Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудынхаа хүүхдүүдийг аав, ээжийнх нь ажилтай танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон төлөөлөгчид зочин хүүхдүүддээ Хүүхдийн баярын мэнд хүргэж, НИТХ-ын танхимтай танилцуулснаас гадна Ажлын албаны зүгээс “Хүүхэд бүр аз жаргалтай” хүүхэлдэйн тоглолт сонирхуулж, хүүхдийн өрөө, номын сангаа танилцуулсан юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын төлөвлөгөө”-нд “Төрийн болон хувийн байгууллагад хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-аар тусгасан. Энэ хүрээнд НИТХ-ын албан хаагчдын бага насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн өрөө, 10-аас дээш насны хүүхдүүдэд зориулсан номын санг тохижуулж, ашиглалтад оруулаад байна. Үүний үр дүнд ажилтан албан хаагчдын сэтгэл ханамж, ажлын бүтээмж нэмэгдэж, ажил үр бүтээлтэй байх, хүүхдүүдийг хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх тохиолдолд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжоор хангаж, хүүхдийн эрх, болзошгүй эрсдэлээс хамгаалсан орчныг бүрдүүлсэн юм.








Даваа - 06 сарын 01,
2026
Сэтгэгдэл0