Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XII ээлжийн бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын арга хэмжээ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн жагсаалын талбайд боллоо.
Тус арга хэмжээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг оролцон, XII ээлжийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргалд Монгол Улсын Төрийн далбааг гардуулсны зэрэгцээ аян замын ерөөлийг бэлгэдэж хадаг, мөнгөн аягатай идээг өргөн барьлаа.

Энэ үеэр бригадын генерал С.Дашзэвэг цэргийн багийн бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ, "Тэднийг сахилга баттай, гар нийлэмжтэй ажиллаж Монгол Улсын Төр засаг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэхийг захиж, дэлхий дахиныг түгшээж буй цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаагаа үргэлж санан ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахин ажиллах ёстой" хэмээн онцлов. Үүний дараа цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал "Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад цэрэг, улс төрийн байдал тогтворгүй, дэлхий нийтийг хамарсан цар тахлын болзошгүй аюул оршин буй хэдий ч бид монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, сахилга бат, тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвараараа Төр засаг, цэргийн дээд удирдлагаас үзүүлсэн итгэлийг алдалгүй хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол морьтон цэргийн удам, баатарлаг залуусын маань цог, хийморь нь мөнхөд бадарч, монгол цэргийн өлмий бат орших болтугай" хэмээн ерөөгөөд тус ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Амар амгалан албаа сайн хаагаад өөрсдийнхөө эрүүл мэндэд онцгой анхаараад сайн яваад ирээрэй.. Монгол цэргийн яруу алдар улам бадарч байхын өлзийтэй сайхан ерөөл өргөн дэвшүүлье
MONGOL DAICH DAA TA BYGD MONGOL GEDEG NERIIG ONDORT ORGOJ ALBAA AMJILTTAI DYYRGEED EX ORONDOO ERYYL SARUUL IRGEJ IREEREI
Эд нар монголд дугаар нэг хөрөнгө оруулагчид