sonin.mn

“Нефть” гээч энэ шингэн түлш хэзээ, хаанаас гарч ирсэн эд вэ? Ямар ид шидтэй болоод дэлхийн эдийн засгийг улс төртэй нь тодорхойлоод байдаг вэ? Энэ асуултад эрхбиш хариулт өгчих зорилгоор дэлхийн дэвсгэр дээр дор тайлбарлая:


Ерөөсөө “Нефть” бол дэлхийн эдийн засаг, стратегийн гол амин судас, эмзэг асуудал. Хүн төрөлхтөний түүх үндсэн гурван их давалгааг (үечлэл) дамжин хөгжсөөр өнөө хүрсэн гэх онол баруунд хүчтэй түгжээ. Үүнд:


1. Эхнийх нь давалгаа 10 000 жилийн тэртээ эртний хүй нэгдлийн үеэс хөдөө аж ахуйн хувьсал, хувьсгалаар (хүнс, хүнсээ болгож идэх) эхэлжээ. Энэ үйл явц иргэншлийг бий болгожээ.

2. Хоёр дахь нь аж үйлдвэрийн хувьсгалаар 300 гаруй жилийн тэртээ эхэлж, хот төвтэй их иргэншлүүдийг бий болгож, дэлхийгээр тархжээ.

3. Эдүгээ гурав дахь давалгааны үе, мэдээллийн цахим нийгэм, технологи, эдийн засгийн эрин үе явж байна. Энэ үед хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээ дуусгах гэж байна. 


ХХ зуун бол бүхэлдээ хөгжлийн зуун байв. ХХ зууны II хагас бол сүүлийн 500 жилийн хөгжлөөс олон дахин давсан хөгжлийн их хурдны хагас зуун байв. Аж үйлдвэржсэн, шинээр аж үйлдвэржсэн, хөгжиж буй, буурай, нэн буурай улс орны зааг ялгаа, ангилал энэ үед бий болсон. Хөгжлийн формац шинэчлэгдсэн. Хувьцааны, валютын, нефтийн зэрэг дэлхийн гурван том зах зээл төлөвшиж, дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал бүхий нэгдсэн сүлжээ бий болжээ. 


Дэлхийд эдийн засгийн III хувьсгал ХХ зууны II хагаст тохиож, дэлхий дахины хөгжлийн хандлага, олон улсын дэг журам, олон улсын харилцааны агуулгыг өөрчилжээ. Энэ бол мэдээллийн аж үйлдвэрийн хувьсгал байв. Аж үйлдвэрийн эхний хувьсгал нь бүр XVII зуунд мануфактур үүссэнээр Британи хошуучилж, XIX зуунд АНУ-д нефть олборлож эхэлснээр үүссэн аж үйлдвэрийн II хувьсгал дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлж байв. Эндээс л гарчигт өгүүлэх нөгөө нефть маань хөвөрч өгнө. 


Та бидний сайн мэдэх түүхээс үзвэл дэлхийн хоёр их дайн бол ангийн тэмцлийн агуулга гэхээсээ илүүтэй, дэлхийн баялаг, нөлөөний хүрээг дахин хуваах, түүний дотор нефтийн ордуудын төлөөх тэмцлийн түүх болж үлдсэн юм. Өнгөрсөн их дайны их тулаанууд: Румыныг агаараас, газраас дайрсан, Румыныг алдахгүй хэмээн нацистууд үхтлээ чармайсныг марташгүй. Сталинградын тулалдаан бол зөвхөн нефтийн төлөө дайн байсан юм. Чухамдаа эдийн засгийн агуулгатай цус урсгасан тулаан тэнд л явагджээ.  


Өнөө үе рүү авч яривал нефтийн 5 том хямралыг бид үзээд байх шиг байна. Эхний дөрөв дээр улс төрчид, эрдэмтэд санал нэгдсэн. Тав дахийг нэмэгдэнэ гэсэн битүү таамаг түгээмэл байна. Бүр 6 дахь хямрал нь Трампын өнгөн дээр дэгдэхээр байна. Ингэхэд ямар 6 хямрал вэ? Үечлэн тайлбарлая.

1. 1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, “Их 7” буюу “G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ. 

2. 1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнөдийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй.

3. 1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервэнц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнөдийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу. Дээр нь Чеченийн нэг ба хоёрдугаар дайныг нэмбэл хоёр зууны зааг дээр нефтийн төлөөх дайн тасралтгүй өрнөж байсныг бэлхнээ харж болно.

4. 2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нурааснаас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азийн гортиг дотор 4 дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр “Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн зах зээлд гарч ирсэн. Мөн энэ үетэй давхцаад Венесуэлд “нефтийн улс төр”-өө гялалзуулсан. Одоо ч гялалзаж байна. 

5. 2014 онд Украины Крым “сайн дураараа” Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин-Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд–нефтийн үнийг хэргээр унагаснаас хойш 5 дахь хямрал дэгдээд байв.

6. Эдүгээ Орос-Украины дайныг дуусгах нэг гол нөхцөл нь нефтийн үнийг унагах, буулгах, тэгснээрээ дайных нь санхүүжилт болдог гол сувгийг хаах тухай Трамп тулгаад уриалаад эхэллээ. Украин нь 2024 оны хавраас хойш Оросын нефтийн баазуудад агаараас цохилт өгөөд ирсэн ба хэрэв ОХУ дайнаа зогсоотлоо нефтийн үйлдвэрлэл, худалдааны хямралд автвал Трампын санаа зөвтөж таарна. Ираныг ч мөн ийм байдлаар номхотгож магадгүй байна. Ираны нефтийн байгууламж, бааз руу томхон цохилт өгчихвөл гарцаагүй 6 дахь том хямрал болж түүхнээ орно.   


Эдүгээ зөвхөн нефть гэгчээс үйл лай нь урган гарсан ард түмнүүд ганц нэгээр тогтохгүй буй болжээ. Эхлээд Ирак, Афган дахь “гадныхны халдлага”-ыг нэрлэе. Эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй энэ хоёр ард түмэн хийгээд тэдний урагшгүй удирдагчдын тухай бус, эсвэл “терроризм” гэгч нэр хаяггүй нэгэн “дайсан”-ы тухай бус, харин тийм халдлагыг нөхцөлдүүлэгч тэр эдийн засгийн орчны (үнэндээ нефтиэс өөр юу ч биш) тухай яривал илүүтэй үнэнд ойртохоор юм. Ерөөсөө өнөө биш ч, ойрын жилүүдэд Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азид дэлхийн баялгийг дахин хуваах, тэндхийн орон зайг эзэгнэхийн төлөө их гүрнүүдийн тэмцэл дэгдэх нь гарцаагүй гэх дүгнэлт геополитикчдоос түгээмэл сонсогдох болжээ.    



Өнөөгийн гээд буй тэр хямрал бол: Баруун буюу Бага Ази–Төв Ази–Өмнөд Азийн гурвалжингийн хоорон дахь зурваст өрнөж буй. Эл мөргөлдөөн нь нефтийн төлөөх “Өрнөд”, түүний ясны эсэргүүцэгч “Лалын” ертөнцийн тэмцлийн орон зайд тохиож байна. Энэ тэнхлэгийг нэгтгэн цагариган тойрог гэж тооцвол: 


1. Хямралын голомт буюу хамгийн их нефтьтэй, эсвэл түүнд хүрэх дөт зам бүхий район нь өнөөдөр Ирак, Иран, Сири, Афганистан байна. 

2. Хоёрдугаар тойрогт хойшоо шинэ Дундад Ази, мөн Каспи ба Кавказ, өмнөшөө Кашмир, Каргил, баруун этгээдэд Газар дундын тэнгис, Сири, зүүн тийшээ Шинжааныг оролцуулсан асар том тойрог буюу нефть тархах, түгээх, тээвэрлэх маш их орон зай байна.


Гадуурхи тойрогт хойшоо Умард Кавказ-Ижил-Урал, барууншаа Бага Ази-Турк, өмнөшөө Энэтхэг, зүүншээ Өвөр Ази гэсэн тэнхлэг дээр дэлхийн эдийн засгийн их өрсөлдөөн төвлөрнө гэсэн үг юм.       


Персийн булан–Каспийн тэнхлэгийн байгалийн баялгийн нөөц хийгээд түүний стратегийн ач холбогдол барагдашгүй юм. XIX зууныг хүртэл эндхийн бүс нутгийг Ойрхи ба Дундад Дорнодод харьяалуулж байсан нь газар зүйн талаасаа зөв хуваарилалт байв. Энэ хуваарийг эхлээд Орос, Британи хоёр эвдсэн ба “газрын тос” гэж гайтай, хөнөөл дагуулсан тэр шингэнийг олж нээсний дараа Перс-Каспийг “Дэлхийн түүхий эдийн томхон агуулах” гэж нэрийддэг болжээ.

  

Эдүгээ дэлхийн (АНУ, Хятад, Британи, Япон, Франц, Герман гэх мэт) болон бүс нутгийн (Орос, Турк, Иран, Пакистан, Энэтхэг) гүрнүүдийн сонирхол өсч, нөлөө нь идэвхжсэн энэ бүс нутагт хандивлагчид тэрбум тэрбумаар нь тийшээ доллар хуваарилаж, бас цэрэг-зэвсэг, цэргийн эвсэл бүлэг мундахгүй ихээр төвлөрүүлжээ. Зөвхөн Каспийн зүүн эрэгт гэхэд л жилдээ 40 сая тонн нефть, 90 тэрбум шоо метр шатдаг хий, 90 сая тонн чулуун нүүрс гаргадаг гэсэн багцаа тойм тоо бий. Энэ бол тэндхийн эдийн засгийн ач холбогдлыг нь илтгэх ганцхан үзүүлэлт болов уу. 

 

Каспи, Персийн булан ингэхэд монголчууд биднээс дэндүү хол оршдог тул хэвлэлээр их сурталдах нь бодит бус хэмээн намайг зэмлэж болно. Ингэхэд Монголд маань ямар гарц бий вэ? Ашиг, чанар нь хэр байдаг юм бүү мэд, эрхбиш нефтьтэй л юмдаг. Харин хэрэглээ гэвэл нэг сая рүү дөхөж яваа энэ их автомашиныхаа шатахууныг тооцоолоход дэндүү ахдахаар юм.


Ойрхоны гарц юу вэ? Алс Дорнодод “Сахалин-1” ордоос нефтийг нь Япон импортоор авч байсан, одоо яасныг мэдэхгүй. ОХУ нь Японд нефть эскпортлогч 6 дахь улс болж чадсан ба Японд экспортлогч-Индонез, Оманыг ардаа орхиж байсан. “Марубэни”, “Мицуи”, “Мицубиси”, америкийн “Экссон-Мобил” нефтийн компаниуд лав Сахалин руу орчихсон байсан, Украин дахь дайны өмнөх ил баримт. “Сахалин-2” ордоос Япон нь жилдээ 8 сая тонн нефть, 16 тэрбум шоо метр шатдаг хий авах тооцоо дээхнэ хийгдсэн байсан. “Сахалин-1”- ээс жил тутам 20 тэрбум шоо метр хий олборлох, Сахалин-Хоккайдо-Хонсю тэнхэлэгээр жилдээ 78 тэрбум шоо метр хийг хоолойгоор дамжуулж хангах, эдгээр ордоос Өмнөд Солонгос, Тайвань, мөн Хятадын үлэмж хэсгийн хангалт хийгдэх нь бодитой гэж үздэг.


Өөр нэг баримт. Энэ бол Азийн ажил хэрэгч хүмүүсийн амны уншлага болчихсон жижүүрийн хэллэг юм. Ирэх 20 жилд Хятад нь эрчим хүчний хомсдолд орж, хүндхэн асуудалтай тулгарна. Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй нефтийн хэрэглээг хангах боломжгүй болж магад. Тэр үед, хожим хойно Ойрхи Дорнод, Каспи, Сахалины баялгийг шударгаар хуваах, шударга үнээр хамтран эзэмших шаардлага тавьж болзошгүй. Иймэрхүү таамаг бодит зүйл болон хувирахад хэдхэн алхам дутуу гэж судлаачид үздэг. Яагаад гэвэл Оросыг (нөгөөх Сахалиныг тооцъё) эс тоовол Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд эрчим хүчний нөөцөө аль хэдийнээ шавхаж дуусчээ. Модоо баригчдын жагсаалтад баян тансаг Хятад өөрөө нэмэгдэн орж ирэхийг үгүйсгэхгүй. Нэгэн цагт нефть шатдаг хийгээр гайхуулж явсан Индонез импортлогчдын эгнээ рүү шилжиж буй. Брунейн их нефть, хий нь тэрбумтан Султаныхаа эрх ямбанд хангалттай хүрэлцэх боловч гадагшаа бүс нутгийн эрчим хүчний хомсдолд юу ч болохгүй. Энэ гачлан нефтийн асар том хэрэглэгч Энэтхэгт нэгэн адил тулгарч буй. Энд тэндгүй хомсдол үүсч эрчим хүчний хямрал дэгдсэнийг далимдуулан Орос нь нефтиэ хангалттай зараад авсан ба харин Трампын өнгөн дээр хэцүүдэж мэднэ. Гэхдээ одоо Оросын зовлон биш, Персийн булан–Дундад Дорнод–Каспийн нефть, байгалийн хийн төлөө урьд өмнө үзэгдээгүйгээр ширүүн өрсөлдөөн дэгдэх тухай сэрэмжлүүлэг дэлхийн хэвлэлүүдэд олонтаа тааралдаж байна.    


Хятадын эрчим хүч, түүхий эдийн хэрэгцээ шаардлага байнга өсч, Персийн булан-Каспийг (зам зуурхи Төв Ази) сонирхох бүү хэл том тоглогчоор тийшээ явж орчихлоо. АНУ-НАТО нь Афганистанд хахуульд идэгдсэн дэглэмийг нь тогтоон барих гэж, лалын мухар сүсэг, хар тамхины тариалалттай нь тэмцэх гэж 20 жил үхэлтэй нүүр тулан байлдаад эцэст нь орхиж гарсан. Гэтэл Хятад нь Талибантай аль хэдийнээ үгсчихсэн, Афганистанд хэд хэдэн ордыг эзэмшин уул уурхайг цэцэглүүлсэн ба Афганы хойд нутгааc нефть олборлон Хятад руу газраар зөөвөрлөдөг маршруттай болжээ. Африкт мөргөлдөөний голомт болсон, иргэний дайнтай хэд хэдэн улсад Хятад нь эрсдэлээс ажралгүй хөрөнгө оруулсан нь дан уул уурхайн олборлолтын салбарууд байх юм. 


Америкийн үндэсний ашиг сонирхол нь нефть олборлолтын өргөн бүс нутаг байж ирсэн, Трампын өнгөн дээр нефтиэс гадна газрын ховор элемент нэмэгдэхээр байгаа бол Хятадынх нь ганц нефть бус Афганы зэс, Оросын хий, Саудын нефть, Монголын нүүрс гээд цаашаа өргөн хүрээг хамарна. Ингэснээр дэлхийн олон бүс нутгийн улс төрийн тогтвортой байдлыг АНУ, түүний өрнөд дэx холбоотнуудтай зэрэгцэн Хятад гарцаагүй сонирхоно. Энэ сонирхол нь ойрын ирээдүйд Монголд маань асар их боломж гаргаад ирэх юм биш биз? 




Д.Баярхүү