Олон улсын роботын холбооноос удахгүй нийтлэхээр төлөвлөж буй статистик мэдээллээс авч үзэхэд 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 7000 хүн дүрст робот борлуулсан байна. Энэ тоонд зөвхөн аж үйлдвэрийн болон мэргэжлийн үйлчилгээний салбарт ашиглагдсан хүн дүрст роботууд багтсан бөгөөд хэрэглээний зориулалттай, цэргийн болон эмнэлгийн роботуудыг оруулаагүй аж.
Ройтерс агентлагийн 9-р сарын 21-ний өдрийн мэдээлснээр, Олон улсын роботын холбоо сүүлийн 30 орчим жилийн турш уламжлалт аж үйлдвэрийн робот болон үйлчилгээний роботын зах зээлийн мэдээллийг цуглуулж, нийтэлж иржээ. 2025 оны холбогдох мэдээллийг 24-ний өдөр нийтлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ удаа тус холбоо анх удаа хүн дүрст роботын борлуулалтын хэмжээг тусгайлан нийтлэх гэнэ. Тус холбооны тодорхойлолтоор хүн дүрст робот нь хүнийхтэй төстэй хэлбэртэй байх ёстой. Хөлгүй байж болох ч хүмүүст зориулан зохион бүтээсэн орчинд бие даан ажиллах чадвартай байх шаардлагатай. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Сюзан Билер хэлэхдээ, 2025 онд борлуулсан хүн дүрст роботуудын олонх нь үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэхэд ашиглагдаагүй бөгөөд судалгааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд хиймэл оюуны загварыг сайжруулах зорилгоор өгөгдөл боловсруулахад ашигласан байна.
Дэлхийн роботын зах зээлд хүн дүрст роботын хөгжил дөнгөж эрчимжиж байна. Bank of America-гийн судалгааны нэгжийн таамагласнаар, хүн дүрст роботын нийлүүлэлт 2026 онд 90 мянган ширхэг, 2030 онд 1.2 сая ширхэгт хүрэх төлөвтэй гэнэ. Гэсэн хэдий ч одоогоор уламжлалт аж үйлдвэрийн болон үйлчилгээний роботууд хэрэглээний гол хэсгийг эзэлж байна. Олон улсын роботын холбооны мэдээллээр, 2024 онд дэлхий даяар уламжлалт аж үйлдвэрийн роботын суурилуулалтын тоо ойролцоогоор 542 мянгад хүрчээ. Мөн тухайн онд үйлчилгээний роботын борлуулалт ойролцоогоор 199 мянган ширхэг байсан бөгөөд тэдгээрийг голчлон тээвэрлэлт, хүлээн авалт, цэвэрлэгээ зэрэг салбарт ашиглажээ.
Г.Бямба
Лхагва - 09 сарын 23,
2026
Сэтгэгдэл0