sonin.mn
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөх хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм  зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.  “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийг урьж, ярилцлаа.
 
-Орон нутагт өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил ид өрнөж буй энэ цаг үед тантай ярилцаж байна.  Өвөрхангай аймгийн хувьд өвөлжилт ямар болох төлөвтэй байгаа вэ. Энэ тухай яриагаа эхлэх үү?
 
-Өвөрхангай аймгийн хэмжээнд зуншлага харилцан адилгүй байна. Манай аймгийн говийн бүсийн сумд болох Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд зэрэг газарт хур бороо бага, зуншлага тааруу байлаа.  Ялангуяа Баянгол, Төгрөг сумын малчид отор нүүдэл хийх хэмжээнд газрын гарц муу байгаа. Ер нь 2019 оноос  эхлээд манай аймгийн говийн сумдад малын тоо толгой нэлээд буурсан. Тухайн үед 2000 орчим өрх отор нүүдэл хийж байсан. Одоо 500 орчим өрх Дундговь, Төв, Дорноговь, Булган аймагт оторлож байна.  Энэ жил ганцхан Өвөрхангай аймаг гэлтгүй улсын хэмжээнд зуншлага тааруу байсан учраас ирэх өвөл, хавар цаг үеийн нөхцөл байдал амаргүй байж мэдэхээр байна. Цаг хүндэрсэн үед өвс, хивэг тэжээлийн үнэ өсдөг асуудал бий.   Тиймээс орон нутгаас 2022 оныг “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарласан.  Энэ хүрээнд орон нутгийн өмчит “Өв агро” компанийг байгуулж, орон нутагтаа малын тэжээл, хивэг үйлдвэрлэх зорилт тавин ажиллалаа. Ногоон тэжээл, хивэгний тодорхой нөөцтэй боллоо. Орон нутгийн өмчит “Өв агро” компанийг зарим хүн төр хувийн хэвшлийн ажлыг хийж, тэдэнтэй өрсөлдөж байна гэж шүүмжилдэг.  Тийм биш  л дээ.  Цаг үед хүндрээд ирэхээр хувийн хэвшлийнхэн маань өвс тэжээлийнхээ үнийг хэт нэмдэг асуудал бий.   Тэгэхээр энэ компанийг байгуулснаар  үнийн хэт хөөрөгдлийн асуудлыг тодорхой түвшинд барих бодлого хэрэгжиж байна. Энэ нь цаад талдаа олон малчдын эдийн засгийн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг юм.  Мөн өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн нэг ажил маань малчид өөрийн өвөлжөө, хаваржаандаа ногоон тэжээл тариалдаг болсон. Энэ жил 600 гаруй өрх хамрагдаж, ногоон тэжээлээ хурааж авсан байна. Энэ бол малчдын эдийн засагт хэрэгтэй, мал аж ахуйн салбарт том дэвшилтэй ажил болсон.
 
-Аймгийн Засаг дарга гэдэг  нэр хүндтэй  ч нөгөө талдаа их хариуцлагатай ажил. Таны хувьд ямар зарчим, жанжин шугам баримтлан ажиллаж байна вэ?
 
-Иргэдийн өмнө амласан амлалт, хийж хэрэгжүүлнэ гэсэн зорилго зорилтдоо хүрдэг байх нь  чухал.  Тэр л зарчмаар аливаа асуудалд хандаж, үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Гэхдээ мэдээж хэрэг бүх хүний сэтгэлд 100 хувь нийцэж ажлаа хийдэг хүн гэж хаана ч байхгүй.  Хэн нэгэнд жаахан сэтгэл дундуур санагдвал цахим орчинд өөр өөрийн сэтгэгдэл, өнцөг байр сууринаас хандаж, шүүмжлээд эхлэх үе бий.  Шүүмжилж байгаа тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ асуудалд жаахан бодитой хандах хэрэгтэй. Баримт, нотолгоотой зүйл тавих хэрэгтэй гэж боддог.  Миний хувьд мөрийн хөтөлбөрт туссан аймаг орон нутаг, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаа шийдэхийн төлөө бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилладаг. Засаг даргын ажлыг авсны дараагаас цар тахлын амаргүй үе таарсан.  Өнөөдөр бид цар тахлын хүндрэлээс бүрэн гарч чадаагүй байна.  Өнгөрсөн хугацаанд олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдсэн.  Үйлдвэрлэгч орон биш учраас үүний ачаа нь иргэдийн нуруун дээр шууд тусч байна.   Энэ байдлаас гарахын тулд Монгол Улс үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй.  Бид өнгөрсөн хугацаанд бүх зүйлээ гаднаас аваад сурчихжээ.  Үүнийгээ бид хөгжиж байна, болж байна гэж харж явж ирсэн байна.  Саяны цар тахал үнэхээр улс орон, аймаг орон нутаг хөгжсөн үү, бид улсын хэмжээнд юу хийж чадах юм гэдгийг бодитоор харууллаа.  Барилгын салбарынхан маань гэхэд ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авч байна.  Хил гааль хаагдаад бүгд зогсонги байдалд орсон. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байдалтай байна. Улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлууд маань ч удааширлаа. Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал хүндэрсэн гэдгийг  мөн харлаа.  Уг нь иргэд маань ийм сайхан газар нутагтайн хэрэг юу билээ.  Хашаандаа хүнсний ногоогоо тариалж, өөрсдийнхөө хэрэгцээг хангачихдаг баймаар байна.   Ногооны үнэ өслөө гээд хэн нэгнийг шүүмжлээд суух асуудал биш юм гэж бодогдсон шүү.
 
-Орон нутгийнхаа хөгжил дэвшлийг та том зургаар хэрхэн хардаг вэ.  Өвөрхангай аймаг ямар давуу талаа түшиглэн хөгжих боломжтой вэ?
 
-Манай аймаг газар зүйн тун ашигтай байрлалтай. Баруун чиглэлийн хоёр том улсын чанартай авто зам Өвөрхангайн төв болон Хархорин сумаар дайран өнгөрч байна. Энэхүү авто зам дагасан хөгжлийг онцолж болно. Аялал жуулчлалын салбар маань цар тахал гайгүй болохоор сэргэнэ гэдэг хүлээлттэй байна.  Мал ажуйн салбар маань эдийн засагт давуу тал бий болгож байна.  Тэгэхээр мал ажуйдаа түшиглэсэн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэхэд анхаарна. Өнгөрсөн хугацаанд бид ноос угаах үйлдвэр, төрийн болон хувийн хэвшлийн дөрвөн мах боловсруулах үйлдвэртэй болсон. Арьс шир боловсруулах үйлдвэр ч бий.  Ер нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүддээ нэмүү өртөг шингээж гадны зах зээлд гаргах бүрэн боломж бүрдсэн. Харамсалтай нь,  хил гаалийн асуудлаас болоод махаа, арьс ширээ гадагш гаргаж чадахгүй байна.  Тэгэхээр энэ салбарын хөгжил зөвхөн нэг аймгаас хамаарч буй асуудал биш юм.  Цаашлаад Монгол Улсаас хамаарч буй асуудал ч биш боллоо. Томоохон улс орнуудын бие биедээ тавьж байгаа хориг саад, татварын бодлого тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Нөгөө талаар, бид үйлдвэрлэгч олон болох зорилтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх цаг үе иржээ.  Монгол Улс БНХАУ-аас орж ирдэг данбаоли,  ОХУ-аас орж ирдэг дрож байхгүй бол талх нарийн боовоо ч хийж чадахгүй байдалтай байна.  Тэгэхээр ер нь бид хөгжиж байгаа юм уу. Юу хийж чадаж байна гэдгийг дахин өөрсдөөсөө асууж дүгнэлт хийхээс өөр аргагүй болжээ.  Бүх салбарт үйлдвэрлэгч болох бодлого дутагдаж байна. 
 
-Улс орны хувьд уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар нь болдог.  Үүнийгээ дагаад асуудалтай зүйл олон байна.  Та орон нутагтаа уул уурхайн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
 
-Манай аймагт 2000 оноос уул уурхайн үйл ажиллагаа эхэлсэн. Тэр үед Уянгын алтны уурхай гэж томоохон уурхай нээгдсэн.  Одоогийн байдлаар энэ уурхайн бүх нөөц ашиглагдаад дууссан.  Албан ёсны зөвшөөрөлтэй,  “А” лицензтэй гурван аж ахуй нэгж өөр өөрсдийн талбайд  нөхөн сэргээлтээ хийгээд үйл ажиллагаа явуулдаг.  Бусдаар бол аймгийн хэмжээнд уул уурхайд хөндөгдсөн газар бага. Одоогоор говийн бүсийн сумд болох Төгрөг, Гучин-Ус чиглэлд нефтийн хайгуул хийгдэж байна. Монгол Улсын тэргүүлэх чиглэл болох газрын тосны салбарыг түүхий эдээр хангах асуудал ярьж байгаа учраас энэ хайгуулын үйл ажиллагааг зөвшөөрсөн.  Энэ асуудлыг орон нутгийн иргэд маань ч ойлгож, дэмжих хэрэгтэй, дэмжих ёстой.  Энэ бол улс орны том эрх ашиг гэж харж байна.  Цаашид газрын тосны нөөц илэрвэл үйл ажиллагаа үргэлжлэх байх, нөөцгүй бол зогсоно. 
 
-Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ямар томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?
 
-Энэ салбарт хэд хэдэн асуудал бий.  “Жаргал үздэггүй 60 км” зам гэж манай Өвөрхангайхан ярьдаг.  Энэ замын бүтээн байгуулалтын ажил маань сүүлийн арав гаруй жил яригдлаа. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард төсөл сонгон шалгаруулж, замын ажил ерөнхийдөө эхэлсэн. ЗТХЯ төслийг сонгон шалгаруулсан.  Гэрээний хугацаагаар 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно.  Иргэд маань 60 км замыг ямар удаан барьдаг юм гэж шүүмжилж байна. Үүнийг буруутгах аргагүй.  Гэхдээ Монголд зам барилгын ажил үсрээд л таван сарын хугацаанд явагдаж байна.  Бид аль болох нь шахаж ажиллаж байна.  Энэ сард гэхэд гол замаа нээх төлөвлөгөөтэй байгаа. Дараагийн нэг том бүтээн байгуулалт нь  Арвайхээр, Хархоринд хийгдэж байгаа эрчим хүчний дэд бүтцийн шинэчлэлийн асуудал байна. Дэлхийн банкнаас хэрэгжиж байгаа төсөл.  Мөн л ялгаагүй барилгын салбарт үүссэн бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь удааширсан асуудал бий.  Мөн 2010 оны үеэс яригдсан дулааны станцын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ оны сүүлчээр тоног төхөөрөмж нь орж ирвэл угсралтын ажил эхэлж, 2024 онд аймаг маань дулааны асуудлаа бүрэн шийдэх юм.  “Жаргал үздэггүй 60 км” зам маань ашиглалтад орж, эрчим хүчний асуудал маань ч шийдэгдэнэ.
 
-Засаг даргын бүрэн эрхийн хугацаа тань тал дундаа орж байна. Өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажлыг хэрхэн дүгнэх вэ. Цаашид ямар зорилго чиглэлтэй ажиллах вэ?
 
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал ярьсаар өнгөрлөө. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлаа бүрэн хийчих юм сан гэсэн хүсэл эрмэлзлэл байна. Намайг сайн муу ажилласан гэдгийг би дүгнэхгүй. ИТХ, орон нутгийн иргэд маань дүгнэх болов уу. Муу ажилласан бол хариуцлагаа үүрнэ, сайн ажилласан бол дахин итгэл хүлээлгээд явдаг  дүрэмтэй.  Аймагтаа дээр хэлсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна тээвэр ложистикийн төв байгуулах зорилго бий. Мөн Өмнөговь, Дундговьтой холбосон босоо тэнхлэгийн автозамыг барьж байгуулах, Тавантолгой- Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 вольтын цахилгаан дамжуулах дэд станцын төслийг эхлүүлэх зорилготой ажиллаж байна. Манай аймаг одоогоор зөвхөн Булганаас цахилгаанаа авдаг.  Энэ чиглэлд ямар нэгэн гэмтэл үүсэхэд л тэр чигээрээ цахилгаангүй болох эрсдэлтэй.  Харин Тавантолгой-Мандалговь-Арвайхээр чиглэлийн дэд станцыг барьчихвал дахиад нэг эх үүсвэртэй болох юм.   Дараагийн нэг томоохон ажил нь Орхон-Онги-Оюутолгой гэсэн төсөл. Энэ төсөл хэрэгжчихвэл манай аймагт маш их хэрэгтэй.  Орхон голын бүтэн жилийн урсацын ердөө нэгхэн хувийг ашиглаад Онгийн гол руу нийлүүлж чадвал Онгийн голын урсац хэзээ ч татрахгүй.  Энэ голын сав дагуу байгаа малчдын маань мал аж ахуй, хажуугаар нь газар тариалан эрхлэх  асуудал шийдэгдэнэ.   Цаашлаад энэ төсөл маань Дундговийн Улааннуурт хүрч, говийн бүсийн экосистемийг сайжруулах давуу талтай том бодлого юм даа.
 
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин