ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Йоханн Вадефул нар 9-р сарын 21-ний өдөр утсаар ярив.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Герман нь дэлхийн томоохон эдийн засийн цогцууд бөгөөд иж бүрэн стратегийн түншүүд юм. Өнөөгийн дангаарших үзэл болон даяаршлын эсрэг хандлагын сорилт нэмэгдэж буй нөхцөлд хоёр тал стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Хятад, Герман олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамтран хамгаалж буй эерэг дохиог дэлхий нийтэд хүргэснээр Хятад-Германы харилцааны хөгжлийн талаарх олон улсын итгэлийг нэмэгдүүлж, Хятад-Европын харилцааг хөгжүүлэхэд ч бүтээлч үүрэг гүйцэтгэх юм. Хятад, Германы харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцсэн хамтын зөв сонголт мөн. Өнөөг хүртэл хүрсэн ахиц дэвшлээ бид нандигнан хамгаалж, Хятад-Германы хамтын ажиллагааг илүү гүнзгий, бодит үр дүнтэй болгож, шинэ шинэ үр дүнд хүргэх хэрэгтэй. "Нэг Хятад"-ын зарчим нь Хятад, Германы харилцааны улс төрийн үндэс суурь юм. Герман улс Хятад, Германы харилцан итгэлцэл болон найрсаг харилцааны уламжлалаа эрхэмлэн бэхжүүлж, нэг Хятадын зарчмыг тууштай баримтлан, бодит үйл ажиллагаагаар Хятад-Германы харилцаа болон Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хоёр орны өндөр түвшний харилцаанд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна. Хятад, Европын Холбоо нь иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд Хятад, Европ худалдааны дайн хийх ёсгүй. Хятадын тал ямагт хоёр тал харилцан хүчин чармайлт гаргаж, яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар харилцан анхаарал хандуулж буй асуудлаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг дэмжсээр ирсэн. Герман улс ухаалаг, ажил хэрэгч байр сууриа хадгалж, Европын Холбооны хүрээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэн, Европын Холбоог чөлөөт худалдааны зарчмыг тууштай баримталж, ивээх үзлийг орхин, нээлттэй хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, зөвшилцлийн зөв зам баримтлахыг урагш ахиулна гэдэгт найдаж байна гэжээ.
Йоханн Вадефул хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Герман, Хятадын харилцаа сайн хөгжлийн эрчээ хадгалсаар ирсэн. Герман улс Хятадын талтай өндөр түвшний харилцаа холбоогоо цаашид улам нягтруулж, Герман, Хятадын Засгийн газар хоорондын шинэ шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулан, эдийн засаг, худалдаа зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Герман, Хятадын харилцааны түвшнийг тасралтгүй дээшлүүлэхийг хүсэж байна. Герман улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд энэ байр суурь өөрчлөгдөхгүй юм. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд олон шинэ аюул занал, сорилт тулгарч байна. Хятад улс олон улсын болон бүс нутгийн асуудлаарх өөрийн нөлөө, үүргээ ашиглан Герман улстай хамтран шийдэл эрэлхийлнэ гэж найдаж байна. Герман улс Европын орнууд болон Хятад яриа хэлэлцээний замаар санал зөрөлдөөнөө зүй зохистой шийдвэрлэхийг дэмжиж байгаа бөгөөд энэ үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэсэн байна.
Г.Бямба
Лхагва - 09 сарын 23,
2026
Сэтгэгдэл0