sonin.mn

КАНАВЕРАЛЫН ХОШУУ, 2025 оны хоёрдугаар сарын 28 /VOA/. Америкийн дуучин Кэти Перри, хөтлөгч Гэйл Кинг нар Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес болон өөр гурван эмэгтэйн хамт сансарт нисэх гэж байна. 

Ж.Безосын “Blue Origin” пуужингийн компани дан эмэгтэй алдартнуудаас бүрдсэн сансрын жуулчдын багийг пүрэв гарагт танилцуулжээ. Техасын баруун хэсгээс хөөрч, 10 минут үргэлжлэх нислэгт оролцох хүмүүсийг хөлгийн нисгэгч, телевизийн сэтгүүлч асан Л.Санчес сонгосон байна.



Тэд энэ хавар “New Shepard” хөлгөөр сансарт нисэх ба нислэгийн товыг одоогоор зарлаагүй байна.




“Blue Origin” компани 2021 оноос хойш жуулчдыг сансарт богино хугацаагаар нисгэж байгаа юм. Зарим зорчигч үнэ төлбөргүй нисдэг бол зарим нь жингүйдлийг мэдрэхийн тулд их хэмжээний мөнгө төлдөг байна. Удахгүй хийх нислэгийн төлбөрийг хэн төлсөн нь тодорхойгүй байна.




Л.Санчес дуучин К.Перри, хөтлөгч Г.Кинг, мөн НАСА-гийн пуужингийн эрдэмтэн асан Айша Боу, судлаач Аманда Нгуен, кино продюсер Керианна Флинн нарыг нислэгт урьжээ. Энэ нь “Blue Origin”-ы жуулчдыг сансарт илгээж буй 11 дэх нислэг болох юм. 

 

Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг