sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 3.3 жилдээ (1160 өдөр шөнө) орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдэл, Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Валерий Залужныйн ярилцлага, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскийн мэдэгдэл зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Трамп АНУ-д засгийн эрхэнд гарсан биш Путины унтарсан сэтгэлийн дотор гэрэл гэгээ тусч, алан хядсан террорист дайнаасаа хуурай, нэр цэвэр (ялагдсан шившиг нь ялалт болж хувирна), бүр хожоотой (Украины нутаг дэвсгэрийг дээрэмдэж сална) гарах юм шиг зураглал оросуудад буужээ. Трамп ч болохоосоо болохгүйг нь хүртэл үзэж байна. Оросуудад горьдлого төрүүлэх боловч түүнийгээ зориглоод хийчихгүй, эргэж буцсаар.


Элч төлөөлөгчөө шал дэмий Москва руу илгээсээр. Хамгийн сүүлийн баримт Ватиканаас онцлоё. Зеленскийтэй ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа Трамп ингэж мэдэгджээ:


–Путинд энгийн иргэдийг пуужингаар харвах ямар ч шалтгаан байхгүй. Тэр дайныг зогсоох хүсэлгүй, зүгээр л намайг хуурч байж магадгүй гэсэн бодол надад төрлөө. Түүнтэй банк санхүү, хоёрдогч хориг арга хэмжээ зэргээр харьцах ёстой юм болов уу гэж бодоход хүргэлээ. Тэгж л зохицуулах ёстой юм шиг байна гэжээ. Оросын эсрэг томхон хориг босч ирэх юм биш байгаа, Трампын яриагаар? Орос нь Украины эсрэг ийм дайн өдөөсөн шалтгааныг өнөө хүртэл Трамп ойлгохгүй яваа. Хариулт бол маш тодорхой. Оросын суртал ухуулгад тархиа угаалгадаг хүмүүст бол НАТО зүүн тийш өргөжин тэлснээс болсон, Украин НАТО-д элсэх гэсэн гэдэгт Орос тэвчээрээ бараад дайн өдөөсөн гэх байх. Харин Өрнөдийн өнцгөөс бол ерөөсөө Оросын нүдэн дээр илээр эрх чөлөөт Украин улс сэргэн мандах нь диктатор Путинд таалагдаагүй. Таалагдаагүй учраас “нацист” гэж оношлоод давшаад орсон, одоо цуст намганд армиараа гацаад сууж байна. Гэхдээ цаад утгаараа бол бол энэ нь түүний дарангуйлалын төгсгөл үе. Эзэнт гүрний хажууд эрх чөлөөт улс хэзээ ч байж болохгүй гэснийхээ төлөө ОХУ-ын эрх баригчид, арми нь маш хүнд байдалд орчихоод, маш их өртгөөр байлдаанаа үргэлжлүүлж байна. 


Британийн цэргийн шинжээч бичжээ:


–Путин гал зогсоогоогүй, ер нь зорилго нь дайн зогсооход биш яриа хэлэлцээ бүтээгүйн бурууг Трампаар Украин руу, Европ руу чихүүлээд, Трампаар өөрөөр нь Оростой харилцаа сэргээхийг санаачлуулж, Оросын эсрэг тавьсан олон санкцаас чөлөөлүүлэхэд оршиж байна. Түүнээс бус Путин хуучин СССР-ийн нөлөөний хүрээг сэргээх стратегийн зорилгоо огт өөрчлөөгүй гэжээ. Фронтын байдлыг дор хүснэгтээс үзэж болно. Оросын өөрийнх нь хэвлэлийн мэдээ. ОХУ-ын зэвсэгт хүчний 51-р зэвсгийн агуулах бүрэн сүйрлээ гэжээ. Үүний шалтгаан нь сум, зэвсэг ачааны галт тэргэнд ачихад хайхрамжгүй хандсанаас болж шатсан. Тэнд нь 264 мянган тонн янз бүрийн сум, галт хэрэгсэл, төрөл бүрийн пуужин хадгалагдаж байсан гээд “Искандер”, “Точка-У”, “Кинжал”, “Панцир-С1”, “С-300”, “С-400”, “Град”, “Смерч”, “Ураган” бүгд шатаж дэлбэрсэн ба энэ байгууламж нь Оростоо хамгийн төвлөрсөн агаарын довтолгооноос хамгаалах системийн халхавч дор байсан хэрнээ шатчихлаа гэжээ.


