sonin.mn

АНУ-ын NBCU телевиз Азийн соёл, урлагийг сурталчлах сарын аян (AAPI Heritage month)-ыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяны хүрээнд Азийн шилдэг кинонуудаас сонгон шалгаруулалт хийсэн байна. Улмаар тус телевизийн суваг болон цахим платформ дээр Монголын найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” уран сайхны киног олон нийтэд хүргэх хүсэлтийг Монгол Улсын Соёлын яаманд уламжлаад байгаа ажээ.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулсан “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Шилдэг кино”-гоор “Хөхөө” шалгарсан юм. Мөн уг дэлгэцийн бүтээлийн ерөнхий найруулагч Ж.Жамъянсүрэнг наадмын “Шилдэг найруулагч”-аар тодруулсан билээ. “Хөхөө” уран сайхны киног Оросын нэрт зохиолч В.Распутины “Сүүлчийн амьсгал” туужаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд албан ёсны зохиогчийн эрхтэй бүтээл юм.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин