sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 28 /Reuters/. Холокостоос амьд үлдсэн хамгийн өндөр настай хүн болох Роуз Жироне таалал төгссөн талаар Нью-Йорк хотод төвтэй “Claims Conference” байгууллага пүрэв гарагт мэдэгджээ.

Польшид 1912 онд төрсөн Р.Жироне даваа гарагт нас барсан тухай Холокостын хохирогчдод нөхөн олговор олгодог ашгийн бус байгууллага нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. CNN телевиз түүнийг Нью-Йорк дахь асрамжийн газарт нас барсан гэж мэдээлжээ.




Р.Жиронегийн охин Реха Бенникаса ярихдаа "миний ээж хүчтэй, тэсвэр тэвчээртэй эмэгтэй байсан бөгөөд хамгийн аймшигтай нөхцөл байдалд ч гэсэн хамаг хүчээрээ хичээдэг байсан" хэмээн дурссан байна. Берлин дэх Израилын Элчин сайдын яам мэдэгдэхдээ, түүний амьдрал нь тэсвэрлэн давах хүч чадлын илэрхийлэл байсан” гэжээ.




Р.Жироне өнөөгийн Польшийн Янов хотод төрсөн бөгөөд тухайн үед тус хот Германы бүрэлдэхүүнд байсан юм. “Claims Conference”-ын мэдээллээр, тэрбээр 1938 онд нацистууд Герман даяар еврейчүүдийг хоморголсон ажиллагааг явагдах үед эр нөхөр Юлиус Манхаймын хамт Германы Бреслау буюу одоогийн Польшийн Вроцлав хот руу нүүжээ. Нацистууд сүмүүдийг галдан шатааж байхыг нүдээр харсан байна. 




Нацистууд нөхрийг нь баривчилсны дараа найман сартай жирэмсэн Р.Жиронег Бухенвальдын хорих лагерь руу илгээжээ. Хожим нөхөр нь суллагдаж, хос хоёр 1947 онд Нью-Йоркт суурьшихаасаа өмнө Хятадын визээр Шанхай руу зугтаж байжээ. Тэрбээр 1948 онд нөхрөөсөө салж, дараа нь Жек Жиронетэй гэрлэсэн байна. Тэрбээр Америкт сүлжмэл эдлэлийн дэлгүүр нээжээ. Нацизмын үед туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар Р.Жироне олон нийтэд дэлгэн ярьдаг байлаа.

Холокостоос амьд үлдсэн 220 мянга орчим хүнээс 14 мянга орчим нь Нью-Йоркт амьдардаг гэж “Claims Conference” мэдээлжээ. Р.Жироне нас барсны дараа Миржам Болле одоо Холокостоос амьд үлдсэн хамгийн өндөр настай хүн болж байна. Нидерланд гаралтай Израилын иргэн тэрбээр ирэх гуравдугаар сарын 20-нд 108 нас хүрнэ.


 

Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг