sonin.mn

Найман жилийн өмнө "Киви" нэртэй гурван өөр төрхийг агуулсан хамтлаг урлагийн ертөнцөд хөл тавьж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Хамтлагийнханд даль жигүүр хайрласан продюсер Б.Ангирмаагийн заавраар тэд богино хугацаанд өөрсдийн орон зайг рок попын тавцанд бүрдүүлж чадсан билээ. Тэгвэл "Киви"-гийнхэн найман насны төрсөн өдрөө тэмдэглэхээр зэхэж байна. Энэ цаг үеийг тохиолдуулан хамтлагийн ахлагч Д.Уламбаяртай удахгүй хийх тоглолтынх нь талаар ярилцсанаа хүргэе.

-"Киви" хамтлагийг тоглолтоо “ зай талбай ихтэй газар хийнэ гэж бодож байлаа. Гэтэл хэдхэн хүний багтаамжтай газар хийхээр болжээ. Яагаад тэр вэ?

-Танай нийт уншигчдад "Киви" хамтлагийн өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Хамтлаг найман жилийн ойгоо ирэх сарын 1,2-нд "I loft function house"-д үзэгч, сонсогчидтойгоо тэмдэглэх гэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш дуулсан хит дуунуудаа дуулахаас гадна төрсөн өдөртөө зориулсан шинэ цомгийнхоо уран бүтээлээс хүргэхээр бэлтгэсэн. Бидний тоглолтод ирсэн үзэгчид шинэ уран бүтээлийн маань хамгийн анхны сонсогчид байх болно. Түүнээс гадна би өөрийнхөө "I"m in love" цомогт багтсан дуунаас дуулна. Харин тоглолт болох "I loft function house"-ийг бид ярилцаж байгаад сонгосон. Хамтлагийнхаа 10 жилийн ойг нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн учраас энэ удаагийн уулзалтаа багахан хүрээтэй зохион байгуулахаар болсон. Тэгээд ч юу хийснээ тайлагнахгүй бол бүтээсэн зүйлүүд маань орхигдоод байгаа юм шиг санагдсан л даа. Тиймээс багахан хэмжээнд ч гэсэн уран бүтээлийнхээ тайланг тавья гэж бодсон юм. Дээр нь сонсогчид "Яагаад тоглолтоо хийхгүй байгаа юм" гэсэн санал тавьсан нь уулзалт зохион байгуулахад их нөлөөлсөн. Бас бидэнтэй найман жилийг өнгөрүүлсэн үзэгч, сонсогчдыгоо баярлуулъя гэж бодсон юм. Бидний тоглолтыг "G mobile" корпораци ивээн тэтгэж байгаа. Тиймээс бидний уузалтад ирсэн зочдод бэлэг гардуулна. Мөн дуучин Б.Мишээл эгч тоглолтод оролцож уран бүтээлээ толилуулна.

-Төрсөн өдөртөө зориулсан цомог хэдийд сонсогчдод хүрэх вэ?

-Цомгоо ирэх оны нэгдүгээр сард хэвлэлтэд явуулах төлөвлөгөөтэй байгаа. Харин одоогоор цомогтоо нэр өгч амжаагүй байна. Ер нь үзэгч, фэнүүдийнхээ сонсох дуртай дууг оруулж, санал хүсэлтийг харгалзан цомгоо бүтээсэн. Тиймээс үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Энэ цомгийн дууг тултал нь тавиад сонсоход дуугаралт нь гайхалтай болсныг мэдэрнэ. Цомгийнхоо хөгжмийн сүүлийн тохиргоог дэлхийн стандартын төвшинд АНУ-д хийлгэсэн учраас хөгжим бүрийн дуугаралт цэвэрхэн, сайхан сонсогдох байх.

-Бүжигчин, дуучин, загвар өмсөгч Таны хувьд хамгийн хийх дуртай зүйлийг тань сонирхмоор санагдлаа?

-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Дуртай ажлаа хийж хоолоо олох нь надад хайрласан бурхны бэлэг. Миний хийж байгаа бүхий л зүйл намайг өөрийнхөөрөө байхад тусалдаг. Хүссэн зүйлээ хийж байгаа болохоор хэцүү зүйл байдаггүй. Ер нь бол хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг шүү.

-Та бүгдийг хүссэнээрээ уран бүтээл туурвихад ая зохиогч Б.Ангирмаагийн ач тус, нөмөр нөөлөг дэм өгсөн болов уу?

-Биднийг уран бүтээл туурвихад олон зүйл нөлөөлдөг. Бидэнтэй алхам тутамд учирч байгаа хүн бүр урам, дэм хайрладаг. Тэдний нэг нь продюсер Б.Ангирмаа багш маань юм. Хамтлагийн уран бүтээлийг хүмүүст хүргэхээс эхлээд зөв хүн болоход хүртэл багш маань тусалсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Б.Ангирмаа гэдэг хүн бидний хувьд багш, ээж, найз шиг минь л байсан. Одоо ч гэсэн бидний уран бүтээлийг сонсогчдод хүргэхийн төлөө үнэтэй зөвлөгөө өгсөн хэвээрээ байгаа.

-Багшдаа гомдох үе гарна биз?

-Хүн л юм хойно гомдох үе гаралгүй яахав. Бүх зүйл сайн сайхан байна гэж үгүй. Гэхдээ хэн нэгэнд гомдоод яваад байвал өөрийнхөө ертөнцийг бусниулна. Тиймээс хэцүү зүйл тохиолдох үед өөртөө "Би живж болохгүй. Эндээсээ гарах ёстой" гэж хэлдэг. Тэгээд хаана сайхан зүйл байна, тэр газарт байхыг хичээдэг дээ.

-Та эрч хүчтэй харагддаг. Гэхдээ хүн юм чинь ганцаардах үе гардаг байх?

-Ер нь ганцаардах үедээ л ганцаардах хэрэгтэй. Хүн ганцаардлаас өөрийгөө олдог гэж боддог юм. Би ганцаардлаас юу хүсч байгаагаа мэдэрдэг. Тиймээс тэр үед ганцаараа байхыг хичээдэг.

-Зарим үед хүн өөрийгөө толинд хараад дургүй хүрэх үе гардаг. Танд тийм үе гарч байв уу?

-Тийм үе байлгүй яахав. Гэхдээ өөрийгөө хараад дургүй хүрэхгүйн тулд үргэлж сайхнаар толинд харахыг хүсдэг. Эцэг, эх маань ийм сайхан бие, зүс царай хайрласан байхад үүнийгээ сайхан байлгахын төлөө өдөр бүр тэмцэх хэрэгтэй. Үүний тулд өөртөө юу хэрэгтэй, болохгүйг мэддэг байх нь чухал.

-Бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Багадаа хүмүүсийн инээхийг харах дуртай хүүхэд байсан. Бас өөрөө гэрийнхнийхээ анхаарлын төвд байхыг хүсдэг хүүхэд байжээ. Ээж, аав хоёртоо ямар нэгэн шинэ зүйл хийж сурснаа гайхуулдаг онгироо хүүхэд байсан шүү /инээв/.

-Ээж тань Танаар их бахархдаг. Уран бүтээлч хүний хувьд ээждээ ямар бэлэг барьж байв?

-Үнэндээ өөрийнхөө сэтгэлд хүртэл ээжийгээ баярлуулснаа санахгүй байна. Ээжийнхээ ачийг хариултал баярлуулж чадаагүй гэж боддог. Гэхдээ ээжтэйгээ ярих болгондоо хайртайгаа хэлдэг. Харин өөртөө "Би ямар ч байсан зөв явах ёстой. Тэгвэл ээж маань сэтгэл хангалуун байна" гэж хэлдэг юм. Манай ээж эрч хүчтэй хүн. Би ер нь ээжийгээ дууриасан хүн. Хэн хүнээс илүү залуу сэтгэлгээтэй, хүн бүрт туслахыг хүсдэг, дандаа гэгээлэг зүйлийг үр хүүхдэдээ хэлдэг гээд ээжийнхээ тухай ярибал дуусахгүй. Үр хүүхэд бидэндээ "Ийм юм өвдөж байна" гэж хэлж ч үзээгүй хүн шүү дээ. Гэхдээ хааяа үүнд нь айх үе гарна. Ээжийнхээ ямар нэг зүйлийг мэдэхгүй өнгөрчих вий дээ гэж боддог. Надад эрч хүч хайрладаг ээж маань намайг дандаа дэмждэг юм.

-Тэгвэл ээж тань Танд урам хайрладаг юм байна?


-Ээжээсээ байнга урам авдаг.

-Хамтлагийн ахлагчийн үүрэг хариуцлага их байдаг уу?

-Хамтлагийн ахлагч гэлтгүй өөрийнхөө оролцож байгаа бүхий л зүйлд үүрэг хариуцлагаа хамгийн түрүүнд тавьдаг. Юу хийх ёстой вэ, хэн нэгэн битгий сэтгэл дундуур байгаасай гээд бодох зүйл их бий. Биднийг үзэж байгаа хүмүүс уран бүтээлийг минь мөнгө төлөөд үзэж байгаа болохоор хамтлагийн үүргээ юун түрүүнд тавих ёстой. Тийм болоод ч тэрүү хариуцлага алдах дургүй. Мөн хамгийн эрэлттэй хүн байхыг хичээдэг. Ер нь миний ордны хүмүүс ийм зан чанартай байдаг юм шиг санагдсан.

-Та загварын тайзан дээр хэд хэдэн удаа гарсан. Загвар өмсөгчидтэй зэрэгцэн алхах ямар санагдав?

-Загвар өмсөгчийн хувиар тайзан дээр алхах завшаан надад олдсон. "Урлах эрдэм" загварын товчооны шоу, Малайзад зохион байгуулсан үнэт эдлэлийн үзүүлбэрийн үеэр тайзан дээр гарч загвар өмсөгч охидтой алхсан. Үнэхээр сонирхолтой байсан шүү. Би загварын сувгуудыг үзэх дуртай болохоор тэр гайхалтай моделиудын алхааг хардаг. "Урлах эрдэм"-ийн шоунд оролцох үеэр топ модель Э.Одгэрэл эгч надад үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Намайг сандраад байна гэхэд "Зүгээр ээ Ука. Амьсгаагаа гаргаад чи өөрийгөө энэ хорвоо дэлхий дээрх хамгийн сайхан эмэгтэй гэж бодоод, өөртөө итгэлтэй алх" гэсэн. Тэр үг одоо болтол тайзан дээр гарахын өмнө дандаа бодогддог.

-Загвар зохион бүтээгч Катя Та хоёр ихэр юм шиг харагддаг. Яг л эгч дүүс шиг?

-Бид хоёр өөр шүү дээ. Үсний өнгө бид хоёрыг адилхан харагдуулдаг байх. Гэхдээ л ярилцаагүй мөртлөө бид хоёрын санаа нийлж, тохиролцоогүй хэрнээ нэг өдөр адилхан хувцас өмсчихдөг юм. Өмнө нь ярилцаагүй мөртлөө олон зүйл дээр санаа нийлдэг гээд бод доо. Катягийн дотоод ертөнц нь үнэхээр гайхалтай. Миний найзад үлгэр дууриал авахаар чанар олон бий. Катя удахгүй шоугаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоо Малайзад хувцсаа урлаж байгаа даа. Бид хоёр жилийн өмнө "UK fashion house" нээсэн. "UK" гэдэг нь бид хоёрын нэрний эхний үсгүүд байгаа юм.

-Та дуучин Б.Мишээлийн цомгийн стилистээр ажилласан. Цаашдаа энэ чиглэлээр ажиллах уу?

-Ажиллах бодол бий. Гэхдээ тодорхой хүрээнд. Ер нь стилист амар ажил биш юм байна. Б.Мишээл эгчийн цомогт ажиллаад олон зүйл сурсан. Түүнтэй хамтарч ажиллахад гайхалтай санагдсан шүү.

-Таныг бие даасан уран бүтээл хийж эхлэхэд "Киви" хамтлаг тарлаа гэсэн яриа гарсан. Ер нь яагаад ганцаараа уран бүтээл хийхээр болсон юм бэ?

-Миний цомог бол манай хамтлагийн ажлын нэг хэсэг. Түүнээс биш өрх тусгаарлаагүй шүү дээ. Анх продюсер Б.Ангирмаа эгчид би бие даасан уран бүтээл хийх санал тавьж, өөрийнхөө хийхийг хүсч байгаа зүйлээ хэлсэн. Тэгээд л Б.Ангирмаа эгч миний саналыг хүлээн авч цомгийнхоо ажилд орсон. Намайг цомог гаргаж байх хугацаанд Агий, Намуунаа хоёр боловсролоо дээшлүүлээд ирье гэсэн яриа байсан. Тэгсэн үүнийг хэн ч хаанаасаа ч сонсчихдог юм бүү мэд манай хамтлагийг тарлаа гэсэн мэдээлэл гарах болсон. "Киви" хамтлаг тарахгүй, уран бүтээлээ хийсээр байх болно.

-"Киви" хамтлаг найман нас хүрлээ. Цаашдаа хэчнээн жил урлагтай холбогдох бол?

-Бид өдөр бүр маргаашаа бүтээж байгаа. Тиймээс хугацаа зааж ингэнэ, тэгнэ гэж хэлэхгүй. "Киви" хамтлагийн дууг сонсдог хүмүүс байгаа цагт бид байсаар л байх болно.

-Таны олимпийн аварга Э.БадарУугантай авахуулсан зураг интернэтэд тавигдсанаас хойш хүмүүс өөр өөрсдийнхөөрөө сэтгэгдэл бичих болсон. Олимпийн аваргатай ямар холбоотойг тань асууж болох уу?

-Э.Бадар-Ууган манай эрэгтэй дүүгийн сургуулийн найз л даа. Би тэднийг сургуульд байхад нь урлагийн үзлэгийг нь бэлтгэж өгдөг байлаа. Дүүгээ олимпийн аварга болсонд нь их баярладаг, бахархдаг.

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: unen.mn