sonin.mn

Монголчууд эрт дээр үеэсээ гол ус, булаг шандаа тэр тусмаа эхийг бохирдуулахыг ихэд цээрлэдэг эрхэм нандин уламжлал өнөөдөр зах зээлийн шуурганд үгүй болсныг яалтай билээ. Зөвхөн Монгол оронд усны асуудал ийм хүндхэн байдалд ороод байгаа төдийгүй дэлхий нийтээрээ усны асуудал ялангуяа ундны цэвэр усны нөөц жил, сар, өдрөөр хомсдсоор байна!


Усны хангалттай нөөц дэлхий даяар 10-15 жилийн туршид л хүрэлцэх хэмжээтэй байгаа талаар ОХУ-ын ШУА-ны Усны Хүрээлэнгийн захирал Виктор Данилов-Данильян мэдэгдсэн талаар РИА Новости мэдээлжээ. Тухайлбал, Европ тивийн хэсэгт усны нөөц 2030 он гэхэд эрс хомсдоно гэжээ. Тэрбээр одоо хэрэглэж байгаа усны 70 хүртэл хувийг газар тариалангийн усалгаанд хэрэглэж байгаа. Хүнсний өсөн нэмэгдэж байгаа хурдацтай хэрэглээг хангах зорилгоор усыг газар тариаланд маш их хэмжээгээр хэрэглэдэг. Харин хөдөө аж ахуйд зарцуулах ус ойрын ирээдүйд ховор болно хэмээн НҮБ-д илгээсэн илтгэлдээ онцолжээ.


Хамгийн гол нь усны хэмжээнээс гадна усны чанарын асуудал ирээдүйд хамгийн их санаа зовоох асуудал болох юм. Өнөөдөр зарим орны хэрэглэж байгаа ундны ус маш муу чанартай байгаа төдийгүй ирээдүйд хэрэглэх боломжгүй болох хүртлээ муудах магадлал байгаа аж. Ойрын үед усыг цэвэршүүлэн, ундны ус болгоход маш их хөрөнгө, мөнгө шаардлагатай болох нь тодорхой байгаа юм.


Манай улс нийт ус хэрэглээний 80 орчим хувийг газрын доорхи усны нөөцөөс хангадаг. Хүн амын 30,8 хувь нь төвлөрсөн цэвэр усны системээс, 24,8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 35,7 хувь нь ус түгээх цэг, худгаас, 9,1 хувь нь булаг шанд, гол горхи, цас мөсний усыг унд болон ахуйн зориулалтаар л хэрэглэдэг. Хүн амын ундны ус болон ахуйн хэрэгцээнд жилд 90,5 сая метр куб, үйлдвэрт 222,3ус хэрэглэж, 60 гаруй хувь нь буюу 200 орчим сая метр куб бохир ус гаргадаг. Yүний 40 орчим хувийг механик болон биологийн аргаар цэвэрлэж, үлдсэн хувийг байгальд шууд хаядаг. Энэ бол бидний уудаг усанд химийн янз бүрийн хорт бодис шууд шингэсээр байгаагийн тод жишээ. Манай оронд нийслэл хотоосоо эхлэн газар бүрт ус бохирдсоор байна!


Нэг сая хол давсан хүн амтай нийслэл Улаанбаатар хотын ундны болон хэрэглээний усны нөөц, эх ундаргыг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол ойрын таван жилийн дотор нийслэлчүүд усны хомсдолд ороход бэлэн болжээ. Газар нутаг нь цөлжиж, амьдрах нөхцөлгүй болсон нутгийн иргэд төрсөн нутгаасаа дайжиж нийслэл Улаанбаатар хотын хүн амыг 10 гаруй жилийн дотор хоёр дахин өсгөлөө.

Өнөөдөр Улаанбаатар хотыг XXI зууны орчин үеийн хот гэхээсээ нутгаасаа дайжсан хүн ам бөөгнөрсөн хуаран болчихоод байна. Монгол Улсын нийт хүн амын тал нь болох нэг сая 200 мянга хол давсан иргэд нь дөрвөн уулын дундах 470 хавтгай дөрвөлжин км нутаг дээр шавааралдан оршин суух болсон. Цэвэр, бохир усны ямар ч сүлжээ байхгүй ил задгай хөрсөндөө бохир бүхнээ шингээдэг гэр хорооллоор хотын газар нутгийг дүүргэсэн нь ойрын ирээдүйд ямар аюул нүүрлэхийг таах аргагүй юм.

Гэтэл нийслэлийн гэр хорооллын 700 мянга гаруй оршин суугчид нүхэн жорлонг хэрэглэсээр байна. Хөрс, шорооны шүүлтэд л найдаж бохир усаа өөрөөсөө хялбар аргаар холдуулах гэсэн хамгийн стандартын бус болхи арга. Гэр хорооллынхны хэрэглээнээс гардаг энэ бохир ус Улаанбаатарын газрын хөрсөн доорхи цэвэр усны нөөцийг бохирдуулах аюул нэгэнт бий болоод байна. Өнөөдөр гэр хорооллын болон зуслангийн хашаануудын хоёр талд 5-6 метрийн зайд нүхэн жорлон, гүний худаг байх жишээтэй.

Бодит байдал ийм байхад бид ямар ус хэрэглэж байгаа гэдэг нь тодорхой. Нийслэлийн хөрсний энэ бохирдол нь ундны усанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар ямар ч тодорхой судалгаа хийгдээгүй бөгөөд хүний эрүүл мэндэд ямар хор уршиг учруулах нь өнөөдөр тодорхой бус. Харин энэ асуудлыг яг одооноос анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол хэдэн жилийн дараа бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эрсдэл дагуулахыг энэ зовлонг амсч байгаа Энэтхэг зэрэг олон орны жишээ харуулж байгааг бид мартах ёсгүй.


Улаанбаатар хотын нийт хүн амын долоон хувь нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй булаг шандны баталгаагүй усыг хоол унд, ахуйн зориулалтаар хэрэглэдэг. Yүнээс гадна орон сууцны ус хэрэглээний манайд мөрдөж байгаа нормоор нэг хэрэглэгч дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн усны хэрэглээнээс хоёр дахин их ус хэрэглэдэг нь нөгөө л үрэлгэн, харалган бодлоготой шууд холбоотой. Тиймээ, монголчууд «Чандмань эрдэнэ» болсон усыг «гомдоож» бас «уйлуулах» болсон олон жишээг манай орны газар бүрт харж болно. Сүүлийн 20 жилд нутаг усныхаа ширгэж алга болсон гол, нуур, сайртсан булаг шандыг тоолоод барахгүй!

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ"