БНМАУ-ын бичиг үсгийг монгол цагаан толгойноос орос цагаан толгойд шилжихэд татгалзахгүй. Сталин” гэсэн захидал байдаг. Монголоос хэн ингэж санал явуулсныг Сталин “зөвшөөрсөн” юм бол?) Засгийн газрын зөвлөх гэгдэх Приходов, Сидоров нар хэдийгээр монгол хэл огт мэдэхгүй боловч Дамдинсүрэнгийн ажлыг байнга шалгана. Чойбалсан нэг удаа Дамдинсүрэнг ажлаа хийж дуусах дөхөх үед нь дууджээ. Өрөөнд нь Цэдэнбал, Зөвлөлтийн сургагч нар хамт байна. Эрдэмтэн дүрмээ танилцуулаад эхэлтэл оросууд “хатуу, зөөлний тэмдэг хаана байна?” гэж асуулаа. Монгол хэлэнд энэ нь огт хэрэггүй гэж хэчнээн тайлбарлаад нэмэр болсонгүй. Өөрийг нь дэмжих болов уу хэмээн удирдагч нар руугаа хартал “Эдний хэлснээр болъё” гэцгээсэн аж. Орос хэлний бүх үсгийг бүтнээр нь ав гэж шаардсан учир Дамдинсүрэнгийн хасахаар товлосон хатуу зөөлний тэмдэг, щ, жаран нэгийн и зэрэг тэмдэгтүүд бүрнээрээ орж иржээ. Ингээд орос үсгийн 33 тэмдэгт дээр “ө”, “ү” үсэг нэмж 35 болгоод монгол кирилл үсэг зохиогдлоо. 1945 онд насанд хүрэгчдийн 20 хувь нь шинэ үсэгт тайлагдсан байна. 1950 оноос бүх албан бичгийг кирилл үсгээр шийтгэх шийдвэр гарлаа. Энэ үед хүн амын 62,4 хувь нь бичиг үсэгт тайлагджээ. 1956 онд 13-44 насны хүмүүсийн 90,5 хувь нь бичигтэн болжээ[i].


1960 оны байдлаар 10 мянган хүн тутмаас 1375 нь ямар нэг сургуульд суралцаж, үүнээс 72 нь дээд, 95 нь тусгай мэргэжлийн, 1240 нь ерөнхий боловсролын сургуульд хамаарч байлаа. Хожим Монгол улсыг богино хугацаанд нийтээр бичиг үсэгтэн болсон хэмээн ЮНЕСКО онцлон шагнасан байна.


Ийнхүү нүүдэлчид түүхэндээ анх удаа нийтээр бичигтэн боллоо. Үсэг оросчлох хөдөлгөөнд Өвөр Монголыг мөн хамааруулахаар Бээжин шийджээ. Энэ үед Монголын нэрт эрдэмтэн Бямбын Ринчен Хрущёв болон Мао Зэдунд захидал бичсэн байна. Тэрээр уламжлалт бичиг үсгийг сольсон нь сталинизмын хэлмэгдүүлэл мөн гээд ялангуяа монгол бичигтэйгээ үлдчихээд байгаа өвөр монголчуудын бичгийг сольж хэрэггүй гэж уриалсан байна[iii]. Ринченгийн захидал шууд нөлөөлсөн эсэх нь бүү мэд, юутай ч Өвөр Монголд уйгар бичиг хэвээр хадгалагджээ. Өөр бичиг үсэгтэй өвөр монголчууд ба Монгол улсын монголчууд мөн л угсаатны хувьд салж эхлэв. Харин Монгол улсад нэгдсэн нэг шинэ бичгийн хүчээр халх, буриад, ойрд нар угсаатны хувьд улам ойртон ижилслээ. Үүнд сонин хэвлэл, радио, зурагт радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.


ПАГВА БИЧИГ


Улсын багш Пагва ламаар Хубилай цоо шинэ дөрвөлжин бичиг зохиолгуулсан. Үүнийг нь хятадын бичгийн хүмүүс ил далдаар эсэргүүцэн хяхсан юм. Иймээс ч Мингийн үед бичгийн дурсгалыг нь ч устгажээ. Дөрвөлжин бичиг нь монгол хэлд зориулсан эд биш. Энэ бол үндэстэн болгон, хэл болгонд тааруулсан дундын галиг юм. Олон үндэстний улс захирч байсан тэрээр үндэстэн хоорондын ялгааг ойртуулах гэж ийм зүйл санаачилсан байж болох юм.


Чингис хаан үндэстний нэгдсэн танигдахуун үгүй, бие даасан олон овог аймгийг нэгтгэж нэг үндэстэн үүсгэсэн. Хубилай үүний жишгээр эзэгнэсэн газраа үндэсний нэгдсэн танигдахуунтай болгох гэж мөрөөдөж байсан байж болох.


Хэт том өргөн уудам нутагт маш олуулаа амьдрах хятадуудын дунд хэлний маш олон аялга гарч цааш үржиж байсан тул аман яриагаар байтугай бичгээр ойлголцохгүй байдалд хүрчээ. Ханз нь дүрс тэмдэглэгээ учир авиаг илэрхийлэхэд янз бүрийн ханз хэрэглэдгээс болж хүндрэл гарчээ. Тэр дундаа Юань гүрэн нь маш олон үндэстнийг нэгтгэсэн учир дундын галиг бичиг зайлшгүй хэрэгцээтэй болсон юм. Иймээс Пагва ламын зохиосон дөрвөлжин бичиг нь галиг үсэг болой. Энэ нь орчин үеийнхээр хэл болгон өөрийн латин галигтай болсонтой утга нэг юм. Дөрвөлжин бичгээр монгол, солонгос, хятад, уйгар зэрэг олон хэлээр бичсэн бичгийн дурсгал цөөнгүй үлдсэн. Солонгосын Чосон династийн үед Сэйжон хааны оруулж ирсэн хангүл хэмээх авиан бичиг нь дөрвөлжин үсгээс үүдэлтэй гэж үздэг.[iv]


БОСОО МОНГОЛ БИЧИГ


Монгол бичиг босоо болсон шалтгаан нь нэг “ганц шийдвэр” биш, харин уйгур бичиг өвлөгдөх үед хэл, бичгийн чиглэл, хэрэглээ, соёлын орчны нийлбэр үр дүн юм. Согд бичиг нь өөрөө баруунаас зүүн тийш хэвтээ бичиг. Монголчууд XIII зуунд уйгур бичгийг авахдаа хэвтээ бичгийг зүгээр хуулж аваагүй, харин 90° эргүүлсэн. Босоо бичиг нь баганаар уншихад тохиромжтой, тэмдэглэгээ, тамгатай хослоход цэгцтэй.


Монголчууд уйгур бичгийг шууд хуулж аваагүй, өөрийн төрийн хэрэглээнд тохируулсан. Хэвтээгээр бичих бололцоогүй, зөвхөн дагнан босоо болгосноор энэ бол уйгур биш, “монголын бичиг” гэсэн ялгарал бий болгожээ.


Мэдээж босоогоор бичиж бас болдог хятадын бичгийн шууд бус нөлөө байсан байж болох юм, учир нь монголчууд: Хятадын захиргааны системтэй харилцаж байсан. Тиймээс босоо чиглэл “танил” формат байж болох магадлалтай.


Монгол бичиг босоо болсон гол шалтгаан нь, уйгур бичгээс өвлөсөн ч тэрийгээ буцалтгүйгээр 90 градус эргүүлсэн, Морьтон амьдралын практикт илүү тохирсон, Захиргаа, бичгийн хэрэглээнд цэгцтэй, Соёлын ялгарал бий болгосон, мөн зарим талаар хэсэгчлэн бусад босоо бичгийн орчны нөлөөтэй.


Монгол бичгийн үсгүүд нийлж бичигддэг болсон шалтгаан, мөн кириллд шилжих үеийн логик нь хэл шинжлэл, түүх, улс төрийн хэд хэдэн давхар хүчин зүйлтэй холбоотой. Уйгар, согд бичиг нь гар бичмэлд зориулагдсан “урсгал бичиг” байсан. Тиймээс үсгүүдийг салангид бус, холбож бичих нь хурдан, тасралтгүй бичихэд тохиромжтой. Монгол бичиг нь дээрээс доош, зүүнээс баруун чиглэлтэй босоо бичиг. Ийм системд үсгүүдийг холбоход гарын хөдөлгөөн жигд болж, үсгийн хэлбэр байнга уялддаг. Монгол бичигт нэг үсэг хүртэл эхлэл, дунд, төгсгөл гэх 3 өөр хэлбэртэй. Энэ нь үсгүүдийг хооронд нь “залгаж урсгах” шаардлагаас үүссэн. Товчхондоо энэ бол гоёл чимэглэл биш, харин гар бичмэлд хурдан, тасралтгүй бичих технологийн шийдэл аж.


Монгол Улс 1940-өөд онд кирилл үсэгт шилжсэн. Үүний ард цэвэр хэл шинжлэлийн биш, голчлон улс төр, бас боловсролын бодлого байсан юм.


1.Боловсролыг хурдан түгээх. Кирилл үсэг нь 1 тэмдэгт = 1 авиа зарчимд илүү ойр. Сурахад хялбар, бичиг үсэг тайлагдал хурдыг нэмнэ гэж үзсэн.


2.ЗХУ-ын нөлөө. Монгол улс тухайн үед ЗХУ-тай маш ойр холбоотой байсан. Кирилл үсэгт шилжих нь ЗХУ-ын боловсрол, хэвлэлийн системтэй нийцэх давуу талтай байж.


3.Хэвлэх, техник хэрэгслийн асуудал. Кирилл үсгийг хэвлэх машин, номын үйлдвэрлэлд ашиглахад хялбар. Монгол бичгийн нийлмэл урсгал хэлбэр нь тухайн үеийн хэвлэлийн технологид хүндрэлтэй байсан.


4.Стандартчилал. Монгол бичиг олон янзын хувилбартай, дүрмийн зарим зөрүүтэй байсан. Кирилл нь илүү стандартчлагдсан, нэг мөр дүрэмтэй гэж үзсэн.


5.Гол ялгаа. Монгол бичиг гар бичмэлд зориулсан “урсгал, холбоос төвтэй систем” бол кирилл бичиг нь хэвлэл, боловсрол, стандартчилал төвтэй “тасалсан үсгийн систем” юм.



Баабар 2016.06.01