Фронт. Нэг украин цэрэг бүр гайхшаа бараад телеграммд бичиж, твиттерээр ярьж байна. “Нэг байршил руу байж байгаад л гуч, гучаараа орос цэргүүд  шавааралдаж орж ирээд махан таташ болоод байх юм. Бид ч яахав эх орныхоо газар нутгийг хамгаалж байна. Үхсэн ч тэр нь гавьяа болно. Харин оросууд Та нар юуны төлөө ингэтлээ улангасч үхэл рүүгээ зүтгээд байгааг л ойлгохгүй байна. Путины явуулж буй дайны ерөнхий дүр зураг” гэжээ. ОХУ нийт 900000 цэргээ алуулж шархдуулан байлдаж байна. Үнэхээр улангасч байна. Хариуд нь НАТО-г өргөжүүлж, Украиныг цэрэгжүүлж, харин Оросын эдийн засгаа сүйрүүлж, 2022 оны 3 дугаар сард Украины нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг хяналтандаа байлгаж байсан бол одоо ойролцоогоор 19 хувь дээр үхэн хатан тогтоон барьж байна, ийм л дайн.АНУ туслахаа болино гэсэн горьдлого Кремльд амилан байна. Гэвч Европ тусламжаа зогсоохгүй. Украин цаашид ч өөрийгөө хамгаалж чадна. Оросын цэрэг татлагын 3 дахь ээлж явагдана, гэвч тоо чанар нь эрс сульдаж байна, дараа жилээс бүр ч дордоно гэж гадаадын цэргийн шинжээчид үзэж байна.

 

Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан В.Залужный ингэж ярьжээ:–Бидний энэ цаг үеийн технологийн гурван үндсэн шинэчлэл бол:


  1. Дайсанд шууд хохирол учруулдаг тактикийн дрон. Үүнд мөн хурдацтай хөгжиж буй тэнгисийн болон хуурай газрын платформууд орно.
  2. Дайсны нисэгчгүй онгоцыг эсэргүүцэх электрон байлдааны төхөөрөмж.
  3. Дайсныг эрт илрүүлэх, фронт сэтлэх зорилготой дайсны төвлөрсөн хүчийг урьдчилан сэргийлэх мэдрэгч бүхий платформууд.


Технологийн эдгээр дэвшлийн гол онцлог нь үйлдвэрлэхэд маш хямд байдагт оршино. FPV дрон нь их бууны сумны зардлын 10 орчим хувийг л эзэлнэ. Зэвсгийн үнийг ийнхүү бууруулж чадсанаараа бид тамирдуулах дайныг үр дүнтэй цааш өрнүүлэх, бас эдийн засгийн хувьд хүлээн зөвшөөрөхүйц болгож чадаж байна гэжээ.


Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский Сеймэд тун хатуухан сануулга Орост өгчээ:–Цаг хугацаа өөрчлөгдсөн. Та нар одоо энд хэнийг ч захирч чадахгүй. Киевт ч, Ригад ч, Таллинд ч, Кишиневт ч хаана ч тэр. Варшавыг дахин эзлэн авна хэмээн фантазлаж суухын оронд наад Хайшеньвайдаа (Владивосток хотын уламжлалт хятад нэр) санаа тавьж байсан нь дээргүй юү? Газар нутаг чинь Та нарт багадаад байна уу? Цагийн 11 бүс чинь бага байна гэж үү? Олон улсын хуулийн дагуу өөрийнхөө хил доторхи асуудлаа шийдвэл яасан юм бэ гэжээ.

 

“Тусгаар тогтносон Польшийн төр улс ямарваа хэлбэрээр оршин тогтнохыг Орос улс сонирхохгүй. Польш бол Украин оршин тогтнож байгаатай яг адил” гэж оросын фашист үзэл сурталч, пропагандист Александр Дугин ярьсныг сөргүүлж Р.Сикорский Сеймд үг хэлэхдээ дээрхи сануулгыг Орост хандаж хэлжээ.

 

  • Орос Варшавт санаархах эрхтэй юм бол бид ч бас Смоленскт тэгэх хууль ёсны эрхтэй. Бид тэнд ойролцоогоор 100 жилийн өмнө захирч байсан. Харин гол ялгаа нь бид тэгж хуучны түүх ухаж хэзээ ч сэтгэхгүй.
  • Орос, Украины хоорондын дайны төгсгөлийн үр дүн бүс нутагт аюулгүй байдлын түвшинг цаашдаа олон жил тодорхойлох болно.
  • Тэр үр дүн Беларусийн хувь заяаг шийдвэрлэнэ, мөн Молдова, Гүрж, Арменын хувьд европын замынх нь баримжаа болно, бас Төв Азийн улс орнуудын хувьд чухал байх болно.
  • Орос нь эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөнөөсөө татгалзаагүй цагт түрэмгийлэгчээрээ л үлдэнэ.
  • Оросын империализм бол бидний дайсан мөн. Энэ бол  Путины дэглэмийн талаархи манай өнөөгийн бодлого мөн. Өөрөөр байх арга алга хэмээн Сикорский тэмдэглээд Хятадад хандаж Украин дахь байлдааны ажиллагааг таслан зогсоох талаар дипломат чармайлтаа идэвхжүүлэхийг уриалжээ.



Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь